Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 14

 

 

 

Ц.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Ялтан Ц.*******

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа, М.Алтанцэцэг, Э.Ганбат

          Хохирогч У.Хаджаргал, Б.Баярчимэг

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой Ц.*******д холбогдох 201516000228 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ц.*******, ялтны өмгөөлөгч Э.Ганбат, М.Алтанцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                  Ялтан Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, ******* булгийн******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тай маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж, чацархайн голомтлог няцрал, цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулан бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Ц.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 13 /арван гурав/ жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ы цагдан хоригдсон 494 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-R deli 4.7GB бичиглэл бүхий cd-1 ширхэг, цагаан өнгийн ANGTE DVD-R бичиглэл бүхий cd-1 ширхэг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Ц.******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Хаджаргал тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.*******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гомдол гаргах гол үндсэн шалтгаан нөхцөл нь би өөрт холбогдсон хэргийг бодит үнэнээр тогтоолгох улмаар түүндээ тохирсон ял шийтгэл, зохих хариуцлагыг авахыг хүссэн тул энэхүү гомдлыг гаргах боллоо. Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд би өөрийгөө 100 хувь зөвтгөх гэсэнгүй. Харин яагаад энэ хүний амь нас эрсдэх болов гэдэгт надад маш олон эргэлзэх зүйл байгаа юм. Би Б.*******ы амь насыг хохироочихьё гэсэн санаа зорилгыг агуулан түүний эрх чөлөөнд халдаагүй, би хүсэж үйлдээгүй байхад шууд санаа зорилгоор бусдын амь насыг хохироосон гэсэн шүүхийндүгнэлт үндэслэлгүй болсон. Шууд санаа зорилгоор бусдын амь насыг хохироосон гэх нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Тухайн үед *******ыхаас би гэрч Мөнхтөр, Батзориг нартай хамт гараад цуг явцгаасан. Энэ нөхцөл байдлыг хамгийн анхны гэрч нарын мэдүүлэг тайлбарт мэдүүлсэн байдаг. Харин сүүлд нь гэрч, хохирогч нарыг байцаасан байцаалт өөрчлөгдөж намайг эргэж ирээд *******ыг зодсон мэтээр хэргийг мушгин гуйвуулж улмаар би гэмт хэрэгтэн болоод байна. Үүнийг эрх бүхий шүүгч та бүхэн ялган зааглаж, гэрч нарын зөрүүтэй мэдүүлэг, би сандарсан, балмагдсан байсан гэх тайлбараар мэдүүлгээ өөрчилж өгсөн байгаа нь хавтаст хэрэгт тодорхой байсаар байхад шүүх үүнд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл У.Хаджаргалын олон удаагийн зөрүүтэй мэдүүлгээс яг аль мэдүүлгийг яагаад үнэлсэн нь тодорхой бус байна. Өмгөөлөгч Э.Ганбат маань шүүх хуралдаан дээр шүүх эмнэлгийн шинжээч нарын дүгнэлтүүд хэрхэн яаж гарсан, хэрэгт авагдсан олон дүгнэлтүүд хуульд нийцсэн дүгнэлт мөн эсэхэд өөрийнхөө байр суурийг илэрхийлж *******ы биед учирсан чацархайн гэмтэл нь гадны нөлөөллөөр хэрхэн үүсэх, түүнээс улбаалан бодит нөхцөл байдал буюу уг гэмтэл, миний үйлдэл хоёрын шалтгаант холбоо хэрхэн холбогдох боломж байгаа эсэх зэрэгт дүгнэлт хийж өмгөөлсөн. Өмгөөлөгчийн маань ярьсан зүйлийг шүүгч та бүхэн ахин анхааран үзэж *******ы биед учирсан гэмтэл миний үйлдэл холбогдлоос учирсан эсэхийг нягтлан үзэж өгнө үү.

Нөгөөтэйгүүр *******ы биед олон тооны гэмтэл, зулгаралт шарх үүссэн байдаг. Энэ олон тооны гэмтлийг авах үедээ тухайн чацархайн гэмтлийг авах боломжтой эсэхэд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн 07 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Э.Ганбат, М.Алтанцэцэг нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна. Ц.******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******ы биед чяцархайн гэмтэл, нарийн гэдэсний цусархаг үхжил гэмтэл учруулсан гэж үзвэл уг гэмтлийг авсны дараа эмнэлгийн тусламж авах эрхийн дагуу хохирогчийн эхнэр У.Хаджаргал 2015 оны 09 дүгээр сарын 18-ны 05 цаг 50 минутад яаралтай түргэн тусламж дуудаж 05 цаг 55 минутад их эмч Н.Эрдэнэбулган ирж үзээд гэрт нь орхиод явсан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 8 цагт Ц.******* нь хохирогч *******ыг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн бөгөөд эмч нар үзлэг шинжилгээ хийж 10 цаг 20 минутад хэвтүүлсэн. Хэвтэх үед хэвлийн ЭХО шинжилгээгээр хэвлийд сул шингэн илэрсэн боловч оношилгооны болон эмчилгээний зорилгоор хэвлийг нээх, дурандах мэс ажилбар хийгээгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 19-ний 04 цаг 55 минутад буюу эмнэлэгт ирж ЭХО шинжилгээгээр хэвлийд шингэн байгаа нь тогтоогдсоноос хойш 21 цагийн дараа мэс засал хийгдсэн нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, өвчтөний түүх, шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон.

Мэс засал хийж хэвлийг нээсэн боловч чяцархай, нарийн гэдэсний гэмтлийг оношлоогүй нь тогтоогдсон /ШШАлбаны ШД№76 тоот дүгнэлтийн 5 дахь хэсэг/ бөгөөд хэвлийг нээхэд “нарийн гэдэсний чяцаргай орчимд бага зэргийн ногоон өнгөр суусан байсан, өнгөр нь арчаад арилахгүй байсан, гэдэсний төгсгөл рүү цусан хангамж жаахан багатай байсан... /гэрч Ж.Зоригт хх-52-53/ нь нотлогдсон. Дээрх эмгэг өөрчлөлт байсаар байхад гэдсийг угаах, антибиотик эмчилгээ хийгээгүй шууд хаасан нь “хэвлийн битүү гэмтлийн үеийн оношилгоо, эмчилгээний стандарт”-ыг илтэд зөрчсөн үйлдэлд хамаарна. Гэтэл энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ “Хэвлийн битүү гэмтлийн оношилгоо, эмчилгээний стандарт”-ыг мөрдөж ажилласан эсэх, зөрчсөн бол уг стандартын ямар ямар заалтыг зөрчсөн байх, Стандарт зөрчсөнөөс ямар хүндрэл хэзээ гарсан. Эмнэлэгт ирэх үед гэдэсний үхжил, хордлого ямар үе шатандаа байсан. Хийгдсэн эмчилгээ нь уг гэмтэлд тохирсон эсэх, хангалттай эсэх, зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой асуултыг тавьж дүгнэлт гаргуулаагүй. Энэ хэрэгт эмнэлгийн тусламжийг цаг хугацаанд нь зохих ёсоор үзүүлсэн эсэхийг тогтоолгох зорилгоор хийгдсэн № 76 дугаартай дүгнэлтэнд “зохих ёсоор биелүүлсэн эсэх” асуудлыг тогтоолгоход чиглэгдсэн “оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамж”-ыг зөрчсөн эсэх тухай асуулт тавигдаагүй. Мэс заслын тусламжийн талаар Стандарт хэмжил Зүйн төвөөр “Хэвлийн битүү гэмтлийн оношилгоо, эмчилгээний стандарт” MNS2010-bir батлуулсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно. Гэтэл шинжээч эмч нарын “Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч үхнэ” гэсэн мэдүүлгийг үнэн гэж ойлгосон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна. Бодит байдлыг авч үзэхэд хохирогч *******ыг чяцархай, нарийн гэдэсний үхжилт үрэвсэлийн хордлогоор хүндэрч нас барахад хүргэсэн байх бөгөөд эмнэлэгт 21 цаг болоход 500мм NaCI- дусал хийснээс өөр хордлого тайлах эмийн эрчимт эмчилгээ огт хийгдээгүй болох нь эмчилгээний хуудсаар нотлогдсон. Шинжээч эмч нарын дүгнэлт, мэдүүлэгт дурьдсан “Үхэл 80%” гэсэн нь ямар судалгаа, эх сурвалжид үндэслэсэн нь тодорхойгүй байхад уг ойлголтыг үнэн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүйг нотолж байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 286 дугаартай дүгнэлт нь үхлийн шалтгааныг нарийн гэдэсний түгжрэл гэсэн бол 76, 562 дугаартай дүгнэлт нь нарийн гэдэсний үхжлийн улмаас хордлогонд орж нас барсан гэсэн нь зөрүүтэй байх бөгөөд үүнийг шүүх анхаарч ойлгоогүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Түгжрэл болон нарийн гэдэсний үхжил, хордлого 2 нь өөр өөр шалтгаантай байдаг бөгөөд оношилгоо, эмчилгээний стандарт нь ч өөр өөр байдаг. Нэгэнт оношилж чадаагүй тул эмчилгээний стандарт, удирдамж зөрчигдөж хүндрэл өгч, улмаар нас барах нь ойлгомжтой байхад зарим сэжигтэний үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг шүүх зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад эмч нарыг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ талаар маргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцаан өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагаас гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д заасан гэмт хэрэг хэзээ, хэрхэн үйлдэгдсэн, бусад үйлдэл гэдгийг хангалттай тогтоогдоогүй байгаа. Энэ эрүүгийн хэрэгт 2 хүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Уртнасан овогтой Батзоригийг 76 тоот дүгнэлтэд дурдагдсан тохой, өвдөг, цээжний зүүн хажуу, дух баруун нүдний зовхи, баруун түнх, зүүн мөр, зүүн өвдөг зэрэг гэмтэл тогтоогдсон хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гээд байгаа юм. Эдгээр хөнгөн гэмтлүүдийн улмаас талийгаачийн биед хүнд гэмтэл учирсан байх боломжтой эсэхийг тогтоох ёстой. Хэрвээ эдгээр хөнгөн гэмтлүүдээс хүнд гэмтэл учрах боломжтой гэж үзвэл *******ы үйлдлээс болсон эсэхийг тогтоох ёстой. *******ыг гэм буруутай байна гэж үзвэл объектив талын шууд шалтгаант холбоо байх ёстой. Үхжсэн гэдэс маань үхэлд хүргэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байхад уг үхжил нь *******ы учруулсан хүнд гэмтэлтэй хэрхэн холбогдох вэ? Дахин шинжээч томилоод өгөөч гэхэд асуулт өгөөд хариулт ирдэггүй. Хохирогч Хаджаргалын мэдүүлэгт гарч байгаа зөрүүг шүүх үнэлж нэг тийш болгох ёстой. Шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл авсан хүний 80 хувь нь үхнэ гэсэн дүгнэлт гарсан. Бид яагаад уг хүнийг  аврах боломжтой байсан юм бэ? гэдэг дээр дүгнэлт хийж болдоггүй юм бэ? Давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Э.Ганбатаас гаргасан тайлбартаа: Шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцээгүй, үндэслэлтэй гараагүй гэж үзэж байгаа.  Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн 91-р зүйлд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, бүрэлдэхүүний гол шинж болох шууд шалтгаант холбоотой байх асуудал дээр шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Хохирогчийн үхлийн шалтгаан нь *******ы үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэж байгаа боловч үхлийн шалтгаан болсон хүндрэл нь эмнэлгийн тусламж авах эрхээ эдлээгүйн улмаас амь насаа алдсанд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Ялангуяа шүүхийн хийсэн дүгнэлтэд мөрдөн байцаалтын явцад зарим шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй учир үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хуулийг зөв хэрэглэж хэргийг зөв шийдвэрлэх боломжтой эсэх зэрэгт дүгнэлт хийх ёстой. Энэ хэрэгт бид шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримт дээр үндэслээд хохирогчийн биед хувийн таарамжгүй харилцааны улмаас үүсгэсэн *******ы үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал хэцүү. Гэхдээ шүүх дүгнэлтээ хангалтгүй хийсэн гэж үзэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэсэн хэсгийн 2 дахь хэсэгт *******ы үйлдлийн улмаас амь биед нь аюултай хүнд гэмтэл учирсны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж дүгнэлт хийхдээ шинжээчийн 76, 552 тоот дүгнэлтүүдийг үндэслэсэн.  Гэтэл эдгээр дүгнэлтүүдэд 2 үхлийн шалтгаанаар хохирогчийг нас барсан гэсэн зөрүүтэй дүгнэлт байгаа. Нэгдүгээрт нарийн гэдсэнд түгжрэл үүсэн гэсэн дүгнэлт, 76, 562 тоот шинжээчийн дүгнэлтээр нарийн гэдэс нь үхжил болоод үхжилээсээ хордлогонд ороод нас барсан гэж дүгнэсэн. Чацархайн няцрал гэмтэл учирсны дарааүүссэн хүндрэлийг 2 ялгаатай дүгнэсэн. Гэтэл шүүх уг 2 хүндрэлийг хоёуланг нь дүгнэлтдээ оруулсан. Эмнэлгийн тусламж үзүүлэх боломж уг 2 гэмтлийн үүсэх цаг хугацаа, амь насыг нь аврах боломжийн хувьд хоёулаа ялгаатай. Гэтэл алийг нь 80 хувь гэж үзээд үхэлд хүргэнэ гэж үзсэн бэ? Үүнийг ялгах шаардлагагүй гэж шүүх үзсэн нь буруу. *******ы биед няцрал үүсчихээд гэдсэнд түгжрэл үүсэн гэж үзэх юм бол оношлогооны дагуу хийгдэх эмчилгээ, шинжилгээ нь юу байх байсан юм. Үүнийг хийсэн эсэх, хийсэн бол ямар хагалгаа хийх байсан талаар гаргах ёстой. Хохирогч гэмтснээс хойш 3-4 цагийн дараа эмнэлэг дээр очсон гэдэг нь нотлогдсон. Гэдэс нь үхжээд байхад ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Үүн дээр үнэлэлт өгөөгүй байж зөв юм гэж шууд үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчид ямар эмчилгээ хийх стандартыг зөрчсөн эсэхийг мэргэжлийн буюу мэс заслын мэргэжилтэнг оролцуулж дүгнэлтийг гаргаагүй. Мэс заслын эмчгүйгээр дүгнэлт гаргаж болох боловч стандартын талаар ямар нэгэн асуултыг шинжээч томилсон тогтоолд тавиагүй. Шүүх хуралдаанд оролцсон мэргэжлийн хяналтын байцаагч нийтлэг нэр томъёо хэрэглээд л стандарт зөрчөөгүй гээд байсан. Үхлээр төгссөн боломж нь алдагсан эсэх дээр шинжээч нараас хариулт авах ёстой. Гэтэл энэ хэргийн гол асуудал болсон хэвлийн битүү үеийн оношлогоо, эмчилгээний стандартын асуудлаар ямар ч дүгнэлт гараагүй. Хохирогчийн хэвлийн гэмтлийг оношлоогүй учраас эмчилгээ хийгдээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт ерөнхийдөө гарчихсан. Уг гэмтлийг аваад үзэхэд хохирогчид мэс засал хийх л байсан. Гэтэл бөөрийг нь шалгах л хагалгаа хийсэн. Шинжээчийн дүгнэлтийн ноцтой зөрүүтэй нэг асуудал бол шинжээч эмч Шүрцэцэгийн мэдүүлэг болон дүгнэлтэд *******д учирсан гэмтэл 80 хувь нь үхлээр төгсдөг, эхний үе шатандаа нүдээр харахад хэвийн харагдах боломжгүй гэсэн байгаа. Гэтэл гэрч болон хагалгаа хийсэн Зоригт эмчийн мэдүүлэгт хэвлийг нь нээгээд үзэхэд гэдэсний зарим хэсэг нь өнгөр тогтчихсон байсан гэж байсан. Үүнээс харахад шинжээчийн дүгнэлт нь хийсвэр гарсан учраас үнэлэх боломжгүй байна гэж үзэж байна. Иймээс уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийж стандартын ямар журмыг зөрчсөн, чацархайн няцралаас түгжрэл гэдэг хүндрэл үүссэн юм уу? үхжил гэдэг хүндрэл үүсэн эсэхийг ялгаж салгаж зайлшгүй тогтоох шаардлагатай. Өвчтөний түүхийг судалж үзэхэд 8 цагт эмнэлэгт ирсэн, өвчний түүхийг нээсэн цаг нь 10 цаг 30 минут  байсан. Энэ бол тасаг руу оруулсан цаг. Энэ үед хийсэн ЭХО шинжилгэээний хариу нь хэвлийд сул шингэн байна гэсэн дүгнэлт гарсан. Хэвлийд сул шингэн байгаа бол эмчилгээ хийх ёстой. Хэвлийд сул шингэн байгаа нь оношилгооны журмаар хагалгаанд орох заалт болдог. Өрөөнд оруулаад 27000 төгрөгийн эмчилгээ хийсэн байдаг. Нэг ч антибиотек хийгээгүй. Бие нь өвдөөд байхаар үүрээр ЭХО-д харсан чинь хэвлийд шингэн байхаар нь хагалаад бөөрийг нь үзсэн чинь хэвийн байсан. Тэгээд Улаанбаатар хот явуулж өөрсдөөсөө холдуулсан чинь  хохирогч замдаа нас барчихсан. Оношлогоо эмчилгээний стандартыг мөрдөж ажиллах үүргийг биелүүлэх ёстой байсан боловч биелүүлээгүй. Гол үхлийн шалтгаан нь хордлого байгаа юм. Энэ хорт бодис нь цохиулсан даруйд хуримтлагдахгүй. Энэ дээр шүүх дүгнэлтээ хууль зүйн үндэслэлтэй хийгээгүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч М.Алтанцэцэгээс гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 91.1 гэдэг зүйл ангиар ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байгаа. Тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байхад хэргийг үнэн зөв, гэм буруутай байх нь бодитой байна гэж дүгнээд байна. Шинжээчийн дүгнэлтүүдэд гэмтэл учирсан байна, тухайн гэмтлийг оношилж чадаагүй байна гэдэг. Оношилж чадаагүй учраас нас барсан гэдгийг яагаад шүүх дүгнэхгүй орхигдуулаад байна вэ. Улсын яллагчийн эрх хэмжээний байдлаар шийтгэх тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Шүүх яллах талын хэсгийг түүвэрлэж бичсэн мөртлөө цагаатгах талын нотлох баримтыг дурдаагүй. Цагаатгах талыг дүгнээгүй учир хэр үндэслэлтэй шийдвэр гарсан юм бэ? гэдэг нь анхнаасаа эргэлзээтэй. Сэжигтэн Зориг өнгөр байсан гэдгийг хэлсэн нотлох баримт авагдчихаад байхад Шүрцэцэг болон бусад шинжээчийн дүгнэлтүүд үүн дээр ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Харин ч тогтоогдох боломжгүй гэж дүгнээд байгаа. Энэ дүгнэлтүүд зөрүүтэй байна. Эрүүгийн хуулийн 91.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийн улмаас шалтгаант холбоотой байхыг заадаг. Түгжрэл, хордлого гэж дүгнэлтэд дурдагдаад байна. Энэ өвчин хэзээ ямар үед үүссэн бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Оношлогдоогүй юм бол яагаад оношлоогүй юм бэ? гэдэг дүгнэлт гарах ётой. Эмч нар мэргэжлийн алдаа гаргасан нь нотлогдоод байхад шүүх бүрэлдэхүүн анхаарч дүгнэлтийг хийгээгүй. Зарим хэсгийг нь дүгнээд, зарим хэсгийг нь орхиод хэргийг шийдвэрлэчихсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319.1.3-т мөн хохирогч Хаджаргалын анхны тайлбар, хохирогчийн мэдүүлгүүдэд *******ыг буцаж орж ирээд цохиод, багалзуурдаад, хөөш чи болиоч гэхэд дэвсээд байсан гэж мэдүүлдэггүй байсан. Эхний үед хохирогч нар ямар ч гомдол гаргадаггүй. Тэгсэн хирнээ шүүх хуралдааны явцад энэ нөхөр чинь хэргээ хүлээхгүй байгаа юм байна гэсэн сэдлээр хохирогч нар гомдол гаргаж эхэлснээс хойш тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч хохирогч мэдүүлгээ өөрчилж эхэлсэн гэж би дүгнэдэг. Хамгийн сүүлийн мэдүүлгийг буцаж орж ирээд дэвсэж байсан гэж хохирогч зааж мэдүүлээд байгаа юм бол урьдны мэдүүлгүүдийг шүүх яагаад үнэлэхгүй байгаа гэдгээ үндэслэлдээ заахгүй байна. Эмч нарын гэм буруутай эсэхийг тогтоосны дараа хэргийн үйлчлэл өөрчлөгдөх эсэхийг тогтоох хэрэгтэй. Хэрэгсэхгүй болсон тогтоолыг харахаар цугларсан нотлох баримт нь эмнэлгийн тусламж үзүүлээгүйг хангалттай нотолчихсон. Шүүх дүгнэхдээ өмгөөлөгч нар гомдол гаргаагүй учраас хэрэгсэхгүй болсон тогтоолын үндэслэлийг зөв гэж дүгнэлээ гэдэг. Ийм учраас ялыг зөв оногдуулахад нөлөөлж болохуйц ялгааг арилгаагүй юм. ******* бол хэний үйлдлийн улмаас хэзээ, хаана *******д хохирол учруулчихав гэдгээ мэддэггүй. Яг тэр цохилтын улмаас уг гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдоогүй. Тэгсэн хирнээ Батзоригийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Ер нь бол гэмтэл авснаас хойш ямар цаг хугацааны дараа зовиур эхлэх вэ гэдгийг шинжээчээс асуугаагүй. Энэ хүний гэмтэл нь эдгэрэх байсан эсэхийг үхлээр төгсөх байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нарийн гэдэсний хагалгааг Бүсийн оношлогоо эмчилгээний төв хийдэг гэсэн албан бичиг ирсэн. Шинээр нотлох баримт цуглуулах боломжтой хэрэг. 17 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Ц.*******аас гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна. Хохирогчийг эмнэлгийн тусламж үзээгүйн улмаас амь нас нь хохирсон байх гэж эргэлзэж байна. Хаджаргалын мэдүүлэг олон төрлийн зөрүүтэй байдаг. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан тайлбартаа: Цаг хугацааны хувьд талийгаачид учирсан гэмтлийг оношлох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт удаа дараа гарсан. Шинжээч нар нь мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх эрх зүйн чадамжтай этгээдүүд байсан. Шинжээчийн бүрэлдэхүүнд ур чадвар хүрээгүй учраас мэс заслын эмч оруулах боломжтой байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Мэс заслын эмч нар оношилж чадаагүй гэдэг нь эмчийн мэдлэг хүрээгүй, техникийн дутмагаас үүдэлтэй гэдэг. Талийгаач *******д эмнэлгийн тусламж үзүүлэхэд стандарт зөрчигдсөн үү? гэвэл зөрчигдөөгүй. ЭХО-гоор хараад шингэн байсныг нь гадагшлуулаад авчихсан. Эмч нар үүргээ биелүүлсэн. Талийгаач *******д учирсан чацархайн гэмтэлтэй  хордлого, түгжрэл нь шууд холбоотой. Хордлого нь багадаа 24 цагаас дээш хугацаанд үүсэх боломжтой. Прокурорын тогтоолд тодорхой заагаад өгчихсөн байгаа. 24 цаг хүрээгүй байхад хагалгаанд орсон. Үхжил үүсээгүй байсан нь нотлогдож байна. Чацархайн гэмтэл нь амь биед аюултай гэмтэл юм. Уг мэс засалд мэргэшсэн эмч нар орох ёстой. Мэргэшсэн эмч гэдэг нь тодорхой чиглэлээр дагнаж мэргэжлээ дээшлүүлсэн эмч юм. Энэ эмч нар Бүсийн оношлогоо эмчилгээний төвд байдаггүй, оношлох тенхик байхгүй, анагаахын шинжлэх ухааны хөшжилтэй холбоотой асуудал гэсэн дүгнэлтүүд гардаг. Тухайн ногоон өнгөрийг шууд гэдэсний түгжрэл гэж үзэх боломжгүй юм. Хүний бие организмд тодорхой хэмжээний бактериуд идэвхитэй байдаг. Тодорхой гэмтэл авсан тохиолдолд бөөгнөрөөд ногоон өнгөр гэх зүйлийг үүсгэсэн байх магадлалтай талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Мэс засал хийсэн байлаа ч чацархайн гэмтэл нь амь биед аюултай гэмтэл. Чацархайн мэс засалыг хийх эмч нар байгаагүй. Гэмтлийг ******* учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгэн нотлох баримтуудаар нотлогдсон. Хохирогч У.Хаджаргал нь дэвсээд зогсож байхыг нь харсан байдаг. Дэвсээд зогсож байгаа хугацаа нь 3-4 минут юм.  Энэ хугацаанд ******* талийгаачийг дэвсээд зогсож байсан. Энэ талаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд цаг, минуттай нь бичсэн байгаа. Гэмтлийг хэн учруулсан дээр маргаад байх зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг шүүх бүрэлдэхүүн авч үзээгүй биш үзсэн. Энэ тогтоолууд нь үндэслэлтэй байна, үндэслэлтэй учраас өмгөөлөгч нар гомдол гаргаагүй юм байна, хүлээн зөвшөөрч байна гэсэн асуудал яригдсан. Өмгөөлөгч нар эмч нарыг буруутай гэсэн дүгнэлтийг гаргуулахыг л хүсээд байгаа юм. Бүх дүгнэлтүүд агуулгын хувьд огт зөрчилдөөгүй дүгнэлтүүд гарсан. Дахиад энийг эмч нарын буруутай гаргуулмаар байна гээд байдаг. Хүсэлтүүдийг нь шүүх хангаад шийдвэрлэдэг. Гарахгүй байгаа зүйлийг заавал гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй юм. ******* гомдолдоо би уг гэмт хэргийг хүсч үйлдээгүй байна. Талийгаачийн биед халдсан талаараа энэ хүн өмнө нь мэдүүлж байгаагүй юм. Гомдол дээрээ би ямар ч байсан биед нь халдсан гэдгээ бичсэн байна.

Улсын яллагч эмч нарыг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан гэж гомдолд дурдсан байна.  Шинжээч дүгнэлтээрээ маш тодорхой дүгнэсэн. Хүлээн зөвшөөрөөд байсан зүйл байхгүй. Прокурорын тогтоолын хууль зүйн үндэслэлийг авч үзсэн учраас гомдол гаргаагүй нь өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Баярчимэгээс гаргасан тайлбартаа: Бид асар их гомдолтой байна. Талийгаач 24 цаг хөдөө хэвтэж байсан бол амьд байх байсан юм байна гэж би ойлгож байна. Шинжээчийн дүгнэлтийн талаар олон зүйл хэлээд байна. Би хурал дээр хэлж байснаа санаж байна. Би анхны шүүх хуралдаан дээр 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш өдий хугацаа өнгөрчихөөд байхад яагаад дахин дахин шинжилгээ хийлгэнэ гээд байгаа юм бэ? гэж хэлж байсан. Би тэнд байсан бүх хүмүүсийг гэртээ дуудаж асуухад ******* манай дүүг зодсоныг би мэдээгүй байсан. Би байцаалтанд ирэхэд л мэдсэн. Бид *******аас гомдол нэхэхгүй байсан шалтгаан нь тэртээ тэргүй хэрэг тов тодорхой байсан юм. Ялтны өмгөөлөгч болон ялтан нарын хандлага нь цаг хожих гэсэн зүйл болоод байгаа юм. ******* бид хоёрын бичлэг байдаг. Би биеийг нь асуухад зүгээр л гэж хэлж байсан. Эмч нар эмчилгээ хийх онош, заалт хийгээгүй. Бид бэрээсээ асуухаар зүгээр архины хордлого гэдэг. Эмч нар оношлогооны хагалгаа хийлээ, мэдэгдэх юм алга, бид эмчлэх боломжгүй гэж хэлсэн. Оношоо тогтоож чадаагүй. Зүгээр гээд байсан юм чинь эмч зүгээр хүн дээр очоод хагалгаа хийхгүй. Онош нь тогтоогүй байхад ямар ч эмчилгээ хийх юм бэ? Эмнэлэг харин ч арга хэмжээ авсан байна. Эмч нар оношлогоо хийх гэж л хагалсан. Бөөр нь гэмтсэн байна гэж  хагалаагүй. Бөөр нь гэмтсэн байна гэж би өнөөдөр л сонслоо. Хэрвээ үхэлд хүргэх хэмжээнд ******* зодчихоогүй юм бол эмчилгээ хийх л байсан. Нэгэнт хагалсан юм чинь оношийг нь тогтоох л байсан. ******* зодоод няцалчихсан зүйлийг эмч мэдээгүйнхээ төлөө буруудаад байгааг би ойлгохгүй байна. Манай дүү *******ы гэрт очоод өөрийнхөө байдлаас болоод ийм байдалд хүрээгүй. Шөнө гэртээ байж байгаад хүний гарт үрэгдчихсэн. Нөхрийн маань дүү болохоор би гомдол, саналгүй гэж чимээгүй байсан юм. Яг үнэхээр ******* хамааралгүй байсан бол би *******ыг та гурваас илүү хамгаалах байсан юм. Гэсэн ч энэ хүн хэрэг хийсэн. Хэвлийг ЭХО-д харахад шингэн байна, бид нээж оношлох хэрэгтэй л гэж хэлсэн. Усыг нь цэвэрлээд гуурс тавиад хурдан гурав дахь шатан дээр оч гэсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авсан нотлох баримт болон шийтгэх тогтоолоор талийгаач нь *******ы үйлдлийн улмаас нас барсан нь хангалттай нотлогдсон. *******ы үйлдэл талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой. Шинжээч Бямбачулуун эмчийн дүгнэлтэнд эмч нарын үйлдлийн улмаас талийгаач нас бараагүй байна гэж дүгнэсэн. Эмч нарын үйлдлийн улмаас талийгаач нас барсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн 3 дүгнэлт гарсан байдаг. Анхан шатны 2 дүгнэлт зөрсөн учраас нэг мөр болгох зорилгоор 3 дахь дүгнэлтийг гаргуулсан.

Шинжээчийн дүгнэлтийг нэг мөр болгосон гэж үзэж байна. 562 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан эмчийг асуухад тухайн гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл байсан гэж мэдүүлдэг. Удаа дараа эмч нарыг асуудаг. Шинжээч эмч Шүрцэцэг уг гэмтэл 80 хувь үхлээр төгсдөг гэх зэргээр шинжээч эмч нар үхлээр төгсөх талаар мэдүүлдэг. 562 тоот дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж зөвхөн гомдолд дурдсан үндэслээр бус хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ц.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж чадаагүй байна.

Мөрдөн байцаагч Г.Батболдын 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор энэ хэрэгт мэргэжлийн байгууллагаар шинжилгээ явуулахаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг томилсон ба дээрх тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Бямбачулуунаас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/03/27/17 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргажээ. Хэрэгт Ц.Батчулууныг шинжилгээ хийлгэхээр Мэргэжлийн хяналтын газраас томилсон шийдвэр байхгүй, шинжээч гэх Ц.Бямбачулууныг дүгнэлтэндээ хувийн болон байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчиж улмаар дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар нотлох чадвараа алдсан байхад шүүх түүнийг үндэслэж тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 284 дүгээр зүйлийн 284.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн  Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай магадлалд заасан “...хохирогч ******* нь ялтан Ц.*******ы үйлдлээс болж биедээ ямар гэмтэл авсан, эмнэлгийн тусламж авч амь аврагдах боломжтой байсан эсэх, эмнэлгийн тусламжийг эмч нар цаг алдалгүй үзүүлж зөв оношилсон эсэх, хэрвээ эмч нар үүргээ биелүүлээгүй гэж үзвэл хариуцлага тооцох эсэх ...” зэрэг ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар биелүүлээгүй байх тул дээрх магадлалд дурдсан ажиллагааг нөхөн

гүйцэтгүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх урьд нь мөрдөн байцаалтанд буцаасан магадлалын заалтыг биелүүлээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул ялтан, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, 317 дугаар зүйлийн 317.1.1 дэх хэсэг, 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                            Х.ГЭРЭЛМАА