| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2017/0467/З |
| Дугаар | 957 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 957
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.У, Т.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,
Хариуцагч: “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох
Гуравдагч этгээд: “Ө” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ө” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, мөн газрын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч П.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.С, хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Т.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч П.У, Т.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...
Монгол Улсын иргэн П.У, Т.О бид иргэн Г.Ж-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Замын цагдаагийн газрын баруун хойно барьсан ... орон сууцны барилгад захиалга өгч байр худалдан авсан.
Тус барилга нь 2017 оны 2 дугаар сард улсын комиссын актаар баталгаажиж байнгын ашиглалтад орсон. Байраа хүлээн авч байрандаа ороход манай байрны баруун урд талд “Ө” ХХК нь 12 давхар барилга барьж эхэлсэн байсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг барилга нь цутгалт хийж 12 давхартаа хүрээд байна. “Ө” ХХК-ийн барьж буй барилга нь бидний захиалсан орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байх бөгөөд Барилгын тухай хууль болон барилгын норм дүрмийг зөрчиж байна.
Манай байртай хэт ойрхон барилга барьж буй явдал нь нэхэмжлэгч бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд нарны гэрлийг шууд хааж үзэгдэх орчинг хязгаарлаж буй нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Энэ талаар барилгын ажил гүйцэтгэгч Г.Ж-д 2017 оны 02 дугаар сарын 10 өдөр албан ёсны бичгээр гомдол гаргаж байсан.
Уг барилгын асуудлаар бидний зүгээс Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газарт болон Нийслэлийн Засаг дарга С.Б од хандсан боловч “Ө” ХХК-ийн барилгын ажиллагааг зогсоох, түүнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох талаар огт арга хэмжээ авалгүй харин ч хууль тогтоомж зөрчиж барилга барьж буй үйлдлийг үргэлжлүүлж байгаад иргэд бид гомдолтой байна.
Хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан болно.
Иймд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Ө” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, мөн газрын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай Барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Иргэн П.У, Т.О нарын нэхэмжлэлтэй тус газарт холбогдох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 449 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар 1623 м.кв газрыг “Ө” ХХК-д олгосон.
Манай байгууллагаас “Ө” ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаартай үйлчилгээний орон сууцны зориулалт бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” батлагдсан. Манай байгууллага 2013 оноос барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг хууль, дүрэм журмын дагуу олгон ажиллаж байгаа болно.
“Ө” ХХК нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар бүлгийн 6.3-т заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2 жилийн хугацаагаар олгосон болно. Манай газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь ямар нэгэн хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэлийн хоёрдахь шаардлагын тухайд манай байгууллага нь барилгын ажлын зурагт магадлал хийж магадлалын ерөнхий дүгнэлт гаргадаггүй болно. Иймд хамтран хариуцагчаар Барилгын хөгжлийн төвийг оруулах нь зүйтэй байна.
Иргэн П.У, Т.О нар нь нэхэмжлэлдээ 2017 оны 02 дугаар сард байрандаа орсон бөгөөд тухайн үед маргаан бүхий “Ө” ХХК-ийн барилга баригдаж байсан гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасан захиргааны актыг мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтыг хангаагүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буцааж өгнө үү” гэжээ.
Гурав. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус төвд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд зураг төслийн баримт бичигт магадлал хийлгэхдээ Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг бөгөөд “Ө” ХХК-ийн захиалгаар зураг төслийн “Б И Э А Ж Эн” ХХК-д тус компанийн “Үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын ажлын зураг төслийг боловсруулсан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Ө” ХХК-ийн “Үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын ажлын зураг төсөлд захиалагчийн хүсэлт, газар эзэмшүүлэх, ашиглуулах Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №СБД46/08 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад холбогдох байгууллагаас олгосон техникийн нөхцлүүдийг үндэслэн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан.
“Ө” ХХК-ийн барилга нь тодорхой хэсгүүдийн давхарын байгууламжийн нарны тусгалын хангамжийг хаасан байна. “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрэмд зааснаар нарны тусгалын хангамжийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тодорхойлох боломжтой” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Иргэн П.У, Т.О нарын нэхэмжлэлээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 128/Ш32017/3685 дугаартай захирамжаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрыг хариуцагчаар, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Барилгын хөгжлийн төвийг хамтран хариуцагчаар оролцуулахаар болсон захиргааны хэргийн нэхэмжлэлд гуравдагч этгээдээс дараахь тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “бидний эрүүл аюулгүй амьдрах орчинг хязгаарлаж, нарны гэрлийг хааж үзэгдэх орчинг хязгаарлаж, манай орон сууцны барилгатай хэт ойрхон баригдаж барилгын норм дүрмийг зөрчсөн” гэх боловч ямар хууль, норм дүрэм хэрхэн зөрчигдсөнийг тогтоолгоогүй, өөрийнхөө ямар эрх ашиг хөндөгдөж, хэрхэн хохирсноо нотлоогүй, өөрт нь огт хамааралгүй дээрх захиргааны актыг хүчингүй болгосноор өөрийнх нь ямар эрх ашиг, хууль хэрхэн хангагдах гээд байгааг нотлоогүй мөртлөө “захиргааны актыг хүчингүй болгуулах” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасныг хангаагүй үндэслэл бүхий бус нэхэмжлэлийн шаардлага байна.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв гэсэн захиргааны байгууллага, хяналтын байгууллагын алинд нь ч Захиргааны ерөнхий хуулийн журмын дагуу гомдол гаргаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаас нотлогдож байгаа юм.
Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага нь 1. дугаар зүйлийн 18.3.1-д зааснаар тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцээгүй, 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4, 52.2.7 дахь хаяг зэргийг хангаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий байхыг хангаагүй хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасныг зөрчсөн нь хавтаст хэргээс харагдаж байна.
Нэхэмжлэгч нарын хувьд авч үзвэл: П.У-ын хувьд:
П.У нь манай эрх ашгийг зөрчиж барилгаа барьсан Г.Ж-ийн хамсаатан, хамтран зүтгэгч, өөрийгөө “Г.Ж-ийн бичиг хэргийн ажилтан”, “менежер” гэж бидэнд төдийгүй “цагдаагийн ажилтан”-д танилцуулж байсан, 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр манай компани, барилгын орчимд “танхайрч” байсан, мөн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г.Ж-ийн нэрээр, өөрийн утасны 9111... дугаараа бичиж, гарын үсгээ зурж, гараараа өргөдөл бичсэн нь баримтаар байгаа юм. Нэг үгээр хэлбэл манай барилгыг баригдсан байгааг 2015 оноос хойш мэдэж байсан тул гомдол гаргах хугацаагаа хэтрүүлжээ.
П.У нь Нийслэлийн Засаг дарга С.Б од хандсан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өргөдөлдөө “Ө” ХХК-ийн барилга нь зөвшөөрлөө авсан эсэхийг тодруулж өгнө үү” гэсний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хариу нь ямар нэгэн шийдвэр, дүгнэлт биш байх бөгөөд зөвхөн “зөвшөөрөл бүхий болох”-ыг тодруулсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандсан гэвэл “Ө” ХХК-ийн барилгад зөвшөөрөл өгч болохгүй гэх гээд байна уу, эсвэл холбогдох зөвшөөрөл, захиргааны акт нь таалагдахгүй байгаа гэх гэсэн нэхэмжлэгчийн хувийн сонирхол, увайгүй үйлдэл мөн байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийг зөрчиж нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна.
Т.О-ын хувьд:
Т.О-аас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.Ж-т гомдол гаргасан, Г.Ж-өөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн /гомдол гаргах журам” 92 дугаар зүйл болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасантай нийцээгүй, өргөдөл, гомдлыг хамтран гаргаагүй, төлөөлөөгүй, төлөөлсөн нотолгоо байхгүй нь Г.Ж-ийн гэх өргөдөл нь нэхэмжлэгчид огт хамааралгүйн нотолгоо болно.
Т.О нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2-д заасан журмын дагуу Захиргааны, хяналтын чиг үүргийн байгууллагад гомдол огт гаргаагүй байна.
Мөн П.У, Т,О нарын Захиргаа, хяналтын байгууллагад 2017 оны 5 дугаар сарын 7, 18-ны өдөр, мөн 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд гаргасан гэх өргөдлийг үзэхэд нэхэмжлэгч нараас нэгэнт захиргааны шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргасны дараагийн цаг үеийнх байх тул өргөдөл нь Захиргааны ерөнхий хуулийн гомдол гаргах журмын дагуу явагдаагүй байна. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.1.1-д заасныг хангасангүй зөрчсөн нь нотлогдож байна.
Энэ мэтээр П.У, Г.Ж нар нь нийлж уг барилгаа барьчихаад, үгсэн нийлж, өөрсдийнхөө хууль бус үйлдлээ нууж, манай барилгын талаар худал ярьж, гомдол гаргаж төрийн байгууллага тухайлбал Мэргэжлийн хяналтын байгууллагаар 2014 оноос хойш тоглочхоод, улмаар шүүх байгууллагаар ч доог тохуу хийж байгааг хэлэх нь зүйтэй.
Манай барилга нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 зөвшөөрөлтэйгөөр барилгын ажлаа эхлүүлсэн, харин Г.Ж-ийн барилга нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартайгаар барилгын ажлаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл манай компанийг барилгаа барьж 9 давхрын ажлаа хийж байхад Г.Ж гэгч нь барилгаа дөнгөж эхэлсэн. Хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь барилгын орчныг үзэж сонголтоо хийснээр 2016 оны 0. дугаар сарын 15-ны өдөр R-08/15, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр R-06/22 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэж байгаа нь зэргэлдээх манай барилга дээр ажил явагдаж, баригдаж байгааг нэхэмжлэгч мэдсээр байсныг харуулж байна.
“Ө” ХХК нь анх 1996 онд газраа эзэмшсэн, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2008 онд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд, манай эзэмшил газар дээр 2 блок барилга төлөвлөсний дагуу Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлттэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай /2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалттай/ барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлтэйгөөр өөрийн хөрөнгөөр үйлчилгээтэй 12 давхар барилгыг бариад дуусч байгаа болно.
Харин ч иргэн Г.Ж-т төлөвлөсөн барилгын улмаас 2014 онд манай 2 дахь барилгын маань уртаас хасагдан багасч бид хохирсон, үүний шалтгааныг Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраар шалгуулсан байдаг.
2014 онд Г.Ж нь өөрийн хашаа ч үгүй, 2 орон сууцны барилгын дундах хоосон зайд барилга барьж эхэлснээр баруун талдаа манай барилгатай, зүүн талдаа орон сууцны О-.. орон сууцны байрны оршин суугчдын цонхыг таглаж, барилга хоорондын зай хэмжээний норм дүрмийн зөрчилтэйгөөр баригдаж 2 талдаа барилгуудын оршин суугч, өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдсөн учраас Орон сууцны .. дугаар байр болон “Ө” ХХК нь тус тусдаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Г.Ж-ийн барилгыг дөнгөж зоорийн давхраа хийж эхлэхэд нь нэхэмжлэл, хүсэлт гаргасан ч шүүхээс хангалтгүй, зөрчлүүдээ арилгалгүй барьсан төдийгүй, Г.Ж нь “Ө” ХХК-ийн эд хөрөнгийг эвдлэн сүйтгэж Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Өршөөлийн хуульд хамрагдаж, улмаар “Ө” ХХК-ийн эзэмшил газар руу оруулж 15 давхар барилгаа барьсан болно. /“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй 1 дүгээр ХХ-121-122, 1 дүгээр ХХ-44-48, 1 дүгээр ХХ-232, 4 дүгээр ХХ-20-27 дээрээс үзэж болно/
Г.Ж, Э.О, М.Т, П.У нар нийлж уг барилгаа барьсан бөгөөд Г.Ж нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, “Ө” ХХК-ийн хохирлыг нь барагдуулна гэсээр 2015 онд Өршөөлийн тухай хуульд хамрагдсан ч өнөөг хүртэл манай хохирлыг нь барагдуулаагүй, мөн Э.О, М.Т нар нь танхайрсны улмаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс захиргааны арга хэмжээ авсан нь баримтаар байна.
Барилгын хөгжлийн төвөөс Г.Ж-ийн барилгыг барилгын зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтгүй, 15 давхар барилгын инженөр геологи судалгааны дүгнэлтгүй, дүгнэлт нь магадлалаар баталгаажаагүй болохыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/1255 тоот, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/1047 албан тоотоор тогтоосон байдаг. /Хууль бус магадлалын дүгнэлттэй болохыг “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн 1 дүгээр ХХ-215-216, 1-р ХХ-213-214, 4-р ХХ-64, 4-р XX-61 дүгээр хуудаснаас үзэж болно/
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны . дугаар сарын 26-ны өдрийн 07/2988 албан тоотоор Г.Ж-т “... Барилгын тухай хууль, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн II хэсэг, Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ын I хэсэг, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02-ийг, Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-г чанд мөрдөж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах”-ыг албан ёсоор шаардсан ч зөрчлийг арилгаагүй болно.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан шаардлага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт зэргээр нийт 2 удаа Г.Ж-ийн барилгын ажлыг зогсоохыг шаардсан байдгийг хэлэх нь зүйтэй.
Мэргэжлийн хяналтын байгууллага, Гамшгаас хамгаалахын хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичиг, акт, албан шаардлагаар Г.Ж-ийн барилгын зөрчилтэйг тогтоож, БНбД 31-01-10-ийн барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэйг арилгуулах, барилга хоорондын зай хэмжээг баримтлах, аюулгүй орчинд амьдрах таатай орон зай, орчныг бүрдүүлэхийг, иргэдийн аюулгүй орчинд ая тухтай амьдрах бололцоог хангах зэрэг нийт 22 дүгнэлт акт, эрх зүйн баримтаар зөрчлийг тогтоож, шаардсан ч албан шаардлагыг хангалгүйгээр Г.Ж нь барилгаа барьсан болно.
Үүнээс товч дурьдвал:
/“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй хавтаст хэргээс үзэж болно/
1. Мэргэжлийн хяналтын еренхий газрын дарга Ш.Р ийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний 1/1152 тоотоор Т.Ж-ийн барилгын газрын захирамж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, барилга хоорондын зай хэмжээг баримтлах, аюулгүй орчинд амьдрах таатай орон зай, орчныг бүрдүүлэхийг”
2. Барилга хот байгуулалтын яамны 2015 оны 09 дүгээр сарын 04-ний 8/2685 тоотоор “...Иргэдийн аюулгүй орчинд ая тухтай амьдрах бололцоог хангаж Г.Ж-ийн барилгын дээрх зөрчлийг яаралтай арилгуулах бодитой арга хэмжээ авахыг
3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний 02-07-84/178 актаар Г.Ж-ийн барилгыг зогсоох, барилгын нормын зөрчлийг арилгахыг,
4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-07/3344 албан тоотоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолын хавсралт журмын 4.3, 8.1.16-г, БНбД 31-01-10-ын 1.6-г, БНбД 30-01-04-ийн 2.6-г хангаагүй гэсэн,
5. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-107/1500 дугаартай дүгнэлтээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолын хавсралт журмын 4.3, 8.1.16-г, БНбД 31-01-10-ын 1.6-г, БНбД 30-01-04-ийн 2.8-г зөрчсөнийг,
6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/949 дугаартай зөрчил арилахгүй, барилгын ажил үргэлжлэн хийгдсээр байгаа тул барилга байгууламжид олгосон зөвшөөрлийн үйл ажиллагаанд арга хэмжээ авахыг шаардсан,
7. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтэд “...” Ертөнцийн зүгээр иргэн Г.Ж-ийн барилгын баруун урд талын консольтой хэсэг “Ө” ХХК-ийн барилгын зүүн тийш гарсан консольтой хана хооронд 77 см зайтай баригдсан байна. Иймд барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн.../”,
8. Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/1255 тоотод “Иргэн Г.Ж-ийн барилгын зураг төсөлд “Э С С С к” ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24/2015 баримт бичиг гаргасан байна ... харин тус компанид барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх олгогдоогүй”,
9. Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/1047 тоотод “... Г.Ж-ийн орон сууцны барилгын инженер геологийн судалгааны” дүгнэлт нь 12 давхар барилгад хийгдсэн байх бөгөөд одоо баригдсан барилга нь 15 давхар барилга байна. ... Г.Ж-ийн 15 давхар орон сууцны барилгын зураг төсөлд давхрын өөрчлөлтийг тусгасан мэргэжлийн дүгнэлт магадлал хийгдээгүй байна”,
10. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны . дугаар сарын 26-ны өдрийн 07/2988 албан тоотоор Г.Ж-т “Барилгын тухай хууль, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн II хэсэг, Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ийн I хэсэг, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02-ийг, Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-г чанд мөрдөж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн зөрчлүүдтэйг тогтоож, арилгахыг шаардсан байдаг.
Г.Ж нь барилга хоорондын зай хэмжээний норм дүрмийн зөрчилтэй барилга барьсны улмаас “Ө” ХХК болон .. дугаар байрны иргэн Т.С нарын, бидний ажиллаж амьдран суугаа орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, нарны тусгал, зай хэмжээ зэргийг зөрчсөнийг арилгуулах, мөн барилгын төлөвлөлт, ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Нэг үгээр хэлбэл нэхэмжлэгч П.У, Т.О нарын нэхэмжлэлдээ дурьдаж заасан үйл баримт байна.
“Ө” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Ж-ийн барилгын 467/2014 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, мөн Г.Ж-ийн барилгын норм дүрмийн зөрчлийг арилгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэр, Олимп .. дугаар байрны оршин суугч Т.С-ын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Г.Ж-ийн 15 давхар орон сууцны барилгын 467/2014 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлд мөн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаартай хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүд байгаа болно.
Нэхэмжлэгч нар нь тухайн орон сууцны оршин суугч, эзэмшигч биш болох нь хавтаст хэрэгт нотлох баримт байхгүйгээр нотлогдож байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн гомдол гаргах журмын дагуу Захиргааны байгууллагад гомдол гаргаагүй мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.1.1-д заасныг хангаагүй зөрчсөн, мөн 1. дугаар зүйлийн 18.3.1, 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4, 52.2.7-д заасныг хангаагүй, нэхэмжлэгчийн ямар хууль ёны эрх ашиг хэрхэн хөндөгдсөн, ямар хууль, норм дүрэм зөрчигдсөнийг тогтоолгоогүй, тодорхойлоогүй мөртлөө захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар үндэслэлгүй, бүрдүүлбэр хангаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож, буцааж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч П.У, Т.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “R a” хотхоны гүйцэтгэгч гэх М.Т-той 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр R-06/22, 2016 оны 0. дугаар сарын 15-ны өдрийн R-08/15 дугаар Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тус хотхоны .. давхарын .. тоот орон сууцыг П.У, . дугаар давхарын .. тоот орон сууцыг Т.О нар тус тус захиалан авсан байна.
Улмаар нэхэмжлэгч нараас “... “Ө” ХХК-ийн барьж буй барилга нь тэдний хөрөнгө оруулалт хийж, худалдаж авсан .. дүгээр байрны .., .. тоот орон сууцтай хэт ойрхон баригдаж байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, нарны гэрлийг шууд хааж, үзэгдэх орчныг хязгаарласан” гэж маргаж “Ө” ХХК-д олгосон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Маргааны үйл баримтын талаар дурдвал “Ө” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орон сууцны зориулалтаар 1623 м.кв газрыг олгож, улмаар өөрийн эзэмшлийн газарт 14.40 м Х 48.0 хэмжээтэй 12 давхар орон сууц барих хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн СБД/46/0. дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, Барилгын хөгжлийн төвөөр эксперт хийлгүүлэн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0000801№ 180/2014 дугаар бүхий Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалт хийлгүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь тогтоогдвол түүнийг шүүх хүчингүй болгохоор хуульчилж өгсөн, харин уг тохиолдолд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан маргаан бүхий актууд нь эрх бүхий захиргааны байгууллагаас “Ө” ХХК-д олгогдсоноос хойш нэхэмжлэгч нар орон сууц захиалгын гэрээ хийгдсэн бөгөөд тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Учир нь “Ө” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авснаар орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан фото зургаар маргаан бүхий Б блокын барилгын .. давхарын цутгалтын ажил явагдаж байхад иргэн Г.Ж-ийн /нэхэмжлэгч нарын захиалсан гэх/ барилга нь зоорийн давхарын цутгалтын ажлыг эхлүүлж байгаа нь, мөн нэхэмжлэгч нар нь 2016 оны 6, . дугаар сард орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед “Ө” ХХК-ийн Б блокын барилгын бүрэн цутгалтын ажиллагаа хийгдсэн, холбогдох барилгын зөвшөөрлүүд олгогдсон байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “... 2014 онд магадлалын ерөнхий дүгнэлтийг хийхдээ шинэчлэн батлагдсан 2014 оны магадлалын ерөнхий дүгнэлтийг бус 2008 оны хүчингүй болсон дүгнэлтийг үндэслэсэн, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтэд дурдаж буй техникийн нөхцөлүүдийн огноог засаж дугаарыг өөрчлөн гаргасан. “У д сэ” ХХК-ийн 2012 оны 66 дугаартай техникийн нөхцөлийн хугацаа нь 2014 онд магадлалын ерөнхий дүгнэлт гаргах үед дууссан байсан. Үүнийг хариуцагч Барилгын хөгжлийн төв огт шалгаж үзээгүй” гэж маргаж байгаа боловч нэгэнт маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа нь дээрх нөхцөл байдлаар тогтоосон тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Харин Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд барилгын зай хэмжээний нормативыг барилгын тууш болон хөндлөн талуудын хооронд тооцохоор заасан бөгөөд “Ө” ХХК-ийн Б блокын барилга, нэхэмжлэгч нарын захиалсан орон сууцнууд нь хоорондоо хамааралгүй зэрэгцсэн биш, гуравдагч этгээдийн орон сууц нэхэмжлэгчдийн орон сууцны баруун урд жишүү байрлалтай байгаа нь нарны тусгалыг шууд хаахааргүй бөгөөд байрлалын хувьд өдрийн 12 цаг хүртэл нар үзэх боломжтой байгааг дурдахын зэрэгцээ хариуцагчийн “...”Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2,5 цаг байх тохиромжтой нөхцөлийг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн “Ө” ХХК-ийн “Үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын ажлын зураг төсөлд захиалагчийн хүсэлт, газар эзэмшүүлэх, ашиглуулах Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №СБД46/08 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад холбогдох байгууллагаас олгосон техникийн нөхцөлүүдийг үндэслэн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, магадлалын ерөнхий дүгнэлт гаргах үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, мөн Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д тус тус заасны дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа болжээ.
Өөрөөр хэлбэл, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах”, 6.2.8-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох”, 6.2.9-д “магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” хэмээн дээрх бүрэн эрхийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан ба “Ө” ХХК-д барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас, Барилгын хөгжлийн төвөөс Барилгын ерөнхий дүгнэлтийг тус тус олгосон байна.
Харин нэхэмжлэгч нараас анх Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 514/2014 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар 2014 оны 514/2014 дугаартай болох нь тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааны үед нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж зөвтгөсөн болно.
Иймд Барилгын тухай хуулийн Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын “Ө” ХХК-д олгосон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, мөн газрын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.У, Т.О нарын Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Ө” ХХК-д олгосон 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 514/2014 дугаартай Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180/2014 дугаартай “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4. дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА