Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2016/01171

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-6-64 тоотод оршин суух, Шарнууд овгийн Жаргалсайханы Мөнхцэцэг /НБ89121108/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Боржигин овгийн Болдбаатарын Булгансайхан /ФД83012716/-д холбогдох

“Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булгансайхантай 2009 онд анх танилцаж, үерхэж яваад нэг гэрт хамт амьдрах болсон. Хүү Чингүүн 2012 оны 03 дугаар сарын 13-нд төрсөн. Хүүгээ эцэг Булгансайхан өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Хүүхэдтэй болсноос хойш Булгансайханы ээжийнд хамт амьдарч байгаад 2014 онд бид 2 Турк улс руу ажиллахаар явсан. Турк улсад 1 жил 5 сар ажиллаж амьдарч байх хугацаанд Булгансайхан ажил хийгээгүй, харин ч хүнээс хүүтэй мөнгө зээлж мөрийтэй тоглоом тоглож өрөнд орж байсан. Мөрийтэй тоглож өрөнд орохоор нь би тоглохоо боль гэж хэлэхэд уурлаж, бөөн маргаан үүсгэж намайг зодож байсан. Ер нь их ууртай, ширүүн зан араншинтай, уурлахаараа надад гар хүрч зоддог. Булгансайхан ер архи уудаггүй, гэхдээ уурлахаараа архи уусан хүнээс дор бүдүүлэг зан гаргаж, агсан тавьдаг, намайг байнга өөрийнхөө эрхшээлд байлгах гэж дарамталдаг. Саяхан 2016 оны 05 сарын 09-нд миний утас руу эрэгтэй хүн залгаснаас болж маргаан үүсэж маргалдаж, намайг алгадаж, нүд рүү, хөл рүү, өшиглөж зодсон. Энэ өдөр манай ангийн хүүхэд өнгөрсөний 49 хоног байсан очоод ирье гэхэд явуулахгүй гэж уурлаж байсан. Ер нь их хартай, өөрийнхөө үзэл бодлыг тулгаж, бүх зүйлийг л өөрийнхөө хүсэл зоригийн дагуу байлгаж, уурлавал уурлаж болихоороо чи ч бас боль гэх мэтээр үзэл бодлоо тулгаж дарамталдаг. Туркээс ирсэнээсээ хойш ч өпөр шөнөгүй гадуур явдаг, гэртээ байхаасаа байхгүй их, ажил хийж гэр бүлээ тэжээх бодол санаа байхгүй, ажил хийх дургүй. Туркэд байхад нэг ажилд ороод л би ийм ажил хийхгүй гээд л гардаг, ажил хийх сонирхолгүй, бэлэнчилэх дуртай, ээжээрээ тэжээлгээд сурчихсан, машин унаж давхисан хүн л байдаг. Ээж нь намайг чи ч ажил хийхгүй бол Булгансайхан ажил хийхгүй гэж хүүхдээ өөгшүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж, баталгаа авъя гэхэд чи манай байранд болж гэрлэлтээ батлуулах гэлээ, дараа нь эд хөрөнгийн маргаан гаргаж байрыг маань авах юм байна гэж хэлдэг. Байр нь ээжийнх нь нэр дээр байдаг. Сая зодсоноос нь болж би гэрээсээ явж одоо ахындаа байгаа, зодсон асуудалд нь би цагдаад өргөдөл өгсөн. Гэтэл үүнээс болсон юм уу надад хэлэлгүй гэрлэлтээ бүртгүүлэх гэж бичиг баримт хөөцөлдөж, одоо шинжилгээ өгөөд гэрчтэйгээ очоод л болоо гэхээр нь би чи надад хэлэлгүй яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлсэн чиньчамд тэгвэл гэрлэлтээ батлуулах өөр хүн байгаа юм байна л даа гээд бүх бичиг баримтаа урсан. Туркед байхад хүүхдээ зодож, шууд л цохиод авдаг байсан тул хүү маань ааваасаа айгаад ээрч ярьдаг болсон. Би Туркед байхдаа хүчирхийллийн эсрэг төвд утсаар ярьж хандаж байсан. Цаашид Булгансайхантай гэрлэлтээ батлуулж амьдрах боломжгүй болсон. Хүүхдээ 4 нас хүртэл нь түүний ааш араншинг тэвчилээ. Хүчирхийлэлд байж чадахгүй нь хүнд ч бас тэсвэр барагдана гэж байдаг юм байна. Иймээс хүү Чингүүнийг эцгээр Булгансайханыг тогтоож, эцэг Булгансайханаар хүү Чингүүнийг тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жаргалсайхан овогтой Мөнхцэцэг миний бие нь 2016 оны 05 сард Болдбаатар овогтой Булгансайханд хүүхдин асрамж тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Б.Булгансайхантай хүүхдийн асрамж тэтгэлгийн тал дээр харилцан тохиролцсон. Иймд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь, хариуцагч Б.Булгансайханд холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь шүүхэд хандан: ...миний бие нь 2016 оны 05 сард Болдбаатар овогтой Булгансайханд хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Б.Булгансайхантай хүүхдийн асрамж тэтгэлгийн тал дээр харилцан тохиролцсон. Иймд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ж.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Б.Булгансайханд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

3. Захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА.