Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 870

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгсөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Т-ийн Т т холбогдох эрүүгийн 1908 0391 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагч Д.А  хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Зээлийн 04 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

О  овогт Т-ийн Т  /РД:0000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Тогтохбар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага нарангийн 0 дугаар гудамжны 0 тоот түрээсийн байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч хохирогч Д.А-ийг  хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, сарвуу, баруун, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.А  мэдүүлэг /хх3-5/ гэрч Т.Х-ийн мэдүүлэг /хх36-37/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх2/, гэрч Н.М-ын мэдүүлэг /хх43-44/, Шүүх эмнэлгийн шинжээчийн №000 дугаартай дүгнэлт /хх29/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх75-76/, Т.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг 67-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгах хуудас /хх61/,  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч О.Т ын гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.А-ийн : “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Т.Т ын хамт дэлгүүрээс 0.33 граммын архи, 2 литрийн пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо бага нарангийн 00 тоотод байрлах түрээсийн байрандаа ирсэн. Тэгээд бид 2 хоол хийж идээд дараа нь хамтран амьдрагч Т.Т архи уусан би пивоноос нь 2 аяга уусан. Удалгүй Т.Т нилээн согтож бид 2 орондоо орж унтахаар болсон би унтах гээд хөнжлөө нөмөрсөн байхад Т.Т хөнжил яраад үс зулгаасны дараа намайг хувцсаа тайл левчик, бандаашаа тайл гэж хэлээд миний үснээс зулгаагаад хана мөргүүлээд бас шөл мөргүүлсэн, гараа зангидаад ар нуруу, толгой, тархи руу цохиод байхаар нь амь авраарай гэж орилтол Т.Т чи дуугүй бай гэж хэлсэн удалгүй зодохоо болиод ирэхээр нь би хаалгаа онгойлгоод зугтаагаад шатны уруу гүйж байхад цагдаа ирсэн. Тэгээд би ухаан алдаж унасан. Би 2 аягаа пиво уусан, эрүүл байсан. Т.Т нилээн согтуу байсан. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Намайг урд өмнө гэр бүлийн асуудлаас болж маргалдаж алгадаж байсан өөр зодож цохисон асуудал байхгүй...Хамтран амьдрагч Т.Т миний биед учирсан гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх20-25/,

2. Гэрч Т.Х-ийн “...Т.Т Д.А нар нь хамтран амьдраад 1 жил болж байгаа...” гэх мэдүүлэг /хх36-37/

3. Гэрч Т.Г-ын “...Миний ах Т.Т , Д.А нар нь миний санаж байгаагаар хамтран амьдраад 1 жил болж байгаа...” гэх мэдүүлэг /хх40-41/

4. Гэрч Н.М-ын “...Би нийтийн байранд амьдраад 1 жил болж байна. Д.А гэх эмэгтэйг танихгүй. Хүн амь авраарай гээд орилоод байхаар нь иргэнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн байгууллагад хандсан. Өөрөөр би тэнд байсан эмэгтэйг харж байгаагүй танихгүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх43-44/

5. “Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас” /хх2/

6. Шүүх эмнэлгийн шинжээчийн №0000 дугаартай “...Д.А  биед зүүн буглаг, сарвуу, баруун, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх29/

7. Шүүгдэгч Т.Т ын “...би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа тараад хамтран амьдрагч Д.А  хамт гэртээ харих замдаа дэлгүүрээс Д.А 2 литрийн Нийслэл нэртэй пиво, 0.33 граммын Хараа архи авч надад өгөөд бид 2 гэртээ хоол хийж идчихээд авсан архи пивоо хувааж уусан. Тэгээд Д.А танай ажил дээр эмэгтэй хүн байдаггүй гэсэн зөндөө эмэгтэй хүн байдаг юм байна гэж хардаад уурлаад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би уурлаад левчик бандашаа тайлаад унталдаа гэхэд тайлахгүй байхаар нь би үсдэж аваад хана мөргүүлээд бас шал мөргүүлж ар нуруу хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд миний шортноос зуураад байхаар нь цээж хэсэг рүү нь 1 удаа өвдөглөсөн. Удалгүй Д.А амь авраарай гэж орилж байгаад гэрийн хаалгаар гараад зугтаасан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Бид 2 албан ёсны гэр бүлийн хүмүүс биш хамтран амьдрагч бөгөөд бид 2 дундаасаа хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг /хх-67-70/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Т.Т .

Шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага нарангийн 0 дугаар гудамжны 0 тоот түрээсийн байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч хохирогч Д.А-ийг  зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч Д.А  мэдүүлэг, гэрч Н.М-ын мэдүүлэг, шүүгдэгч Т.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Т.Т ын үйлдлийн улмаас хохирогч Д.А  биед “...зүүн буглаг, сарвуу, баруун, зүүн даланд цус хуралт...” бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №0000 дугаартай дүгнэлтээр  тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Д.А , шүүгдэгч Т.Т нар нь гэрлэлтээ батлуулаагүй, 2018 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заасан.   

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч Т.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.А нь өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Иймд шүүгдэгч Т.Т ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Т.Т ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Т ын хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас хасч тооцох буюу 105.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т-ийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ын 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ын цагдан хоригдсон 7 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцон, 105.000 /нэг зуун таван мянган/ төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР