Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 910

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч/хохирогч Ж.Х ,

шүүгдэгч/хохирогч Г.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х , Г.Ц  нарт холбогдох эрүүгийн 1908 03923 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

Б  овгийн Ж-ын Х  /РД:00000000/,

2. Монгол Улсын иргэн, 1966  оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, эмэгтэй, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хангай зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 00 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй

Б  овгийн Г-ын Ц  /РД: 0000000000/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Х  нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хашааны гадаа автомашины зогсоолын асуудлаас үүдэн Г.Ц тэй маргалдан, харилцан зодолдож түүний гарыг мушгиж эрүүл мэндэд үүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ц  нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хашааны гадаа автомашины зогсоолын асуудлаас үүдэн Ж.Х тай маргалдан, харилцан зодолдож нүүр, зүүн мөрөнд зулгаралтууд, зүүн мөр, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн Ж.Х аас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх5/, иргэн Г.Ц гээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол  /хх6/, гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээлэл /хх7/, хохирогч Ж.Х ын мэдүүлэг /хх5/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8629 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх17/, хохирогч Г.Ц гийн мэдүүлэг /хх31/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8648 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31/, Ж.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44/, Г.Ц гийн мэдүүлэг /хх52/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ж.Хүдэрбатаар, Г.Ц  нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Ж.Х аас цагдаагийн байгууллагад гаргасан “ Хангай захын хаалганы өмнө зогсоолоос болж маргалдсаны улмаас нүүрээ уруулж, сүхний ишээр цохиулсан учир гомдолтой байна” гэх гомдол /хх5/

2. Иргэн Г.Ц гээс цагдаагийн байгууллагад гаргасан “...мод зарах гээд очтол машин зогсож байсан. Чи цаад талдаа зогсчихдоо, би жоохон мод зараадахъя гээд гуйтал тэр хүн элдвээр доромжлохоор нь би нулимж өөрөөсөө түлхсэн. Тэгтэл тэр хүн миний гарыг мушгиж гэмтээсэн тул хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол  /хх6/

3. Гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээлэлд “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хангай захын зогсоол дээр үл таних эмэгтэй хүн миний нүүрийг маажсан” гэх дуудлага /хх7/

4. Хохирогч Ж.Х ын “...би хувиараа таксинд явдаг юм. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед Хангай зах дээр таксинд яваад хүн авах гээд зогсож байсан чинь нэг эмэгтэй ирээд “наад зогсоолоо чөлөөлж өг, би мод түлээ зардаг юм” гэхээр нь би “чиний өмчилчихсөн газар юм уу” гэж маргалдсан чинь тэр эмэгтэй над руу нулимахаар нь би уур хүрээд “шүдгүй авгай” гэж хэлсэн чинь над руу дайраад цамцнаас зулгаагаад нүүр маажсан. Тэгээд намайг ална гээд машинаасаа сүх гаргаж ирээд сүхнийхээ ишээр 2 удаа зүүн гарын буглаганд цохихоор нь сүхийг нь булааж авсан..., тэгээд цагдаагийн 102 дуудлага өгсөн. Тэр эмэгтэй миний нүүрийг маажиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх5/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8629 дугаартай “...Ж.Х ын биед нүүр, зүүн мөрөнд зулгаралтууд, зүүн мөр, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх, цохих үед үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шижээчийн дүгнэлт /хх17/

6. Хохирогч Г.Ц гийн “...би Хангай зах дээр мод зарж, машинаараа ачаа ачдаг ажилтай. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед Хангай зах дээр очтол нэг хөгшин хашааны гадна хаалган дээр машинтайгаа зогсож байсан. Тэр хөгшинийг “жаахан хойшоо болоод зогсчих, би наана чинь машинтайгаа зогсож мод зардаг юм, хүн машин авъя гэвэл би халтуурыг чинь олоод өгье” гэж хэлсэн чинь тэр хөгшин машинаасаа бууж ирээд “чиний өмчилчихсөн газар юм уу, шүдгүй авгай чинь” гэж үг хэлээр доромжилж дайрахаар нь би нулимж цээж рүү нь түлхсэн чинь миний гарыг мушгиж авсан. Гэмтлийн эмч зөөлөн эдийн гэмтэлтэй байна, яс гэмтээгүй байна, хөдөлгөөн хийж болохгүй, гипсдүүлэх хэрэгтэй гээд гипсдүүлсэн. Би 15 хоног машин барьж чадаагүй.Энэ гэмтлийг Х  гээд байгаа хөгшин учруулсан...” гэх мэдүүлэг /хх31/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8648 дугаартай “...Г.Ц гийн биед зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт  /хх31/

8. Ж.Х ын яллагдагчаар өгсөн “...би хоёр гарыг нь барьж байгаад зүүн гарыг нь мушгиж гарыг нь тавиулсан. Би сүхийг нь булааж аваад өөрлүү нь нэг далайчхаад өгчихсөн. Би Ц гийн гарыг гэмтээсэндээ гэмшиж байна. уучлалт гуйсан, одоо учир зүйгээ олсон. Би хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх44/

9. Г.Ц гийн яллагдагчаар өгсөн “...хэл амаар бие биеэ доромжилж, бие биеэ рүүгээ нулимж байгаад улмаар би тэр хүнийг нулимж түлхсэн чинь миний зүүн гарыг мушгиж авахаар нь зөрүүлж заамдаж аваад нүүрийг нь урсан. Тэгээд машинаас сүх авч тэрлүү далайж зууралдаж байгаад мөр лүү нь ганц нэг удаа цохисон чинь надаас сүх булааж аваад далайсан. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх хэргээ хүлээсэн мэдүүлэг /хх52/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ж.Х , Г.Ц .

Шүүгдэгч Ж.Х  нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хашааны гадаа автомашины зогсоолын асуудлаас үүдэн Г.Ц тэй маргалдан, харилцан зодолдож түүний гарыг мушгиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Ц , цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл, Ж.Х ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Х ыг гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Ц гийн эрүүл мэндэд “...зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8648 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ц  нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хашааны гадаа автомашины зогсоолын асуудлаас үүдэн Ж.Х тай маргалдан, харилцан зодолдож хөнгөн хохирл учруулсан болох нь хохирогч Ж.Х , цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл, Г.Ц гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ц гийн гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Х ын эрүүл мэндэд “...нүүр, зүүн мөрөнд зулгаралтууд, зүүн мөр, бугалганд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 8629 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, харилцан гомдол саналгүй, эвлэрлийн гэрээ байгуулж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Х , Г.Ц  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Х  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Ц  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэн аль нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн нөхцөлүүдийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х т 550 нэгж буюу 550.000  төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч Г.Ц д 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шүүгдэгч Г.Ц д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Ж-ын Х , Б  овогт Г-ын Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х ыг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Ц г 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х , Г.Ц  нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шүүгдэгч Г.Ц д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР