| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01266/и |
| Дугаар | 142/ШШ2016/01182 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2016/01182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25-р хороо 86-05 тоотод оршин суух, Боржигин овгийн Ганболдын Хишгээ /ШЕ82042560/-ийн хүсэлттэй,
“Ж.Мягмарсүрэнг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Хишгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд 2016 оны 08 сарын 08-ны өдөр Ж.Мягмарсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 4353 дугаартай захирамжаар хариуцагчийг оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хишгээ миний бие Ж.Мягмарсүрэнд 2014 оны 06 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. Одоо зээлээ төлөхийг шаардаж шүүхэд хандах гэсэн боловч оршин суух хаягтаа байхгүй тул Жаргал овогтой Мягмарсүрэнг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Хишгээ нь “Ж.Мягмарсүрэнг эрэн сурвалжлуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ. Г.Хишгээ нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд Ж.Мягмарсүрэнгээс 5 138 902 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн 4353 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Ж.Мягмарсүрэнг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг 7 дугаар тойргын Тахарын албанд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Г.Хишгээгийн улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Тулга овгийн Жаргалын Мягмарсүрэн /МЖ84111304/-г эрэн сурвалжилсугай.
2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Ж.Мягмарсүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА