Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 911

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н холбогдох эрүүгийн 1908033620000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Нарны Гүнж гоо сайхны газарт үсчин, гоо сайханч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол, 00 тоотод оршин суух,

Б овогт Ч  Н  /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотолд салсан нөхөр Г.Бүүвээтэй “байрны түрээс төлөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, биед нь “...эрүүгийн зүүн тал, үүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн мөрөнд цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Г.Б мэдүүлэг /хх8-9/, гэрч В.А-ийн мэдүүлэг /хх20/, гэрч Ч.Н-ийн мэдүүлэг /хх23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №7618 дугаартай дүгнэлт /хх27/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх48-60/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх46/, Ч.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх36-37/, шүүгдэгч Ч.Н ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх42/,  хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч Ч.Н ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Б “...би чамд түрээсийн мөнгө өгөхгүй гэж хэрүүл маргаан хийж, ширээн дээр байсан цаас над руу шидэж, баруун гуяны дотор тал руу нэг удаа өшиглөж, зүүн мөр рүү түлхээд ажлаас гараад явсан. Би ажлаа дуусгаад Н ийн ажил дээр 12 цагийн үед очиж түрээсийн мөнгө өг гэж шаардахад уурлаж тавилга эд зүйлсийг авч шидээд, гар утасны цэнэглэгчийн утсаар миний мөр гуя, нуруу руу ороолгосон. Мөн хоёр гуяны булчин руу ээлжилж өшиглөсөн... Би биеэ хамгаалаад толгойгоо хоёр гараараа хаагаад сандал дээр сууж байхад баруун хөл рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

2. Гэрч В.А-ийн “...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орой 17 цагийн үед Б гэртээ орж ирэхдээ зүүн хацрын арьс нь зулгарсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад Н  түрээсийн мөнгө өгөхгүй надтай хэрүүл, маргаан хийгээд намайг зодчихлоо гэж хэлсэн... өмсөж явсан цамц, өмдөө тайлахад зүүн гар, баруун хөлний арьс нь зулгарч улаасан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх20/,

3. Гэрч Ч.Н-ийн “...Н ийн ажил дээр очиход хаалгаа дотор талаас нь түгжсэн, дотроо хоорондоо хэрэлдээд байсан. Би хаалгыг нь нүдэж онгойлгоод юу болсон талаар асуугаад байж байхад араас цагдаа орж ирээд аваад явсан. Б надад хандаж Н  сая намайг зодчихлоо би  сая цагдаад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Бгийн өмссөн цамцных нь энд тэнд жоохон цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх23/,

4. Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх48-60/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №0000 дугаартай дүгнэлт “Г.Б биед эрүүний зүүн тал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэжээ /хх27/,  

6. Ч.Н ийн яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 00 тоотод байрлах гоо сайхны газартаа очоод байж байхад удалгүй 10 минутын дараа Б ирээд “түрээс өгөөдөх” гээд орилохоор нь би хариуд нь чадахгүй, өгөхгүй хорин сая төгрөг өгнө гэхэд Б цагдаа дуудлаа гээд халааснаасаа гар утсаа гаргаад  ирэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлээд зүүн талын мөр рүү нь хоёр гараараа түлхэхэд Б өрөөний хана руу биеийнхээ баруун тал хэсгээр мөргөөд хананд байсан толь газар унаж хагарсан. Би тавиур дээр байсан гар утасны цэнэглэгчийг гартаа бариад бие рүү нь хоёр удаа ороолгоод, зүүн хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд Б намайг хүн зодоод байна гэж цагдаад дуулага өгсөн...” гэх мэдүүлэг /хх36-37/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ч.Н .

Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотолд салсан нөхөр Г.Бүүвээтэй “байрны түрээс төлөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Г.Б мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Н ийн гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Б эрүүл мэндэд “...эрүүний зүүн тал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн мөрөнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Г.Б, шүүгдэгч Ч.Н нар нь дундаасаа хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ цуцлуулсан боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрэлт цуцласан лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Мөн шүүгдэгч нь энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч хэн аль нь гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Н нь хохирогчтой маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Н ийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгч Ч.Н ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч  Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР