Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2016/01183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-18-04 тоотод оршин суух, Шөдөгүл овгийн Лхагвабатын Пүрэвдулам /ЦД86081400/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 19-10 тоотод оршин суух, Егөс овгийн Тостын Наранцэцэг /ФБ85060780/-т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 2 300 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Пүрэвдулам, хариуцагч Т.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Ванчиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Пүрэвдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Л.Пүрэвдулам би Наранцэцэгийн хүсэлтээр 1 500 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай буюу 2015 оны 11 сарын 11-ны өдөр зээлдүүлсэн. Ингээд өнөөг хүртэл алдаг оног хүү өгч байсан. Ярилцаж тохиролцоод 2016 оны 06 сарын 11-ны өдрөөс хүүгээ зогсоосон. 2016 оны 06 сарын 11 хүртэл 2 800 000 болсноос 500 000 өгч хасуулаад 2 300 000 үлдсэн. Тогтсон хугацаа өнгөрсөнч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Наранцэцгээс зээлийн төлбөр 2 300 00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Наранцэцэг нь надад нийт 1 905 000 төгрөг өгсөн байна. Банкны хуулгаар миний дансанд орсон байна гэжээ.  

Хариуцагч Т.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Л.Пүрэвдуламаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай 1 500 000 төгрөгийг сарын 20% буюу 15 хоногт 10%-ийн хүүтэй зээлж авсан нь үнэн бөгөөд энэ мөнгөний хүүг хугацаанд нь буюу 2015 оны 12 дугаар сарын 11-нд өгөөд үндсэн 1 500 000 төгрөг үлдсэн юм. Алданги тооцох талаар гэрээнд тусгаагүй. Үүнээс хойш би түүнд 1 600 000 төгрөгийг өгсөн болно. Өгсөн мөнгөө банкаар баримтжуулна. Тиймээс би Л.Пүрэвдуламын нэхэмжилсэн 2 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би нийт 1 905 000 төгрөг Л.Пүрэвдуламд өгсөн гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Пүрэвдулам нь хариуцагч Т.Наранцэцэгт холбогдуулан “2 300 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Пүрэвдулам нь хариуцагч Т.Наранцэцэг 2015 оны 11 дүгээр сарын 11-нд 1 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй зээлүүлсэн болох нь хэргийн 3 дугаар хуудас дахь зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Т.Наранцэцэгээс шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний хугацаа нэг сарын хугацаатай хийгдсэн байх ба гэрээний хугацаагаа албан ёсоор сунгасан талаар нотлох баримт байхгүй байна. Тиймээс хариуцагч нь үндсэн зээл дээр нэг сарын хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэж үзнэ.      

Хариуцагч Т.Наранцэцэг нь нэхэмжлэгч Л.Пүрэвдуламд нийт 1 905 000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй бөгөөд Т.Наранцэцэг болон Л.Пүрэвдулам нарын Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдсон.

Гэрээний үүргийн дагуу Т.Наранцэцэг нь Л.Пүрэвдуламд 1 800 000 төгрөг өгөхөөс 1 905 000 төгрөг өгсөн болох нь нотлогдож байх тул Л.Пүрэвдуламын нэхэмжилсэн 2 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Наранцэцэгээс 2 300 000 төгрөг гаргуулах Л.Пүрэвдуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА