Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 927

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 1908 01594 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр  Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхийн хамт,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Д  овгийн Б-ын Д  /РД0000000000/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант o дүгээр гудамж 0 тоотод  Б.Н хашаа хадаж чадахгүй гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож түүний биед  дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хүзүү, баруун шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч П.Н-ийн мэдүүлэг /хх6-9/, гэрч Ц.Ц мэдүүлэг  /хх10-12/, шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7865 дугаартай дүгнэлт /хх18/, Б.Д гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх30-32/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх41/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Д г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.Хохирогч П.Н-ийн “2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай ээжийн дүү Ц  намайг дуудаад Д  хашаа хадаж байна. Чи ирээд туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би 12 цагийн Ц  эгчийн гэрт очисон. Ц  эгчийн гэр нь Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Жаргалант тосгоны төвд амьдардаг юм. Д  хашаагаа янзлаад байж байхаар нь 4 настай охин М-йг Ц  эгчтэй үлдээчхээд хашааг нь хамт янзлаж байсан. Тэгээд хашаа янзлаж байсан чинь Д  3 метр тутамд 1 шон хатгана гэж хэлсэн тэгсэн шонгийн дай моднууд янз бүрийн хэмжээтэй байсан болхоор би дайндаа тааруулаад шонгоо хатгасан дээр гэж хэлсэн чинь Д  чи мэддэггүй юм. Би өөрөө юмаа мэдье, чи зүгээр зайл, чамайг хэн дуудсан юм гэж хэлэхээр нь ээж чинь дуудсан юм гэж хэлсэн чинь хөрөө гартаа барьж босож ирээд хөл гар луу цохиод тэгж байснаа ишээр нь миний ам хэсэг рүү цохичиод толгойгоороо мөргөсөн чинь миний амнаас цус гараад шүд хөдөлчих шиг болсон. Энэ гэмтлийг Д  гартаа барьсан байсан гар хөрөөний ишээр нэг цохиод, нэг удаа мөргөсөн мөн зууралцаж байхад миний хүзүү шанааг маажсан байсан” гэсэн мэдүүлэг /хх6-9/,

2. Гэрч Ц.Ц “...Н  охинтойгоо манай гэрт ороод ирсэн. Тэгээд манай гэрт орж ирчхээд юм ярихгүй ууртай орж ирсэн. ...Тэгээд уруулыг нь харсан чинь уруул нь гадна талдаа хэд хэдэн газар хавдаад язарсан байсан. ...Д , Н  гараад 2 минут ч болоогүй хоорондоо заамдалцсан ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон гэж асуусан чинь Н  3 метрээр хашааны дай модыг хийдэг юм тэгсэн Д  би өөрийнхөө шинэ модоор дай хийнэ, 160 см уртаар хийнэ гэж хэлсэн. Тэгээд заамдалцаад нэг нэгийгээ тавихгүй байхаар нь би хоёуланг тавиулаад хашаа хатгаж байгаа газраа ирсэн чинь дай модны хажууд байсан хадаастай модыг барьж аваад Д г цохиж ална гээд дайрсан чинь Д  айлын хашаа руу орчхоод та яах гэж хүн дуудсан юм танай хамаатнууд хэзээ тусалдаг байсан юм, дандаа намайг зоддог байсан гэж хэлсэн. Би Н ийг миний дүү яв гээд явуулсан. Н  худаг орчихоод буцаж ирсэнээ хөөе пизда минь 4 шүд ойчсон байна, чи хүний шүд оочуулсан байна, хоёулаа үзчихье гэж хадаастай банзаа барьж аваад байхаар нь би Н ийг яваад өгөөч, Д  та хоёр хэзээ таардаг байсан юм, чи архи уусан юм шиг бие хаа чинь яагаад байгаа юм гээд аргалаад Н ийг явуулсан. Н ийн уруулаас нь цус гарсан байсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг  /хх10-12/

3. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7865 дугаартай “Н ийн биед дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хүзүү, баруун шанаанд зулгаралт гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх18/

4. Б.Д гийн яллагдагчаар өгсөн “Н  бид хоёр хуучин шургааг модоороо хийнэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан, бид хоёр заамдалцаад  авсан чинь намайг эхлээд нэг цохичхоор нь би буцаагаад  нүүр, шанаа хэсэгт нь 2-3 удаа цохиод бид хоёр салсан. Тэгсэн Н  мотоциклоо унаад хүүхдээ аваад яваад өгсөн. Тэгснээ буцаж машинтайгаа ирээд дайрчих шахаад намайг суучих гээд цагдаа руу авч явах гээд байхаар нь би яваагүй” гэсэн мэдүүлэг /хх30-32/  

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Д .

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант 0 дүгээр гудамж 0 тоотод  Б.Н хашаа хадаж чадахгүй гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Н , гэрч Ц.Ц нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д гийн гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Н ийн эрүүл мэндэд “...биед дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хүзүү, баруун шанаанд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7865 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Д гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д ,  хохирогч Б.Н  нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-ын Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР