Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2016/01184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-34-13 тоотод оршин суух, Боржигон овгийн Цандмаагийн Ганчимэг /ИЭ72071104/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-12-59 тоотод оршин суух, Эрхий мэргэн овгийн Жамъяны Нямдорж /РЙ68051333/-д холбогдох

“Гэм хорын хохирол 1 830 831 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ганчимэг, хариуцагч Ж.Нямдорж, иргэдийн төлөөлөгч Г.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ганчимэг миний бие 2015 оны 2 дугаар сарын 18-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сумын урхайчин багт байрлах “Ариран”г ресторанд Ж.Нямдоржид зодуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авч эмчлэгдсэн. Энэ хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч Ж.Нямдоржийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 94 дугаартай шийтгэх тогтоолоороо хэргийг хэрэгсэхгүй болгож, миний зүгээс нэхэмжилсэн 2 706 920 төгрөгөөс 1 492 700 төгрөгний нэхэмжлэлийг хангаж үлдэх хэсгийг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т заасны дагуу би Ж.Нямдоржид зодуулсны улмаас гэмтэж ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 466 389 төгрөг, мөн ажиллах хугацаандаа авах байсан үр дүнгийн урамшуулал 54 392 төгрөг, эмчилгээндээ хэрэглсэн эм тариа 65 550 төгрөг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 644 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг, нийт 1 830 831 төгрөгийг Ж.Нямдоржоос нэхэмжилж байна.

2016-01-16-наас 2016-02-12 хүртэл би листтэй байсан. 2016-05 сард зүрх өвдөөд 5 хоногийн лист бичүүлж авсан гэжээ.

Хариуцагч Ц.Нямдорж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Нямдорж нь 2015.12.18ны орой “Ариранг” бааранд шинэ жил тэмдэглэж сууж байгаад санамсар болгоомжгүйгээр Ц.Ганчимэгийг 1 удаа гараараа шүргэсэн юм. Гэхдээ Ганчимэгийн яриад байгаа шиг цохиж, зодсон юм болоогүй. Хамт олон болон гэрчүүд гэрчийн мэдүүлгээр хэлсэн байдаг. Ганчимэг нь 3 өдөр ажилдаа ямар ч гэмтэж хөхөрсөн зүйлгүй очоод, шүүх эмнэлгийн дүгнэлтийг 5 өдрийн дараа гаргуулсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины доргилт, хөнгөн гэмтэл хөдөлмөрийн чадвараа огт алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Тэгээд ч гэмтлийн эмчийн хяналтанд нэг ч ороогүй. 6 өдрийн дараа найзынхаа хувийн эмнэлэг /Тайхарт/ хэвтсэн. Хэвтээд надаас мөнгө нэхэж эхэлсэн. Ганчимэг “Чи надад 175 000 төгрөг өгчих, би 5 хоног бариа хийлгэнэ гэж хэлж байсан. Ганчимэг эмнэлэгт оронгуутаа мессежээр би эмнэлэгт хэвтчихлээ" гэсэн мессеж явуулсан байдаг. Ганчимэг нь би 10 хоног хэвтэхээр боллоо, 350 000 төгрөг юм байна тэрийг өгвөл гомдолгүй гэсэн. Би 350 000 төгрөг олж өгсөн. Ганчимэг нь шунахайн сэдэлттэйгээр их мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Тархины доргилт хөнгөн гэмтэл нь 3 өдөрт бариулаад л эдгэрдэг. Хөнгөн гэмтэл нь 4 долоо хоногт бүрэн эдгэрсэн байдаг хуулийн хугацаатай. Энэ гэмтлийн хэмжээний төлбөрийг 10 дахин нэмж өгсөн. Уг нь 30 000 төгрөг өгөх байсан юм байна лээ. Би 350 000 төгрөг өгсөн. Харин би илүү өгсөн мөнгөө шүүхээр нэхэмжилж авна. Ганчимэгт гүтгүүлж, дарамтлуулсанаас болж сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироч шулуун гэдсээрээ цус алдаж, БОЭТ-д мэс засалд 3 сард орсон. Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт үзүүлсэн. Дахин эмчлүүлж, мэс засалд ор гэсэн боловч би энэ хүнээс болж явж чадахгүй байна. Энэ бүх зардлыг Ганчимэгээр гаргуулна. Ганчимэг эрүү мултарсан гэж худлаа хэлж, гүтгэж ирсэн. Эрүү нь мултраагүй, эмнэлэгт очоогүйг олон хүн баталдаг. Эрүү мултарсан хүн юм идэж, ууж, ярьж ч чадахгүй байдаг. Тэгтэл Ганчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой “Ариранг” баарнаас гараад үйлчлэгч Энхсаруул, Цэцэнбилэг 2-той үйлчилгээний төвийн “Касабланка” бааранд орж тус бүрдээ 2 пиво ууж инээж, хөхөрч, бүжиглэж байгаад Ганчимэг нь найз гэх танихгүй эрэгтэй хүнийг дуудан авчирч хамт 23 цаг өнгөртөл наргисан байдаг. Энэ үед Ганчимэг нь яагаа ч үгүй зүгээр дуулж, идэж, ууж байгаад гарсанг цуг орсон 2 үйлчлэгч гэрчийн мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Байцаагч Амарсанаа Ганчимэгээс өөрөөс нь гомдолгүй гэсэн бичиг авчир гэсэн. Ганчимэг нь гомдолгүй гэсэн бичиг хийж өгнө гэсээр 5 хоносон. 12 сарын 29-нд байцаагч Амарсанаа намайг дуудаж Ганчимэг би гомдолтой байна. Нямдоржоос ахиж мөнгө төгрөг гаргуулах саналтай байна гэж мэдэгдсэн. 2016.01.11 нд мөрдөн байцаагч Амарсанаа дуудаж хэрэг хэлэлцэх хугацаа болсон тул та 2 яах гэж байна гэж асуухад Ганчимэг нь “би гомдолтой байна. Энэ хүнд эрүүгийн хэргийг нь үүсгэ гэж санал тавьсан. Ингээд 2016.01.11 нд 99.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би мөрдөн байцаагч Амарсанаад “Ганчимэгийн эрүү мултраагүй, эмнэлэгт очоогүй байсан тул шалгаж өгнө үү” гэж хүсэлт өгч шалгуулахад байцаагч Амарсанаа нь Ц.Ганчимэгийн эрүү мултраагүй, 18-ны орой эмнэлэгээр очоогүй гэдгийг тогтоосон. 2016.12.18-30-ны хооронд БОЭТ-ийн хүлээн авах, гэмтлийн тасгийн бүртгэл журналд нэр нь байхгүй 12.18-ны орой ээлжинд гарсан гэмтлийн их эмч Алтанбек, их эмч Амраа нар нь Ганчимэг гэдэг хүн /ирээгүй болохыг батлаад тамгатай бичиг гарын үсэг хийж өгсөн нь хавтаст хэрэгт байдаг. Ц.Ганчимэг нь эмнэлэгт орж хэвтчихээд танил талаа ашиглан худал хэлж заль мэхийн аргаар эм эмнэлгийн баримтууд бүрдүүлж надаас ахиухан мөнгө авах алсын зорилготой улайран зүтгэсээр ирлээ. Ганчимэг нь анхнаасаа мэдүүлэг өгөх бүртээ мэдүүлгүүд нь олон янзаар өөрчлөгдөн хувирч намайг хүчтэй цохисон болгон буруутгаж, лист эмийн баримтууд цуглуулан арга заль хэрэглэж дарамталж өөрийнхөөрөө ярьсаар бичсээр ирлээ. Ганчимэгийн гэрч Ц.Золзаяа Банзрагч Нансалмаа нар нь хэрэг болсон гээд байх үед огт байгаагүй, зөвхөн өөрийнх нь хэлж зааж өгсөн үгээр гэрч болсон байдаг. Би анхан шатны шүүх хурал дээр хүсэлт гаргаж дээрх гэрчүүд болон гэрч Нэргүй, Заяа, Батхишиг, Амаржаргал, Батсайхан нарын гэрчүүдийг оруулах санал тавьтал Ц.Ганчимэг нь өөрийн өмгөөлөгч Д.Энхбаяртайгаа зөрөлдөж “Би гэрчүүдийг оруулмааргүй байна” гэж маш ихээр дургүйцэж байсан. Бидний хооронд ямар үйлдэл болсон хажуунаас харсан гэрчүүд ба бидний хооронд болсон үг яриа үйлдэл зэргийг мэдэх намайг санамсаргүй Ганчимэгийн нүүрэнд хүрснийг мэдэх гэрчүүдийг бүгдийг нь шүүх хуралд оруулахгүй байх талаар маш их санаачлагатай байдаг байсан. Иймд Ганчимэг нь маш их мөнгө нэхэж байгаагаа хамт олноосоо нууж, өөрийн гаруулахгүйг хичээж, ичиж байгаа нь хүртэл харагдаж байдаг. Ганчимэг нь эмч хүнд баймааргүй ёс зүйтэй, шунахайн сэдэлтээр мэдүүлгүүдээ олон удаа хувиргаж өгсөн, хүнээс мөнгө салгахдаа гаршсан муу зуршилтай байдгийг би болон хамт олон мэддэг.  Ц.Ганчимэг нь урь өмнө нь угаасаа тархи толгой хүзүү нь байнга хөшиж өвддөг жижүүр үйлчлэгч, багш нараар байнга толгойгоо бариулж базуулж суудаг. Нэг сайхан эмнэлэгт хэвтэх юмсан гэж үргэлж ажил дээрээ ярьдаг. Толгойныхоо оройгоос цус хануулж байсныг хүртэл хамт олон гэрчилж гэрчийн мэдүүлэг Батсайхан, Батхишиг Амаржаргал нар хавтаст хэрэгт бичиж өгсөн байдаг. Би хүнд зодуулсан гэж баримт цуглуулсан газар бүртээ ярьсаар янз бүрийн лист эмийн баримт, хуурамч падаан авчирч шүүхэд өгсөөр ирсэн. Ажлынхнаасаа ичээд ажилдаа очихгүй их удсан. Энэ хооронд 4 удаа лист авсан байсан. Листүүд нь өөр өөр газраас худал хэлж хийлгэсэн байсан. 17 сургуулийн эмчийг ажлаа сольё 2-лаа гэж удаа дараа гуйсныг ажлынхан нь гэрчилдэг. Хуурамч эм, эмнэлгийн баримтуудаа дахин дахин өөрчлөн тамгалж оруулж ирж байгаа. Учир нь нэхэмжлэгч Ганчимэг нь хууль бусаар эмийн сангаас баримт бүрдүүлсэн байгааг бид анхан шатны шүүх хурлаас хойш мэдсэн. Ц.Ганчимэг нь “Мөнхийн тун” эмийн сангаас худлаа хэлж 129 500 төгрөгний баримт бичүүлж авсан. Учир нь миний дүү мэс засалд орчихлоо, энэ эмнүүдийг авъя гээд нэг карт барьчихсан ирсэн. Тэгээд хэд хоноод авсан эмнүүдэээ баримтан дээр бичүүлье гээд цаасан дээрх өөрийнхөө бичсэн бүх эмнүүдээ бичүүлж аваад явсан байна. Аптекийн эм зүйч Болороо дарга 2 нь ямар ч байсан дүүдээ гэж хэлээд авсан юм шүү гэж хэлсэн нь нотолж байна. Дүүгийн нь эмийг би төлөх ёсгүй. “Мөнхийн тун” эмийн сангаас бичүүлсэн баримтны эх хувь нь ч байхгүй байсан. Дараа нь “Орхон эм хангамж” ХХК-ийн 8-р эмийн сан орж 173 200 төгрөгний эм авсанг асуухад эм зүйч С.Баярхүү нь “Ганчимэг нь манайхаас 3 эм л авсан, бусдыг нь аваагүй, гуйж байгаад тамгатай баримтан дээр бусад эмнүүдийг нь бичүүлж авсан нь үнэн гэсэн. Гэхдээ давж заалдах шатны шүүх дээр баримт авахгүй байсан болохоор энэ хуурамч мөнгөний баримтууд нь хасагдаагүй шийдэгдсэн. Тэгээд давж заалдах шатны шүүх хурлаар Ц.Ганчимэгт 542 700 төгрөг өгөхөөр шийдвэр гарсан. Листтэй гэх үедээ цагаан сар болох дөхсөн байсан, гадуур шинэ сарынхаа бэлтгэлээ хийгээд ажилдаа очихгүй зах дэлгүүр гудамжинд ажлын газрынхантайгаа байнга тааралддаг, надтай мобиком, үйлгээний төв, “Есөн эрдэнэ” зах дээр удаа дараа таарч байсан. Ажилдаа очихгүй эмчийн ажил мэргэжлээ ашиглан өөр өөр газраас лист бичүүлж өгчихөөд явдаг байсан. Хамт олон “юу ч болоогүй шүү дээ, Ганчимэг 3 өдөр ажилдаа ирэхэд зүгээр л байсан, ингэж хүнээс мөнгө нэхэж байх аа болимоор юм” гэж ярьцгаадаг. Нэхэмжилсэн мөнгийг би өгч чадахгүй. Учир нь эдгэрэх хугацаа дуусаад 5 сар болж байхад, 5-р сард өвчилсөн лист, эмийн баримтыг нэхэмжилж байгаа нь ямарч үндэслэлгүй тул надад хамаагүй. Тенториумны баримтуудыг анхан шатны шүүх хурлаар 2 удаа хэрэгсэхгүй болгосон. Мөн 2016 оны 6 сарын 22 нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан шүүгч 3.Хосбаяр, С.Цэцэгмаа, Ц.Туяа, прокурор Ч.Сэлэнгэ нарын бүрэлдэхүүнтэй болсон давж заалдах шатны шүүх хурлаар цаашид гарах эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, цалингийн зөрөө, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэж нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тенториумны нэмэлт бүтээгдэхүүнийг 2 цаасан дээр бичиж оруулж байсан бол одоо дахин өөр толгойтой өөр 3 цаасан дээр мөнгөн дүнг нэмээд оруулж ирж байгаа нь үндэслэлгүй, надаас яаж ийж байгаад л гаргуулах гэсэн аргаа янз бүрээр хайж байна. Ц.Ганчимэг нь хамаатан эгч Тогтохынхоо “Тенториум” сүлжээний зарлагын падааныг ашигласан байсан. Тогтох нь “Тенториум” сүлжээний борлуулагч хийдэг. Анхан шатны шүүх хурлаар 1 492 700 төгрөг олгохоор шийдсэнг, давж заалдах шатны шүүх хурлаар авч хэлэлцээд, өмгөөлөгчийн зардал 600 000 төгрөгийг үндэслэлгүй гэж хасаад дээр нь миний Ц.Ганчимэгт өгсөн 350 000 төгрөгийг хасаад, 542 700 төг өгөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч Ц. Ганчимэг нь өөрөө хууль зүйн туслалцаа хүсэж өмгөөлөгч хөлсөлж авсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш харин Ц. Ганчимэг, өмгөөлөгчийн хооронд хийгдсэн гэрээний дагуух өөрөө төлөх төлбөр байна гэж давж заалдах шатны шүух хурлын бүрэлдэхүүнээс өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөгийг хасах нь зүйтэй гэж шийдсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа олон хоногоор алдаагүй гэж үзэж дүгнэлт гаргасан. Иймд энэ олон хоногоор лист авсан нь үндэслэлгүй. Би түүнд цалингийн зөрөөг өгөх ёсгүй. 2016-06-22-ны өдрийн Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн 2016-05-11-ний өдрийн 94-р тогтоолын шийтгэх тогтоолыг хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан тул хүчингүй болгосон. Ж.Нямдоржоос 542 700 төгрөгийг Ц. Ганчимэг олгосугай гэж шийдвэрлэсэн. Хуурамч лист, эмийн баримтыг шүүхээр дахин дахин оруулж нэхэх нь шударга ёсонд нийцэхгүй байна. Би энэ хүний эмчилгээний зардлыг олон дахин нэмэгдүүлж 350 000 төгрөг өгсөн. Одоо бас давж заалдах шатны шүүхээс гарсан 542 700 төгрөг өгөхөөр гарсан байгаа. Дэндүү их шуналтаж байна. Би ийм их мөнгө өгөх амьдралтай ч хүн биш. Зээлээс зээлийн хооронд амьдраад, өөрийгөө ч эмчлүүлж чадахгүй, оюутан хүүгийнхээ зардлыг ч өгч дийлэхгүй байна. Энэ хүнд хүн чанар байна уу? Иймд дээрх байдлыг хянан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Ганчимэг нь Ж.Нямдоржид холбогдуулан “Гэм хорын хохирол 1 830 831 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзсэн.   

            Хариуцагч Ж.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 119 дугаартай магадлал, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.   

            Ж.Нямдоржийн дээрх үйлдэл нь Ц.Ганчимэгийн биед учруулсан хөнгөн гэмтэлтэй шалтгаант холбоотой байх ба Ц.Ганчимэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй.                      

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эмнэлгийн хуудаснууд, эмийн сангийн зарлагын баримтууд, “Алтан-Апи” ХХК-ийн Тенториумын бүтээгдэхүүний зарлагын баримтууд, листний мөнгөний зөрүү зэрэг баримтуудыг үндэслэсэн. 

            Хариуцагч, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Ц.Ганчимэгийн нэхэмжилж байгаа 1 830 831 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй, үндэслэлгүй гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 830 831 төгрөгийг шаардлагаас листний мөнгөний зөрүү буюу хэргийн 5-7 дугаар хуудас дахь эмнэлгийн хуудастай холбоотой шаардлагууд, мөн өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх 247 000 төгрөг, 352 500 төгрөгийн шаардлагатай холбоотой баримтуудыг өмнө нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 119 дугаартай магадлалаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Дээрх шаардлагуудын талаар өмнө нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул шүүх дахин хэлэлцэх, нотлох боломжгүй юм.

            Эмийн сангаас авсан гэх эм, тарианы баримтуудыг /хэргийн 10-11х/ хэн эмчийн заавраар хэдийд эмчилгээ бичүүлсэн нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар нотолсон баримт ирүүлээгүй, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн мөн Тенториумын /хх-ийн 14х/ бүтээгдэхүүн хэрэглэсэн гэсэн баримт байгаа боловч энэ нь зайлшгүй хэрэглэх шаардлагатай эмийн эмчилгээ гэж үзэхгүй, хэн нэгэн эмчийн зөвлөгөөгөөр биш өөрөө энэ байгууллагад элсэн орж дархлаагаа сайжруулах зорилгоор бүтээгдэхүүн авч хэрэглэсэн нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлага үндэслэлгүй байна.

            Листний мөнгөний зөрүү гэж 466 389 төгрөг нэхэмжилнээс хэргийн 5-7 дугаар хуудас дахь эмнэлгийн хуудсуудыг өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2016-05-13-наас 2016-05-23-ны өдрийн эмнэлгийн хуудас нь ердийн өвчний оноштой байх бөгөөд нэхэмжлэгч, миний зүрх өвдөөд 2016 оны 05 сард лист бичүүлж авсан гэж тайлбарлаж байгаа нь Ж.Нямдоржийн, Ц.Ганчимэгийн биед учруулсан тархи доргилт, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт үүсгэсэн гэмтэлтэй хамааралгүй тул хангах боломжгүй гэж үзэв.

            Харин 2015-12-24-нөөс 2016-01-07-ны хоорондох эмнэлгийн хуудсаар олгогдсон цалингийн зөрүү /нэг өдөрт олгох хөдөлмөрийн хөлс орлого 22 980 төгрөгийг ажлын 10 хоногоор үржүүлээд 229 800 төгрөгнөөс визанд орсон 113754 төгрөгийг хасаад/ 116 036 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.               

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Нямдоржоос 116 036 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ганчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 714 795 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас  4 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                                             ШҮҮГЧИД                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА