Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 670

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч Д.Уянга,

Өсвөр насны шүүгдэгч А.Э , түүний хууль ёсны төлөөлөгч С.Анхбаяр, тэдний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ё” хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.Э т холбогдох эрүүгийн 2006 00762 0786 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын   ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , А.Э .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Өсвөр насны шүүгдэгч А.Э  нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Э  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэлэх зүйл

байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Анхбаяр мэдүүлэхдээ: “...Охиныхоо хийсэн хэрэгт харамсаж байна. Цаашид охиноо дахиж гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Л.Ариунбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1992 дугаартай дүгнэлт /хх-14/, өсвөр насны шүүгдэгч А.Э ийн урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-17/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Өсвөр насны шүүгдэгч А.Э  нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгийн өгсөн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 12 цаг өнгөрч байхад 12б ангийн найзтайгаа хэрэлдсэн. Тэгээд хичээл тарах үед надтай хэрэлдсэн найз маань 12а ангийн 3 найзтайгаа хамт ангийн үүдэнд ирсэн байсан. Тэгээд би тэр охинтойгоо нөгөө асуудлаа яриад ойлголцох гээд ярьж байгаад маргасан. Манай ангийн багш болиулсан. Тэгээд би хичээлээ тараад 24 дүгээр байр руу очоод найзынхаа гэрт очоод сууж байхад нөгөө 12 а, б ангийн 4 охин орцных нь үүдэнд ирсэн. Тэгээд би гараад тэд нартай нилээн хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж байх үед хэрэлдсэн охин намайг түлхсэн. Тэгээд байж байхад 12а ангийн охин намайг алгадахаар нь би зөрүүлж нэг алгадсан. Тэгээд барьцалдаад салсан. Тэгээд намайг бөөнөөрөө доромжлоод байхаар нь манай найз ууран тэр эмэгтэйг үсдсэн. Тэгээд би нөгөө охинтойгоо маргалдаад байж байсан чинь найз нь хажуугаас орж ирээд гэнэт миний нүүр рүү цохисон. Тэгээд урд гарч ирээд намайг дахиж цохиод, алгадаад авсан. Тэгэхээр нь би доошоо суугаад босоод ирсэн чинь миний нүүр хавдчихсан. Тухайн үед Наранжаргал нь Хулангийн гэр рүү ороод буцаж гарч ирэхдээ уйлаад гарч ирсэн. Би Тэлмүүнтэй юм яриад зогсож байсан чинь А.Э  нөгөө найзуудтайгаа гарч ирээд намайг юу ч мэдээгүй байсан чинь миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгсэн миний уруулнаас цус гарсан. Цохингуутаа А.Э  нь миний урд ирж зогсоод дахиад нүүр рүү гараараа цохисон. Зүүн хацарт цохисон. Намайг дээш өндийгөөд босч ирсэн чинь миний зүүн талын хацар хавдсан байсан. Араас нь найзууд нь над руу хараад нүүр нь хавдчихсан гээд гараад явцгаасан. Тэгээд би Хулангийнх руу ороод нүүрэндээ жин тавьж сууж байгаад гэртээ орсон. Уруул хавдсан, зүүн хацар хавдсан, зүүн нүд хөхөрсөн байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Зүүн нүдэнд цус хурсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст өгсөн: “....Гомдол гаргасан тал болон түүний гэр бүлтэй ярилцан тохиролцсон учир гаргасан өргөдлөө буцааж байна.” /хх-36/ гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч Л.Анхтуулын өгсөн: “...Хохирол төлж барагдуулаагүй. Би тэднээс мөнгө авахгүй. “Уулзахдаа бид нар мэдэгдэхгүй яасан юм бэ, шууд цагдаа руу явчихлаа, энэ хүүхэд чинь ял авна” гээд ээж нь уйлаад байсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1922 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Ариунбилэгт зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод уруулын шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-14/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

          

          Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан: “...Өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д “...хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Э ийн 2020 оны 1 дүгээр сарын     24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

         Насанд хүрээгүй хохирогч Л.Ариунбилэг, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Анхтуул нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүхээс өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Өсвөр насны шүүгдэгч А.Э ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Э  нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насын шүүгдэгч А.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э ийг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Э т оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч А.Э , түүний хууль ёсны төлөөлөгч С.Анхбаяр нарт мэдэгдсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч А.Э  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч А.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч А.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС