| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00499/И |
| Дугаар | 499 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 499
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт, оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Харуул ба зузаан овгийн Мөнхбатын Адъяадолгорын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох””-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Дорждулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Адъяадолгор шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Адъяадолгор “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
М.Адъяадолгор нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 546 тоот лавлагаа, Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөл Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн хамтарсан хурлын 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3/68 тоот тогтоол, 1986 оны 11 дүгээр сарын 07, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбарууд, гэрч Г.Дамдиндорж, П.Түмэннаст, Т.Цэрэндорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.Адъяадолгор “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харуул ба зузаан овгийн Мөнхбатын Адъяадолгорыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА