| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0011/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 15
Ж.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Ялтан Ж.*******
Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолтой Ж.*******д холбогдох 201616010112 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ж.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.******* нь 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтуугаар *******-******* УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тогтоомж зөрчиж Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч гэр доторбайсан иргэн В.*******ын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх: Ж.*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан Ж.*******гийн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, *******-******* УНР Синотрак маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины дугуйг хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ж.*******гийн 496952 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Ж.******* давж заалдсан гомдолдоо: ******* сум дахь сум дундын шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоон, уг ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн болсон хэрэг учралын талаар би маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх зүйл байхгүй, энэ байдлаа эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үе шат хүртэл хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ. Хэрэг гарснаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд би гүнээ харамсан гэмшиж байгаа ба хохирогчийн ар гэрийнхэнд өөрийн зүгээс хохирол төлбөрийг барагдуулсан. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний биеийн эрүүл мэндийн байдал /ясны идээт үрэвсэлтэй болсноос улбаалан баруун хөлний чөмгөө хусуулж байнгын эм тариа хэрэглэх улмаар дулаан байх зэрэг дэглэм сахих шаардлагатай байдаг/, миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан үзээд шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү. Миний ар гэрийн ахуй амьдралын хувьд эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдээ хараад гэрээр байдаг. Би ажил хийж амьдрал ахуйгаа залгуулж явсан хүн. Одоо ар гэрийнхэн маань ямар нэгэн орлогогүй амьдрал хүнд хэцүү байдалд ороод байна. Хэрэв надад итгэл хүлээлгэж хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэж өгсөн тохиолдолд би автомашин засварлах засварын ажил эрхэлж, алдсан алдаагаа дахин гаргахгүй байж чадах болно гэдгээ та бүхэнд амлаж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт тухайн зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, аль эсвэл хариуцлагаас зайлсхийх санаа зорилготойгоор тухайн хэргийн газраас зугтаасан үйлдлээр илэрдэг гэсэн. Тухайн хэрэг учралын үед миний үйлчлүүлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэрээс гарч машин унаад явсанаа санадаггүй юм. Тэгэхээр энэ үйлдлийг энэ хүн хүсэж үйлдээгүй, санаатайгаар хариуцлагаас зайлсхийх, осол гарсан газраас зугтаая гэсэн ямар нэгэн үйлдэл байдаггүй юм. Иймээс Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын хувьд зүүн хөлний чөмөг огт байхгүй. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж заасан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй гэсэн үндэслэлийг зааж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн байвал гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй. Хохирогчийн зүгээс 15 сая төгрөг нэхдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 5100000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байдаг. Өөрийн үйлчлүүлэгчийг өр зээл тавиулаад нотлох баримтаар нотлогдсон хэмжээнээс илүү 9 сая төгрөгийг ар гэрийнхэнд нь өгсөн байгаа учраас хохирлыг хангалттай нөхөн төлсөн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Ж.*******гээс: Би өөрийн алдаатай үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Миний биеийн эрүүл мэнд, ар гэрийн байдлыг харгалзан үзэж миний ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгвөл итгэл алдахгүй амьдарч чадна гэдгээ амлаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Ж.*******г 2016 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтуугаар *******-******* УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тогтоомж зөрчиж Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч гэр дотор байсан иргэн В.*******ын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутай гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтааж ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж шийдвэрлэхдээ Ж.*******д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг орхигдуулан Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийг буруу хэрэглэжээ.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, тэрхүү нэхэмжлэлийг шүүх хэргийн хамт шийдвэрлэнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг Монголын Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлно” гэж зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс учирсан гэм хорыг гэм хор учирсан тал нь тээврийн хэрэгслийг ашиглагчаас гадна эзэмшигч, өмчлөгчийн хэнд нь ч холбогдуулан шаардлага гаргаж болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулж өгсөн. Тиймээс тээврийн хэрэгслийн ашиглагчаас гадна эзэмшигч, өмчлөгчийг бүрэн тогтоож, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг зөв тогтоох ажиллагааг явуулах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үүрэг юм. Гэтэл хавтас хэргийн 131 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ж.*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан *******-******* УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Батхүрэлийн Батсүх болох нь тогтоогдсон бай******* Иргэний хуульд гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдэд тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөө байхаар заасан бай******* тухайн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох эсэх асуудлыг шүүх шийдвэрлээгүй байна.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох ёстой. Хохирогч Г.Ариунсанаа нь сэтгэл санааны хохиролд /хх-30/ 4000000 төгрөг нэхэмжилсэн бай******* дээрх нэхэмжлэлд анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй цаашид энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг нь шийтгэх тогтоолдоо бичээгүй орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүх Ж.*******д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогчийн гэм хорын хохирол нөхөн төлүүлэх эрхэд нөлөөлж болох байдлыг анхааран үзэлгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй ялтны хорих ялыг тэнсэх тухай гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.2 дахь хэсэг, 317 дугаар зүйлийн 321.1.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ж.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Х.ГЭРЭЛМАА