Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0328

 

Д.Ж-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, П.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Ж-ны нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 265 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж-аас гаргасан “Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тагнуулын ерөнхий газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн олгох захиргааны акт гаргахыг Тагнуулын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэрийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие Тагнуулын ерөнхий газрын даргын 2006 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 399 дүгээр тушаалаар “Ёл хад” амралтын газрын даргаар томилогдон 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр утсаар ажлаа хүлээлгэж өгөхийг даалгасны дагуу чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал, үндэслэлтэй танилцаагүй, нэг ажилтан утсаар цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэл хэлсэн. Хууль зүйн үндэслэлтэй тушаал гарган ажлаас чөлөөлж байна, холбогдох тэтгэмжийг шийдвэрлэсэн байх гэж ойлгон тухайн үед гомдол гаргаагүй, тушаал гардуулж өгөөгүй, танилцуулаагүй учир гаргах ч боломжгүй өнгөрсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа ч явуулалгүй төрийн албанаас ийнхүү халсантай холбоотойгоор хуулийн дагуу олговол зохих тэтгэмж, олговрыг олгоогүй асуудлаар байгууллагадаа хүсэлт гаргасан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн тусгай албанд ажилласан 14 жилд ногдох хуулиар тогтоосон тэтгэмж авах эрхийг зөрчсөн эс үйлдэл гаргасныг анхан шатны шүүх зөв гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгч хуулийн бүлгийн нэр, заалтыг дурдаж хэрэглэхдээ хуульд заасан “нэг удаагийн тэтгэмж” гэх үгээр цэргийн албан хаагч ажлаас ажил олгогчийн санаачилгаар халагдах тохиолдолд олгогдох тэтгэмжийг миний 2004 онд цэргийн тэтгэврийг тухайн үеийн ажилласан жилдээ тооцуулан, уг харилцаа үүсэх үед үйлчилж байсан хуулийн дагуу авсан тэтгэмжтэй хольж буюу “амьдралдаа нэг удаа” авах тэтгэмж мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Миний бие өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж тэтгэвэрт гарахдаа тухайн үеийн ажилласан жилдээ тооцуулан 2004 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан заалтын дагуу тэтгэмж авсан. Тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу авч байсан цалингийн 60 хувиар тогтоолгон, одоо 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. 2006 оноос хойш цэргийн албанд ажилласан ч одоогийн хуулийн дагуу тогтоолгох 80 хувиар цэргийн тэтгэвэр дахин тогтоолгох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор цэргийн тэтгэврийн хэмжээ, тэтгэмж авах нөхцөл өөрчлөгдсөн байхад шүүх хуулийг буцаан хэрэглэж байгаад гомдолтой байна.

Одоо шаардаж буй тэтгэмж бол 2006 онд дахин шинээр хөдөлмөрийн харилцаанд орж, 14 жилийн турш сардаа ганц удаа гэртээ хонож, гэр бүлээсээ хол, төрийн тусгай албанд ажиллаж байгаад “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр халагдсантай холбоотой.

Гэтэл “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэх үндэслэлээр хүнийг ажлаас “халагдсан” тушаал гаргасан гэж хариуцагч байгууллага тайлбарласаар байхад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг өмнө авсан, авсан тэтгэмжээ дахин авах гэж байгаа мэтээр дүгнэж иргэний эрхийг зөрчин шийдвэр гаргалаа.

Улмаар мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн хоёр заалт нь 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй холбоотой байгааг анхааралгүй, тэтгэмж олгох хоёр өөр нөхцөл тогтоосон заалтын гипотезийг хольж, нэгтгэн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, 18 дугаар зүйл нь цэргийн албанаас “халагдах” үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд энэхүү үндэслэлүүдээс тэтгэвэрт гарсан бол 19.1 дэх хэсэг нь “тэтгэвэрт гарсан үндэслэлд хамаарах 36 сарын тэтгэмж авах эрхийг”, харин 19.2 дахь хэсэг нь “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр халагдсан бол 18 сарын тэтгэмж авах эрхийг” тодорхойлсон байгааг шүүх анхаарсангүй.

Хэргийн баримтаар авагдсан шүүхийн академик тайлбарт хэрэглэдэг ишлэл хэрэглэн заасан нотлох баримтад миний өмнө 2004 онд тэтгэвэр тогтоолгож ажлаас “чөлөөлөгдсөн” талаар заасан байхад энэ үйл баримтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр өөрчлөлт оруулсан дээрх 18 болон 19 дүгээр зүйлийн заалтуудыг буцаан хэрэглэсэнд гомдолтой байна. Улмаар шүүгч Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн “тэтгэвэр тогтоолгон авах эрх” үүсэх үндэслэлийг тайлбарласан тайлбарыг тэтгэвэр тогтоолгох маргаан үүсгээгүй миний нөхцөл байдалд хамааруулан хэрэглэж шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, “насны дээд хязгаар хүрсэн” гэх үндэслэлээр ажлаас халагдсантай холбоотой тэтгэмж авахаар шаардсан нэхэмжлэлд “тэтгэвэр тогтоолгон авах” эрхтэй холбоотой заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэрэглэн хуулийг илт гуйвуулан тайлбарласан.

Шүүх хариуцагч байгууллагын тайлбартаа дурдсан улсын төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор хуулийг гуйвуулан тайлбарласанд харамсаж байна. Шүүгч хэргийн нотлох баримтыг үнэлэх, үйл баримтад хамаарах хуулийг хэрэглэхдээ хөндлөнгийн байх зарчмыг баримтлаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг зөрчсөн. Учир нь намайг өмнө цагдаагийн байгууллагаас “тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдөх” авсан тэтгэмжийг заан, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр ажлаас гэнэт халагдсан хүнд хуулиар тогтоосон тэтгэмжийг олгоогүй Тагнуулын ерөнхий газрын эс үйлдлийг зөвтгөх үндэслэл болгохдоо намайг “дахин тэтгэмж авахаар шаардаж байгаа” хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэжээ. Миний бие авчихсан тэтгэмжийг дахин авахаар шаардаагүй, 2006 оноос хойш 14 жил цэргийн албанд ажиллаж, насны дээд хязгаарт хүрсэн гэх дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр “халагдсан”-тай холбоотой тэтгэмж авахаар шаардсан.

“Цэргийн тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдөх”, “насны дээд хязгаарт хүрч ажлаас халагдах” гэсэн өөр өөр цаг хугацааг хамарч үүссэн, хууль зүйн өөр өөр үр дагавар бүхий зохицуулалтуудыг шүүгч ямар учраас хольж, нэгтгэн тайлбарлаж захиргааны буюу Тагнуулын ерөнхий газрын талд шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. 2020 онд гарсан Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, миний 2006 онд тогтоолгож хуулийн дагуу авч байсан тэтгэвэр /600,000 төгрөг/, тухайн үеийн тэтгэвэрт гарахад цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу олгогдсон тэтгэмж, Тагнуулын ерөнхий газарт ажил хөдөлмөр эрхэлсний төлөө хуулиар тогтоосон цалин хөлсийг минь дурдан, “эрх зүйн байдлыг минь дээрдүүлж байсан” мэтээр хувь хүн рүү чиглэсэн, төрийн албан хаагчийн ёс зүйд байх боломжгүй хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбаруудыг, мөн миний хүү намайг итгэмжлэлээр төлөөлөн оролцохдоо шүүх хуралдаанд хэлсэн итгэмжлэл, төлөөлөлтэй холбоотой хэлсэн үгийг аман ярианы хэллэгээр бүгдийг нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичсэнээс үзэхэд шүүгч маргааны зүйлийг зөв тодорхойлж дүгнэлт хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй, хүний ямар эрх, ашиг сонирхол төрийн байгууллагын албан тушаалтны хууль буруу хэрэглэснээс зөрчигдөж байгааг ойлгосонгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Улмаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэ хариуцагчийн гаргасан төсвийн хөрөнгийг хэмнэх тухай тайлбарыг бичсэнээс үзэхэд хүний 14 жил цэргийн алба хаагчийн хувиар орон гэр, гэр бүлээсээ хол ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэх үндэслэлд хамааруулсан гэж үзэхээр байна. Хариуцагч талын гаргасан маргаанд хамааралгүй, ёс зүйгүй эдгээр тайлбаруудыг шүүх шийдвэртээ бичиж байгаа бол түүнд дүгнэлт өгөх ёстой. Хэрэгт ач холбогдолгүй буюу дүгнэлт өгөх шаардлагагүй байсан бол шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичсэнд гомдолтой байна.

Эцэст нь, энэ гомдолд дурдсан дээрх үндэслэл, тайлбарыг харгалзан үзэж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ж “... Б/691 дүгээр тушаалаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн ... тушаалыг надад гардуулж өгөөгүй бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн тухай надад мэдэгдсэн ... албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг ... гаргахдаа төрийн тусгай буюу цэргийн алба хааж, хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн тухайн хүнд тодорхой эрх хязгаарлалтад ажилласны төлөө хуульд заасны дагуу төрөөс ... эдийн засаг, нийгмийн баталгааг хангахтай холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй байсан ... байгууллагын удирдлагын санаачилгаар цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлж байгаад надаас аливаа санал, хүсэлт, гомдол байхгүй ч энэ үндэслэлээр чөлөөлөгдсөн би төрийн тусгай, цэргийн алба 14 жил 1 сар хаасан хугацаанд хамаарах нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу авах эрхтэй, Тагнуулын ерөнхий газраас олгох үүрэгтэй ...” гэсэн үндэслэлээр “Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тагнуулын ерөнхий газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгох захиргааны акт гаргахыг Тагнуулын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан,  хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр бус цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тул дээр дурдсан буцалтгүй тусламжийн мөн адил олгох боломжгүй ... цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авсан иргэн Д.Ж-д дахин нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй ...” гэх тайлбарыг гаргаж маргасан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2510/245 дугаар лавлагаа /хх-33/, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/121 дүгээр албан бичиг /хх-25/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох, сахилгын шийтгэл оногдуулах, халах, тэтгэвэр, тэтгэмж олгох тухай” 575 дугаар тушаал /хх-32/-уудаас үзэхэд нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Цагдаагийн газрын даргын 1995 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар мөн оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Тамгын хэлтэст аж ахуйн ахлах байцаагч /энгийн/-аар томилогдсон байх бөгөөд түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 575 дугаар тушаалын холбогдох хэсгээр 2004 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, цэргийн тэтгэвэрт гаргаж, 36 /гучин зургаа/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Цэргийн албан хаагчийн Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтын дагуу цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэгэнт авсан болох нь тогтоогдсон байна.

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын даргын 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 399 дүгээр тушаалаар /хх-23/ нэхэмжлэгч Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Ж-ыг 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын “Ёл хад” амралтын даргаар томилж, цэргийн дэд хурандаа цол олгосон байх бөгөөд мөн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/691 дүгээр тушаалаар /хх-24/ Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газрын Санхүү, аж ахуйн газрын Нөхөн сэргээх төвийн дарга, хурандаа Д-ийн Жыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна”, 2 дахь хэсгийн 3/-д “нэг удаагийн тэтгэмж”, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр”, 2/-д “биеийн эрүүл мэндээр”, 3/-д “цэргийн алба хаах нас хэтэрч”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 4-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно”, 3-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд цэргийн алба хаагчид хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн тэтгэмжийг олгохоор зохицуулсны дотор тэтгэвэрт гарах, цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдол хамаарч байх бөгөөд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа, харин цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа тус тус олгохоор ялгаатай зохицуулсан нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэвэрт гарах эсхүл цэргийн алба хаах нас хэтэрч халагдах зэрэг тохиолдлуудын аль тохиолдол гэдгээс хамаарч цэргийн алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт нарийвчлан зохицуулсан, цэргийн алба хаагч нь тэтгэвэрт гарч эсхүл цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан эсэхээс үл хамааран дээрх хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгохоор зохицуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчид олгох 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг /25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 2/-д “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй .../ хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч “биеийн эрүүл мэнд” эсхүл  “цэргийн алба хаах нас хэтэрсэн” гэх зэрэг хуульд тухайлан заасан үндэслэлээр цэргийн албанаас халагдсан тохиолдолд тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 575 дугаар тушаалаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авсан энэ тохиолдолд хэдийгээр Тагнуулын ерөнхий газарт алба хаасан болох нь тогтоогдож байгаа ч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан “нэг удаагийн тэтгэмж”-ийг “цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан” гэсэн үндэслэлээр дахин олгох хууль зүйн боломжгүй, хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн маргаан бүхий Б/691 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Санхүү, аж ахуйн газрын Нөхөн сэргээх төвийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө тус байгууллагад ажилласан 14 жил 1 сарын хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж олгохоор заагаагүйг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 Хариуцагчийн “...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг цэргийн бүрэн тэтгэвэрт гарахад мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хувь тэнцүүлэн цэргийн тэтгэвэр тогтоолгож буй албан хаагчид олгож ирсэн... Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-д “... нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй” гэж, 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгож журам”-д “... тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан ...” гэх тайлбар үндэстэй байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.1-д “Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баримтална”, 4.4-д “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж, мөн Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 10-д “Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдах үед энэхүү журмын 3, 7-д заасан нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгчийн “... цэргийн алба хаагч ажлаас ажил олгогчийн санаачилгаар халагдах тохиолдолд олгогдох тэтгэмжийг миний 2004 онд цэргийн тэтгэврийг тухайн үеийн ажилласан жилдээ тооцуулан, уг харилцаа үүсэх үед үйлчилж байсан хуулийн дагуу авсан тэтгэмжтэй хольж буюу “амьдралдаа нэг удаа” авах тэтгэмж мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...  тэтгэмж олгох хоёр өөр нөхцөл тогтоосон заалтын гипотезийг хольж, нэгтгэн хуулийг буруу хэрэглэсэн ... өөр цаг хугацааг хамарч үүссэн, хууль зүйн өөр өөр үр дагавар бүхий зохицуулалтуудыг шүүгч ямар учраас хольж, нэгтгэн тайлбарлаж захиргааны буюу Тагнуулын ерөнхий газрын талд шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна ...“ гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “... албан тушаалаас чөлөөлөгдсөн Б/691 дүгээр тушаалыг надад гардуулж өгөөгүй бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн тухай надад мэдэгдсэн ...” гэж маргасан байх бөгөөд хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгч Жыг Тагнуулын ерөнхий газрын Санхүү, аж ахуйн газрын Нөхөн сэргээх төвийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэхтэй холбоотой баримт авагдаагүй байх боловч  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны 1045 дугаар тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... сонсох ажиллагаатай холбоотой харилцааг шийдвэр гаргахтай холбоотой хүний нэгжийн асуудал хариуцсан нэгжээс алба хаагч Д.Ж-ныг албанаас чөлөөлөх тухай шалтгааны талаар мэдэгдэх хуудас явуулсан ...” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг тайлбарыг үгүйсгэх баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй, мөн хариуцагч уг тушаалаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөхдөө тус байгууллагад ажилласан 14 жил 1 сарын хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж олгохоор заагаагүй нь дээр дурдсан үндэслэлүүдээр хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа ч явуулаагүй төрийн албанаас ийнхүү халсантай холбоотойгоор хуулийн дагуу олговол зохих тэтгэмж, олговрыг олгоогүй асуудлаар байгууллагадаа хүсэлт гаргасан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төрйин тусгай албан ажилласан ... тэтгэмж авах эрхийг зөрчсөн эс үйлдэл гаргасныг анхан шатны шүүх зөв гэж шийдвэрлэсэнд гомдолтой ...” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж тус тус заасан бөгөөд шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... цэргийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон хүнийг цэргийн албан хаагчид тооцогдох албан тушаалд үргэлжлүүлэн, эсхүл дахин ажиллуулж цалин олговол Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчихөөс гадна хууль бусаар цалин хангамж олгож төрд хохирол учруулах үр дагавартай гэж заасан ...” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч бол манай аав байгаа. Би хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Тэгээд итгэмжлэлээр орж байгаа ...” гэх тайлбаруудыг тусгасныг буруу гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн “... хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбаруудыг, мөн миний хүү намайг итгэмжлэлээр төлөөлөн оролцохдоо шүүх хуралдаанд хэлсэн итгэмжлэл, төлөөлөлтэй холбоотой хэлсэн үгийг аман ярианы хэллэгээр бүгдийг нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичсэнээс үзэхэд шүүгч маргааны зүйлийг зөв тодорхойлж дүгнэлт хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй, хүний ямар эрх, ашиг сонирхол төрийн байгууллагын албан тушаалтны хууль буруу хэрэглэснээс зөрчигдөж байгааг ойлгосонгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна ... хүний 14 жил цэргийн алба хаагчийн хувиар орон гэр, гэр бүлээсээ хол ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэх үндэслэлд хамааруулсан ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д заасныг баримталж, маргаанд хамаарах Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлаагүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт эдгээр хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 265 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-аас гаргасан, “Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тагнуулын ерөнхий газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгох захиргааны акт гаргахыг Тагнуулын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ