Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2025

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00905 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хашаанд барьсан торхон байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХХ,

Хариуцагч: ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ХХХтай тохиролцож ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байх хашаа, байшинг 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 000 000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд нийт 11 000 000 төгрөг төлсөн. ХХХ нь тухайн газрыг 227 м.кв, 200 м.кв талбайгаар хуваасан байдаг. 2010 онд бид хашааг бүтнээр нь худалдах, худалдан авах тухай эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар захирамж гарсан. 2012 онд ХХХ нь ХХХХ-д холбогдуулан шүүхэд “Хашаа байшин зарсан хэлцлийг хүчингүй болгуулах, хэлцлээр шилжүүлсэн хашаа, байшинг буцаан авах тухай” нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү худалдан авсан газар, байшинтай холбоотой хийгдсэн улсын бүртгэлийн асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 427 м.кв газрыг 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн ХХХ, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн ХХХ, ХХХ, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ХХХ, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХХХ, ХХХын нэр дээр тус тус бүртгэсэн ХХХХХХХХ, ХХХХХХХХХ дугаартай улсын бүртгэлүүдийг болон тэдгээрийг гэрчилсэн газрын ХХХХХХХХХ, ХХХХХХХХ, хувийн сууцны ХХХХХХХХХ, ХХХХХХХХХ дугаартай гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 111 дүгээр захирамжийн ХХХХ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоох асуудлаар иргэний шүүхэд хандах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд ХХХХ намайг ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байх 427 м.кв газар, 37.4 м.кв хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, уг газар дээр ХХХын нэрийг барин манай хашааг дур мэдэн хувааж, 2015 онд барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХХХХ нь 6x8 харьцаатай өвлийн байшин, 427 м.кв талбай бүхий газраас 226 м.кв талбайг автомашины гараашийн хамт 13 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 11 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өгөөгүй. ХХХХ нь өөрийгөө хохирсон гэх боловч үнэн хэрэгтээ миний бие цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Маргаж буй газар, байшинг би хууль ёсоор өмчилсөөр ирсэн. Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед төлөхөөр тохирсон ба би уг үүргийг зохих ёсоор, шударгаар биелүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тул гэрээнээс татгалзах тухай удаа дараа мэдэгдсэн. Иймд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон гэрээнээс татгалзаж байгааг баталж, ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байх гэр бүлийн хэрэгцээний 427 м.кв газар, уг газар дээр байрлах 37.4 м.кв талбайтай байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХг ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрших 226 м.кв талбай бүхий газар, 37.4 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, үлдэх 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2015 оны 09 дүгээр сард барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХг ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлээс 226 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Харилцан тохиролцсон гэрээ”-ээс татгалзаж байгааг батлуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХХХгаас 222 950 төгрөг гаргуулан ХХХХ-д олгож, ХХХХгаас 70 200 төгрөг гаргуулан ХХХХ-д, 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан харилцан тохиролцооны гэрээгээр 427 м.кв хэмжээтэй газрыг байшингийн хамт 13.000.000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулж, газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул 7 000 000 төгрөгийг урьдчилж өгч, байшиндаа орсон бөгөөд гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээг ХХХ нь санаатайгаар гэрээнд заасан газрын хэмжээг засварласан байгаа талаар шүүхээс огт дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, ХХХгийн нэхэмжлэлтэй, ХХХХ-д холбогдох “226 м.кв газрыг чөлөөлж, ХХХХг нүүлгэх, хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 739 дүгээр тогтоолд нэхэмжлэлд туссан шаардлага, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга зэргийг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээнд хийгдсэн засварыг тодруулснаар хэргийн бодит байдал, шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхой болно гэж дурдсаны дагуу уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар шийдвэрт 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн харилцан тохиролцооны гэрээнд засвар орсон байгаа талаар огт дүгнээгүй, хэлцэл хүчинтэй эсэхэд зөвхөн дүгнэлт хийсэн байхад уг гэрээг үндэслэн 427 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор одоо маргаж байгаа иргэний хэрэгт энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар захирамжаар ХХХгийн ХХХХ-д холбогдох иргэний хянан шийдвэрлэсэн болохоос уг 200 м.кв газрын өмчлөгч, эзэмшигч нь ХХХ гэдгийг тогтоогоогүй. ХХХгийн нэр дээр газар болон байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан боловч гэрээнийхээ дагуу миний нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлэлгүй, гэрээгээ хүчин төгөлдөр буст тооцуулах, улсын бүртгэлийн байгууллагад хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх гэрээ байгуулан хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, түүнчлэн барьцаанд тавьж зээл авах, миний газар доогуур шугам, сүлжээ татуулах гэрээг холбогдох байгууллагатай байгуулсан зэргээр гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэхээс зайлсхийж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх мөн энэ талаар дүгнээгүй байна. Дээрх байдлаар ХХХ нь миний одоо амьдарч байгаа газар, байшингийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар өөрийн дүү ХХХыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Нийслэлийн Засаг даргын ХХХХ-д өмчлүүлсэн шийдвэрүүдийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн тул ХХХ нь миний өмчлөх эрхтэй 200 м.кв газрыг хууль бусаар авахаар оролдож байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байх 427 м.кв газар, 37.4 м.кв хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг газар дээр 2015 онд барьсан байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХХтай 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлцэл хийж, ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах 427 м.кв талбай бүхий хашаа, байшинг худалдаж авсан /хх.1/ гэх боловч уг баримтад заагдсан талбайн хэмжээ засвартай байх бөгөөд хариуцагч шүүхэд “226 м.кв талбай бүхий хашаа, байшинг худалдсан” гэх тайлбар гаргасныг хэргийн 135-141 дэх талд авагдсан ХХХХ-д холбогдуулан ХХХгийн гаргасан өөрийн өмчлөлийн ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах 200 м.кв талбай бүхий газарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох үйлдлийг зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ХХХХ хүлээн зөвшөөрснийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй харьцуулан дүгнэхэд зохигчдын хооронд 427 м.кв талбай бүхий газрын 200 м.кв газрыг худалдах, худалдан авах гэрээний зүйлд багтаасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр 227 м.кв газар, 6х8 хэмжээтэй байшинг худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай ХХХгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ /хх.26-27/ нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХ нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 226 м.кв газрыг, уг газар дээрх 6х8 харьцаатай байшингийн хамт худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ХХХХг ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах 226 м.кв талбай бүхий хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн болно.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч ХХХХ нь анх тохиролцсон хашаа, байшингийн үнэ 13 000 000 төгрөгөөс 11 000 000 төгрөгийг төлсөн буюу гэрээний ихэнх үүргийг гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй юм.

 

Талуудын хооронд гэрээний зүйлийн талаар маргаан үүссэн байгаа, гэрээний зүйл болох 226 м.кв талбай хашаа, байшингийн өмчлөх эрхийг хариуцагч нь нэхэмжлэгчид бүрэн шилжүүлэн өгөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3, 225.4.4-т заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ-г, ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрших 226 м.кв талбай бүхий газар, 37.4 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 09 дүгээр сард барьсан торхон байшинг нүүлгэж, газар чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасныг баримтлан ХХХ-г ХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрших 200 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлээс 226 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох болон 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Харилцан тохиролцсон гэрээ”-ээс татгалзаж байгааг батлуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                                     ШҮҮГЧ                        С.ЭНХТӨР

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ