| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01051/и |
| Дугаар | 142/ШШ2016/01196 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2016/01196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-78 тоотод оршин суух Пэлжээгийн Уугантулгын /ФА75090664 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д хариуцагдах,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Уугантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч П.Уугантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Уугантулга би “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиралын 2008 оны 06 сарын 02 ны өдрийн 34К тушаалаар 69395 бүртгэлийн дугаартайгаар Уурхайчин соёлын ордонд борлуулалт, мэдээлэл сурталчилгаа хариуцсан арга зүйчээр ажилд орж байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан юм. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчилгүй, алдаа дутагдал гаргаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй атал хөдөлмөрийн гэрээг минь 2012 оны 09 сарын 05-ны өдөр цуцалж, жирэмсний амралттай байгаа А.Жавзан гэж хүний оронд нүүр хувиргагчаар томилсон цехийн дарга Б.Туяагийн Б/28 дугаартай тушаал гарч хөдөлмөрийн гэрээг минь цуцалсан байсан. Би байнгын ажлын байрнаас түр орон тоонд шилжих талаар хүсэлт гаргаагүй. Энэ үед цомхотгох талаар тушаал гарсан гэх яриа байсан боловч яг тийм тушаал Ерөнхий захирлын зүгээс гараагүй юм билээ. Дээрх Б/28 тушаалын тухайд байнгийн ажлын байрнаас түр орон тоонд шилжүүлэх тухай “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүний нөөцийн хэлтсээс, ерөнхий захирлаас ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байсан атал Уурхайчин Соёлын ордноос захирал буюу тушаал гаргах эрхгүй субъект тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд байгууллагын захиргаанаас орон тоо цомхотгосон болон хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон талаар тухайн үед надад мэдэгдээгүй. Харин 2014 оны 05 сарын 08-ны өдөр нэг мэдэгдэл гэх зүйл надад өгснийг би хүлээн аваад тухайн өдөр үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн захирал С.Сувдаад, мөн 2014 оны 05 сарын 15-нд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Л.Болор-Эрдэнэд хандаж хүсэлт гарган өгсөн. Үүний хариуд Уурхайчин соёлын ордны захиргаанд тушаал шийдвэрүүд чинь үндэслэлгүй, ойлгомжгүй, засаж залруулах, тодорхой арга хэмжээ авч хариуг ирүүлэх талаархи албан тоотуудыг удаа дараа илгээсэн байна. Мөн намайг үндсэн ажлын байранд минь эргүүлэн ажиллуулах, гаргасан Б/28 тушаал үндэслэлгүй талаар Хуулийн хэлтсээс албан тоот илгээсэн боловч захирал гэх А.Баясгалан мөн л хүлээн авч хэрэгсээгүй, ажлын байраар хангахгүй өдийг хүрсэн төдийгүй миний ажлын байранд өөрийн хувийн харьцаатай, одоо хамт амьдардаг Бүжидмаа гэх хүнийг тушаал гаргаж томилсон байсан. Би “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орсон цагаасаа Уурхайчин Соёлын ордны даргаас өгсөн үүрэг даалгавар, мэдээлэл борлуулалт хариуцсан арга зүйч, хүүхэд хариуцсан арга зүйч , зохион байгуулагч, касс зэрэг ажлуудыг орлон ажиллаж ажиллах хугацаандаа алдаа дутагдал, гомдол чирэгдэл гаргалгүй, илүү цагийн урамшуулал, орлон хийсэн ажлын нэмэгдэл авалгүйгээр чин сэтгэлээсээ хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Ингээд би 2014 оны 09 сарын 07 ны өдрөөс эхлэн ажлын байргүй, 11 сараас эхлэн хөдөлмөрийн хөлсгүй болж хохирсоор сая 2015 оны 7 сарын 31-ний өдөр гарсан Ерөнхий захиралын Б/840 дугаартай надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тушаалыг гардан авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би захирал А.Баясгалангаас болж өнгөрсөн хугацаанд ажилгүй болж эдийн засаг болон сэтгэл зүйн дарамтанд байсаар өнөөг хүрсэн. Намайг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, ажлын байраар хангахгүй, хүний нөөцийн хэлтэс, хуулийн хэлтэс, дарга, захирлуудын хаалганаас хаалга хүртэл олон удаа явуулж хохирол чирэгдэл учруулсан. Одоо ч би ид хийж бүтээх насан дээрээ хүний золиос болж мэргэжил, амьдрал, цаг хугацаагаараа хохирсоор явна. Иймд намайг эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч П.Уугантулга би тус шүүхэд хандаж “УБҮ-ийн Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд буюу намайг эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж нэхэмжлэлийн минь дагуу 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1044 дугаартай шийдвэр гарган нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн юм. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хурал болж шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Иймд би нэхэмжлэлээ тодорхой ойлгомжтой болгох зорилгоор дараах байдлаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Намайг арга зүйчийн ажлаас өөрчилж нүүр хувиргагчийн орон тоонд шилжүүлсэн 3 жилийн хугацаанд үе үеийн шат шатны дарга нарын хаалгыг татахад хүргэсэн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, уг тушаал нь миний ажлыг өөрчлөх тушаал гаргах эрх бүхий этгээдийн тушаал бус, өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаартай тушаалыг зөрчиж гаргасан тушаал тул хүчингүй болгуулах,
Намайг нүүр хувиргагчийн ажилд шилжүүлсэн гэх боловч би өнгөрсөн хугацаанд арга зүйчийн буюу өөрийн мэргэжлийн ажлыг хийж байсан тул арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох,
2014 оны 11 сараас хойш намайг ажилд минь тогтоох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах,
Ниймгийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх,
Ажилгүй байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үлйдвэрийн ажиллагсдад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь бонус зэргийг нөхөн олгуулах,
Уурхайчин соёлын ордоноос надад 2014 оны 05 сард мэдэгдэл өгснөөс хойш 1 жил 2 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Уугантулгын нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Б.Лхагвасүрэн миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба нэхэмжлэлтэй танилцлаа. П.Уугантулга нь Уурхайчин соёлын ордонд арга зүйчээр ажиллаж байгаад 2012-09-05-ны өдрөөс арга зүйчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс жирэмсний амралттай байсан нүүр хувиргагч А.Жавзангийн оронд ажиллаж байсан. 2012-09-17-ны өдрийн 4400/42 дугаартай хөдөлмөрийн гэрээнд Уурхайчин соёлын ордны нүүр хувиргагч А.Жавзангийн жирэмсний амралттай байх хугацаанд хүчинтэй гэж үргэлжлэх хугацааг тодорхой зааж талууд харилцан тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсэн болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан тул П.Уугантулгын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч П.Уугантулга нь анх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 11 сараас хойш ажилд тогтоох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах, ажилгүй байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үйлдвэрийн ажиллагсдад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь бонус зэргийг нөхөн олгуулах, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагуудыг нэмж гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч шаардлагаа хэргийн 6 дугаар хуудаст байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын 2015-07-31-ний өдрийн Б/840 дугаартай Пэлжээгийн Уугантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, хэргийн 37-42 дугаар хуудаст байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордны захиралын 2012-09-05-ны өдрийн Б/28 дугаартай өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, мөн захиралын 2008-06-02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 34/К тушаал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий хуулийн хэлтсийн болон хүний нөөцийн хэлтсийн дарга нарын П.Уугантулгын талаархи албан тоотууд, хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон тухай 2014-06-01-ний өдрийн мэдэгдэл, хэргийн 59-66 дугаар хуудаст байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий ерөнхий захиралын 2008-08-20-ны өдрийн 521 дугаартай хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг сайжруулах тухай, мөн захиралын 2010-01-22-ний өдрийн 521 тоот тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/42 дугаартай тушаал, 77 дугаар хуудаст байгаа цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй буй үндэслэлээ хэргийн 57 дугаар хуудаст байгаа П.Уугантулгын хүсэлтэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн 67-75 дугаар хуудаст байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордны 2010, 2011, 2012 онуудын орон тооны бүтцийг ерөнхий захиралаас баталсан жагсаалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий ерөнхий захиралын 2014-03-21-ний өдрийн хөдөлмөрийн харилцааг сайжруулах тухай А/184 дугаартай тушаал зэрэг нотлох баримтад үндэслэжээ.
П.Уугантулга нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордоны захиарлын 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 34/К тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордонд борлуулалт, мэдээлэл сурталчилгаа хариуцсан арга зүйчээр ажиллаж байгаад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордоны захиралын 2012-09-05-ны өдрийн Б/28 дугаартай “өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 21, 24 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, 2012-09-17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулж /хэргийн 10-11 дүгээр хуудаст/ жирэмсний амралттай байгаа А.Жавзангийн оронд нүүр хувиргагчаар түр шилжүүлэн ажиллуулсан байх ба ерөнхий захиралын 2015-07-31-ний өдрийн Б/840 дугаартай Пэлжээгийн Уугантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч 2012-09-05-ны өдрийн Б/28 дугаартай “өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” тухай тушаалаар нүүр хувиргагчийн ажилд шилжин ажиллах болсон үндэслэлээ “...Би өөрийн хүсэлтээр нүүр хувиргагчийн ажилд шилжээгүй, харин тухайн үед соёлын ордны дарга байсан Туяа намайг дуудаж уулзаад, ерөнхий захиралын тушаал гарсан, цомхтгол хийгдэнэ, соёлын ордоноос нэг арга зүйчийг хасна гэж амаар мэдэгдэл хэлсэн. Гэхдээ чамайг ажилд чинь үлдээх сонирхолтой байна. Ээлжийн амралтаа аваад,3 сарын цалингүй чөлөө ав тэгээд ажилд чинь авна гэсэн. Би ээлжийн амралтаа эдлээд 9 сард даргатай уулзахад байдал хүнд байна, Жавзангийн оронд нүүр хувиргагчаар түр ажиллаж бай, хүсэлтээ гарга, гэхдээ хийдэг ажлаа хийнэ, бүтээмжийн менежер давхар хийнэ гэсэн. Би хэлсэний дагуу өргөдөл бичсэн. Гэсэн ч би нүүр хувиргагчийн цалин аваад урд хийж байсан ажлаа хийж байсан. Удирдлагын зүгээс надад даалгасан тул би зөвшөөрөөд ажлаа хийж байсан...” гэсэн. Харин хариуцагчийн төлөөлөгч: “...2012-09-05-наас орон тооны цомхтголоор ажлаас нь чөлөөлж Жавзангийн оронд нүүр хувиргагчаар түр ажиллуулсан. Өөрөө хүсэлтээ гаргасан байсан. Арга зүйчийн орон тоо хасагдаж байсан тул харилцан тохиролцож өөр ажилд түр шилжсэн...” гэж,
мөн П.Уугантулгыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Уурхайчин соёлын ордоны захиралын 2012-09-05-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар нүүр хувиргагчийн ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 буюу талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэл заасан байх ба хариуцагчийн төлөөлөгч арга зүйчийн орон тоо хасагдаж байсан тул харилцан тохиролцож өөрөө хүсэлт гаргаж өгсөн тул өөр ажилд түр шилжүүлсэн гэж тус тус тайлбарласан.
Зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаас дүгнэхэд, Уурхайчин соёлын ордоны захирал нь П.Уугантулгыг 2012 оны 9 сарын 05-нд нүүр хувиргагчийн ажилд Жавзангийн оронд түр шилжүүлэхдээ арга зүйчийн орон тоо буурч цомхтголд орж байгаа тул гэсэн нөхцөлийг түүнд тулгаж, өөрийнх нь хүсэлтийг бичүүлж өөр ажилд шилжүүлсэн байдал нотлогдож байна.
Харин Уурхайчин Соёлын ордонд арга зүйчийн орон тооны цомхтгол явагдсан талаар нотлогдоогүй. Хэргийн 67-75 дугаар хуудас дахь байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордны 2010, 2011, 2012 онуудын орон тооны бүтцийг ерөнхий захиралаас баталсан жагсаалтаар дээрхи онуудад арга зүйчийн орон тоо тус бүр 3 батлагдсан ба 2012 онд хасагдаагүй болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Д.Уугантулга нь хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан арга зүйчийн байнгын ажлын байраа жирэмсэн хүний оронд түр ажлын байраар сольж ажиллах болсон өөр үндэслэл шалтгаан тогтоогдоогүй, хариуцагчийн тайлбар нотлогдоогүй.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордоны захирал 2012-09-05-ны өдрийн Б/28 дугаартай тушаал гаргаж П.Уугантулгыг өөр ажилд шилжүүлсэн нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захиралын 2010-01-22-ны өдрийн А/42 дугаар тушаалын /хх56/ Цехийн дарга нарт ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, хөдөлмөрийн гэрээ цуцлахаас бусад дарга, мэргэжилтэн, ажилчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх, ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл ноогдуулах эрхийг тус тус олгосон заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2011-12-26-ны өдөр Соёлын ордны арга зүйчийн ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ П.Уугантулгатай байгуулахдаа гэрээнд /хэргийн 8-9-р хуудас/ компаний ерөнхий захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байх бөгөөд тус компаний ерөнхий захиралын 2010-01-22-ны өдрийн А/42 дугаар тушаалд ажилтныг өөр ажилд шилжүүлэх эрхийг гагцхүү Ерөнхий захирал эдлэхээр заажээ.
Уурхайчин соёлын ордоны захиргаа нь П.Уугантулгыг 2014 оны 9 сараас эхлэн ажлын байраар хангахгүй байж байгаад 2015-07-31-ний өдөр ерөнхий захиралын Б/840 дугаартай тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Дээрх тушаалдаа 2012-09-17-ны өдрийн 4400/42 дугаартай хууль бус түр хугацаатай хөдөлмөрийн гэрээг үндэслэл болгосон байна.
П.Уугантулга нь үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа талаар 2014 оны 02 сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий хүний нөөцийн болон хуулийн хэлтэсийн дарга нар, нийгмийн асуудал хариуцсан захирал нарт хандаж удаа дараа гомдол хүсэлт /хэргийн 15-19 хуудас/ гаргаж байсан байх ба П.Уугантулгыг ажлын байр нь байсаар байтал өөр ажилд шилжүүлсэн үндэслэл тодорхойгүй, Хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа, тушаал гаргахдаа ерөнхий захиралын А/42 тушаалыг зөрчсөн зэрэг талаар хуулийн хэлтэс, хүний нөөцийн хэлтэсээс удаа дараа албан бичиг Уурхайчин соёлын ордоны захиргаанд хүргүүлж байсан нь хэргийн 39-41 дүгээр хуудаст авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь П.Уугантулгын хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөх эрхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордоны захиргаа ажил олгогчоос олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн 2012 оны 9 сарын 05-наас халдаж хууль бус тушаал шийдвэр гарган хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байнгын ажлын байрнаас нь түр ажлын байранд шилжүүлж улмаар ажлаас чөлөөлсөнийг нотлох нэг үндэслэл болж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Ажил олгогч нь ажилтныг ажлаар...хангах...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Уурхайчин соёлын ордны захиргаа Д.Уугантулгыг тодорхойгүй үндэслэлээр түр ажилд шилжүүлэн улмаар ажлаас нь халсан нь Хөдөлмөрийн хуулийн дээрхи заалтууд болон өөр ажилд шилжүүлэх тухай болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж ажилтаны хөдөлмөрлөх эрхэд ажил олгогчийн зүгээс халдсан үйлдэл болжээ.
Хариуцагчийн төлөөлөгч 2012 оны Б/28 тушаалд гомдол гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.
Ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилох эрх бүхий этгээдийн /ажил олгогч/ тушаал гараагүй, эрхгүй этгээдийн шийдвэрээр П.Уугантулгыг дур мэдэн өөр ажилд шилжүүлсэн тул эрх зүйн үр дагаварын хувьд өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргаагүй өөр ажил хийлгэсэн гэж дүгнэх үндэслэл болохын зэрэгцээ, захиргаа нь давуу байдлаа ашиглан орон тооны цомхтгол хийсэн, гэхдээ чамайг ажилтай байлгана гэсэн бодит биш нөхцөлийг итгүүлэн ажиллуулж байсан, түүнчлэн 2014 оны 02 сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хүний нөөцийн болон хуулийн хэлтэсийн дарга нар, нийгмийн асуудал хариуцсан захирал нарт хандаж удаа дараа гомдол хүсэлт гаргасны хариуд хууль зөрчиж үндэслэлгүй тодорхойгүй шалтгаанаар өөр ажилд шилжүүлсэн тул ажлын байрны асуудлыг шийд гэсэн үүргийг Уурхайчин соёлын ордоны захиргаанд өгч байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг нэхэмжлэгч П.Уугантулга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн гаргасан 2012-09-05-ны өдрийн Б/28 дугаартай, Б/840 дугаартай “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын тушаалыг тус тус хүчингүй болгуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэл буй байдал гэж ойлгох нь зүйтэй.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.Уугантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олгворыг олгоно”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан.
П.Уугантулгын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг тооцохдоо 2014 оны 11 дүгээр сарынхаа цалинг авсан гэсэн тул 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 9 сарын 29-ны өдрийг хүртэл хугацааг түүний цалингийн дунджаар, харин авах ёстой бусад урамшууллуудыг арга зүйч 2-р цалинждаг байсан талаар талууд тайлбарлаж байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с ирүүлсэн цалин хөлсний мэдээллийн дагуу П.Уугантулгын авах ёстой зэсийн үнийн урамшуулал, ажлын үр дүнгийн урамшуулал, жилийн үр дүнгийн урамшуулал зэргийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.
Цалин хөлс урамшуулал /дундаж цалин 1 212 290 х 22 сар = 26 670 380 төгрөг, үүн дээр хэргийн 247-248 дугаар хуудас дахь цалин хөлсний мэдээллээр 2014 оныхыг нэхэмжлэгч авсан гэсэн тул 2014 оных болох зэсийн үнийн урамшуулал П.Уугантулгад олгосон хэсгийг хасаад 940 000-200 000= 740 000 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулал 1 128 536-819 085 = 309 451 төгрөг, ажлын үр дүнгийн урамшуулал 376 750 төгрөг, ерөнхий захиралын А/349, А/647 тушаалын дагуу олгосон 1 000 000 төгрөгнөөс 500 000 төгрөг орсон нь нийгмийн даатгалын дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон тул 500 000 төгрөг гаргуулах, мөн 2015 оны бүтэн жилийн зэсийн үнийн урамшуулал 300 000 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулал 1 242 357 төгрөг, ажлын үр дүнгийн урамшуулал 657 000 төгрөг, ерөнхий захиралын А/266 тулаалаар олгосон 440 553 төгрөг/ нийт 31 236 491 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с гаргуулан П.Уугантулгад олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас 314 132 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан П.Уугнатулгын өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлын хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Уугантулгыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 31 236 491 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулан П.Уугантулгад олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Уугантулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 314 132 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар П.Уугантулгын цалинтай тэнцэх нөхөх нөхөх олговор, урамшуулал 31 236 491 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгасугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА