Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/01197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 5-17 тоотод оршин суух, Анчин овгийн Гансүхийн Анхцэцэг/ГМ87062707/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-15-48 тоотод оршин суух, “Оч” хүүхдийн их дэлгүүрийн захирал, Баавай овгийн Гончигийн Энхжаргал /ГЕ82123116/-д холбогдох,

“Цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Анхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Г.Анхцэцэг нь 2012 оны 05 сараас хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 04 сарын 17-ыг хүртэл “Оч” хүүхдийн их дэлгүүрт ахлах менежерийн албан тушаалтай ажилласан ба 2016 оны 03 сард би жирэмсэн болсон ба дээрх байгууллага миний цалинг ямар ч шалтгаангүй 400 000 төгрөгнөөс 200 000 төгрөг болгон бууруулж, мөн жирэмсэн хүнийг шалтгаангүй ажлаас халсан юм. Одоог хүртэл миний 3, 4 сарын цалинг мөн ээлжийн амралтын мөнгө, ажлаас халсан тушаалаа гаргаж өгөөгүй болно. Тэдний зүгээс намайг өр дутагдалтай гэх шалтгаанаар миний тушаал, цалинг өгөхгүй байгаа юм. Миний зүгээс өр дутагдал байхгүй гэж үзэж байна. Тиймээс би “Оч” хүүхдийн их дэлгүүрийн захиргаанаас доорх шаардлагуудыг нэхэмжилж байна. 

  • 2016 оны 3, 4 сарын цалин-312 483 төгрөг,
  • 2015 оны 08 сараас 2016 оны 04 сарын 17-ыг хүртэл ажилласан ээлжийн амралтын олговор 289 260 төгрөг,
  • 2016 оны 5, 6 сарын цалин болох 400 000 төгрөг,
  • 2016 оны 5, 6 сарын нийгмийн даатгалын нөхөн олговор 44000 төгрөг,
  • Ажлаас халагдсан тушаалаа хуулийн дагуу шийдүүлэх ба “Оч” хүүхдийн их дэлгүүрийн захиргаанаас гаргуулах, нийт 957 743 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалаа би өөрөө төлсөн учир нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Анхцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г.Анхцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Энхжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг дэлгүүрийн бараануудыг хүлээлгэж харин хариуцсан эд хөрөнгөө өгөлгүй тооцоо нийлээгүй алга болсон гэж байна. Би эд хөрөнгө анхнаасаа хүлээж аваагүй харин хариуцсан дэлгүүрийн барааг 2015-09-10-ний өдрөөс авсан бараануудаа 2016-04-17-ний өдөр нягтлан бодогч Ц.Баатарсайханд хүлээлгэн өгч тооцоо нийлсэн болно. Тухайн үед тооцоо нийлээд 111 790 төгрөний зөрүү төлбөр гараад үүнээс, 2016-01-05-ний өдрийн тооллогоор 85 580 төгрөгний дутагдал барааг төлж барагдуулаад 26 210 төгрөгний үлдэгдэлтэй байгаа болно. Г.Энхжаргал сөрөг нэхэмжлэлдээ эд хөрөнгийн тооцооны 695 950 төгрөгний эд хөрөнгө буюу тавилга, эд хогшлийн мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж бодож байна. Учир нь би анх ажилд худалдагчаар ороод ахлах менежер хүртэл ажиллахад нэг ч удаа эд хогшлийн тооцоог хүлээж аваагүй мөн хүлээлгэж надад өгөөгүй, энэ талаар ямар ч баримт байхгүй болно. Надаас 318 290 төгрөгний доголдолтой эд барааг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 318 290 төгрөгний доголдолтой эд бараанууд гээд зургийг нь аваад сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байсан. Энэ зурагнаас нь харахад би нягтлан Ц.Баатарсайханд барааг хүлээлгэж өгөхөд ийм хувцаснууд байхгүй байсан, тоолсоноос хойш ямар бараа хаанаас гаргаад ирснийг  би мэдэхгүй байна. Би энэ мөнгийг ямар тооллого тооцоогоор дутааснаа ч мэдэхгүй, санахгүй байна. Энэ нэхэмжлээд байгаа үнийн дүнгийн талаар тооцоо нийлээгүй гэж хэлэх байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Анхцэцэгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөшөөрөхгүй байна. Г.Анхцэцэг нь манай дэлгүүрт 2012-05-05-ны өдрөөс 2016-04-17-ны өдрийг хүртэл худалдагчаар ажилласан. 2015 оны 12 сард ажилчдын хуралдаан хийж үндсэн цалинг 200 000 төгрөг болгох талаар урьдчилан мэдэгдэж байсан. Ингээд 2016 оны 03 сард ажилчдын хурал хийж, үндсэн цалинг 200 000 төгрөг болгож, дээр нь борлуулалтын орлогын 1 хувийг нэмж олгохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдтэл, Анхцэцэг би хүлээн зөвшөөрөхгүй учир ажлаасаа халагдахаа мэдэгдэж өргөдлөө өгөхөө хэлсэн. Ингээд ажлаа хийж байснаа би яаралтай явах боллоо, төрсөн дүү маань зам тээврийн осолд орсноо нуусан байна, би сахих хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид яаралтай арга хэмжээ авч худалдагч авах зар тавьж ирсэн хүнд нь ажлыг нь өгөх болтол, Анхцэцэг ч хүлээн зөвшөөрч ажлаа тоолж хүлээлгэж өгсөн байгаа. Анхцэцэгээс хариуцсан эд хөрөнгөө хүлээлгэж өг гэтэл алга болсон. Гэтэл 2 хоногийн дараа би жирэмсэн болсон байна, буцаж ажилдаа оръё гэж ирсэн боловч бид нэгэнт өөр хүн авсан учир боломжгүй гэдгийг хэлсэн. Энэ хүнийг бид ирж тооцоо нийл гэж удаа дараа  шаардсан боловч өөрөө ирэхгүй болохоор бид ямар ч арга байхгүй үлдсэн. Одоо энэ хүн ирээд тооцоогоо нийлээд цалин хөлсөө тооцуулан авахад татгалзах зүйл байхгүй. Харин ажлаас халсан гэдэг асуудал болон нийгмийн даатгалын нөхөн төлбөр, ээлжийн амралтын олговор зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн өөрөө би ажлаас гарна гэж сайн дураараа гарч, өөрийнхөө бараа материалаа орныхоо хүнд хүлээлгэж өгч явчихаад одоо болохоор жирэмсэн байхад халсан, үндэслэлгүй цалин бууруулсан гэх мэт худал бичиж, гадуур худал ярьж энэ худал зүйлээ эрх бүхий байгууллагуудад гомдол болгон бичиж, бидний бизнесийн нэр хүндийг унагах зорилго бүхий ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анхцэцэг нь ажлаа өгөх болж оронд нь ажиллах болсон Уранчимэгт дэлгүүрийн бараануудыг хүлээлгэж өгөөд, хариуцсан эд хөрөнгөө хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлэхгүй өөрөө алга болсон. Түүний хариуцсан бараанаас худалдагчийн хариуцлагатай холбоотойгоор чанарын доголдолтой бараанууд нилээд гарсан байгаа. Мөн тооцоо хийхэд 111 790 төгрөгний бараа дутаасан нь илэрсэн. Мөн хариуцсан эд хөрөнгө нь болох дэлгүүрийн тавилга эд хогшлоос 695 950 төгрөгний эд зүйл дутагдсан болно. Энэ бүх асуудлыг өөрт нь хэлж, ирж уулзан асуудлаа шийдвэрлүүлэхийг удаа дараа хүссэн боловч ирэхгүй алга болсон атлаа мэргэжлийн хяналт болон шүүхэд гомдол гаргаж бидэнд учруулсан хохирол төлбөрөө орхиж байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцсан эд хөрөнгө, барааг дутагдалгүй бүрэн бүтэн байлгах, чанарын шаардлагыг хангах үүргээ биелүүлээгүй тул эд хариуцагч Анхцэцэгээс доголдол, дутагдал бүхий барааны үнэ болох 318 290 төгрөг, дутаасан дэлгүүрийн тавилга эд хогшлын төлбөр 695 950 төгрөг, нийт 1 014 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Анхцэцэг нь хариуцагч “Оч” хүүхдийн их дэлгүүр, захирал Г.Энхжаргалд холбогдуулан “2016 оны 3, 4 сард ажилласны цалин 312 483 төгрөг, 2015 оны 08 сараас 2016 оны 04 сарын 17-ыг хүртэл ажилласан ээлжийн амралтын олговор 289 260 төгрөг, 2016 оны 5, 6 сарын цалин болох 400 000 төгрөг, 2016 оны 5, 6 сарын нийгмийн даатгалын нөхөн олговор 44 000 төгрөг, нийт 957 743 төгрөг гаргуулах,

            хариуцагч “Оч” хүүхдийн их дэлгүүрийн захирал нь 1 014 240 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

            Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 2016 оны 5, 6 сарын нийгмийн даатгалын нөхөн олговор 44 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Хариуцагч нэхэмжлэлээс тодорхой хэмжээний буюу цалинг олгох талаар татгалзахгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Анхцэцэг нь “Оч” хүүхдийн их дэлгүүрт анх 2012 оны 06 сараас хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагчаар ажилд орж, дараа нь ахлах менежерээр ажиллаж байгаад 2016 оны 04 сарын 17-ны өдөр ажлаасаа халагдсан болох нь Г.Анхцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Иймд Г.Анхцэцэг нь “Оч” хүүхдийн дэлгүүрт ажиллаж байсан нь тогтоогдож байх тул “Оч” хүүхдийн дэлгүүрээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч ээлжийн амралтын олговорыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “”Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно...” гэж заасан.  

Хэрэгт нотлох баримтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016-06-06-ны өдрийн 14-06-023/15 дугаартай акт авагдсан байна. Уг актаар Г.Анхцэцэгийн ээлжийн амралтын олговорыг 289 260 төгрөг, 2016 оны 03, 04 дүгээр сарын цалин 312 483 төгрөг гэж тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 55.2-д “Ээлжийн амралтын олговорыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж заажээ. Тиймээс нэхэмжлэгчийн ээлжийн амралтын болон ажилласан хугацааны 03, 04 дүгээр сарын цалин  нийт 601 743 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэлээ.

Харин 2016 оны 5, 6 сарын цалин болох 400 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь 2016 оны 5, 6 дугаар саруудад Г.Анхцэцэг нь ажиллаагүй, ажлаа 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн нь талуудын тайлбараар нотлогдож байх тул дээрх шаардлага үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд доголдолтой болон бараа дутагдуулсан 318 290 төгрөг, дэлгүүрийн тавилга эд хогшил 695 950 төгрөг, нийт 1 014 240 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар дэлгүүрийн эд хогшлыг Г.Анхцэцэгт албан ёсоор хүлээлгэж өгсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, Г.Анхцэцэгийг эд хариуцагч гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн ямар бараа хэдийд доголдолд оруулсан нь нотлогдоогүй, барааны дутагдал 111 790 төгрөг дутагдуулаад 85 580 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байна.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэсэн. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлоогүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, аж ахуйн нэгж биш, байгууллага гэж явдаггүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, амралтын мөнгийг олгох ёсгүй, Г.Анхцэцэгт олгох мөнгөнөөс 234 100 төгрөгийг хасаж тооцуулна гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д “иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно” гэж заасан.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”  23.3-д “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх сунгасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ.

Г.Анхцэцэгтэй нь “Оч” хүүхдийн их дэлгүүртэй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан байх ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ээлжийн амралтын мөнгийг өгөхөөс татгалзах эрхгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн 34 100 төгрөгийг хасаж тооцох боломжгүй, учир нь энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.    

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Улсын тэидэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар “Оч” хүүхдийн их дэлгүүр, Г.Энхжаргалаас 601 743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Анхцэцэгт олгож, нэхэмжлэлээс 312 000 төгрөгийг, “Оч” хүүхдийн их дэлгүүр, Г.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 18 702 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 28 892 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА