Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/125

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цхолбогдох эрүүгийн 2038001710137 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Ц4 тооны ямаа, иргэн Ч.Б7 тооны ямаа нийт 11 тооны бог мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Ц4 тооны ямаа, иргэн Ч.Б7 тооны ямаа нийт 11 тооны бог мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001710137  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Цогтгэрэл ахын малнаас хэдэн ямаа өөрийн мал руу нийлүүлэхээр шийдээд өөрийнхөө хээр зүсмийн морио унаад ганцаараа очоод 9 тооны ямаа тасалж туугаад өөрийнхөө мал руу нийлүүлсэн. Гэртээ ороод эхнэртэй ямар нэгэн юм хэлэлгүйгээр цагаан сар болж байна, хэдэн ямаа Өлзийцогтод аваачаад заръя Энхбатыг машинтай нь дуудчих гэсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

      Хохирогч Б.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Ямаагаа тоолж үзэхэд 11 тооны ямаа дутаж байсан. Мөрөн явахаасаа урд өдөр нь тоолж үзэхэд ямаа бүрэн байсан. Тэгээд ямаагаа алдчихлаа гэж хайгаад олдохгүй болохоор нь Баянпүрэвт утсаар ярьж манай ямаанаас ямаа дутчихлаа гарч ирж хайх хэрэгтэй байна гэж хэлсэн. Баянпүрэв аймгийн төвөөс гарч ирээд ямаагаа тоолж үзэхэд Баянпүрэвийн ямаанаас 7 ямаа, харин манай ямаанаас 4 ямаа дутаж байна гэж тоолсон. Дээрх ямаануудыг дүү Б.Ц нь хулгайлж Өлзийцогт гэдэг хүнд зарсан байсан…Алдсан ямаагаа бүрэн авсан учраас надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,

Хохирогч Ч.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сарантуяа эгч надруу залгаад танайхаас хэд манайхаас хэдэн ямаа алга болсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан танайхаас зүсээр 1 ямаа алга болсон байна гэж ярьсан. Үүний дагуу очиж малаа тоолсон юм. Сарантуяа эгчийн тоолоод хэлж байгаагаар манайхаас 7 тооны ямаа, Сарантуяа эгчийнхээс 4 тооны ямаа дутаж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

Гэрч Т.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2020 оны 02 сарын 08-ны өдөр би нөхөр хүүхдүүдийн хамт Мөрөн сум руу өдрөөр явчаад ирсэн. Тэгэхэд манай 14 настай хүү Батмягмар нь гэртээ үлдэж малаа харж байсан. Мөрөн сум явчаад ирсэний дараа зүсээр нэг ямаа дутаад харагдахгүй байхаар нь тоолоход 11 тооны ямаа дутаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Намайг адуунд явахад манай хонь Билэгээ ахын гэрийг өнгөрөөд гэрлүүгээ явж байсан. Буцаад ирэхэд байршил нь өөрчлөгдөөд бүүр Билэгээ ахын гэрлүү очсон бололтой. Билэгээ ахын гэрээс гараад явж байгаа юм шиг чиглэлтэй гэрлүүгээ явж байсан...Б.Ц ахын бид нар Билэгээ ах гэж дуудаад сурчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Ж.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай эхнэр Даваасамбууруу Хөвсгөлдалай утсаар залгаж ямаа ачиж айлд аваачиж өгөх гэсэн юмаа гэж хэлж ярьсан талаар надад Даваадулам хэлсэн. Би эхнэр Даваадуламтай хамт Б.Цын гэрлүү явсан. Гэрт нь очтол миний цагаан өнгийн 13-03 ХӨҮ улсын дугаартай Истима маркийн машин руу малын хашаан дотроос ямаанууд нэг нэгээр нь чирч авчирч машины арын багаж хэсэгт хийсэн. Тэгээд ачиж дуусаад тухайн газраас хойд зүгт явж айлд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Гэрч Ч.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Б.Ц ах хонио хашаад манай машин руу 9 тооны ямаа барьж ачсан. Тэгээд ачсан 9 ямаагаа хядгийн рашаан тал руу Өлзийцогт гэсэн байх дарга гэж дуудаад байсан айлд аваачиж буулгасан. Өлзийцогт гэх хүнээс 720.000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,

Гэрч Ө.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Б.Ц ахын гэрт цай уугаад сууж байсан чинь Мөрөнгөөс Энхбат ах, Даваадулам эгч хоёр Стима маркийн машинаар ирсэн. Тэгээд бид нар гараад Б.Ц ахын хонийг хашаад 9 ямааг нэг нэгээр нь зөөж Энхбат ахын машины багаж хэсэгт ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Ч.Өмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би урд Туяа багийн айлуудаар явж ямаа худалдаж авч байгаа талаар ярьсан. Мөн зар тавьсан юм. 2020 оны 02 сарын 08-ны өдөр орой 20 цагийн үед байх Б.Ц эхнэр Хөвсгөлдалай тэгээд Хөвсгөлдалайгийн төрсөн эмэгтэй дүү, нөхрийн хамт тэгээд нэг залуу байсан. Мөн 2 жижигхэн хүүхэд бас байсан. Нэрийг нь мэдэхгүй байна, энэ хүмүүс жижиг цагаан өнгийн машинаар 9 тооны эм ямаа авчирч зарсан. Би нэг ямааг 80.000 төгрөгөөр худалдаж авсан...Хөвсгөлдалайгаас 9 тооны ямаа авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Ц.Хмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Нөхөр Б.Ц 9 тооны ямаа хийлээ шүү Өлзийцогтод аваачаад зарчих би малаа харж байя гэсэн. Тэгээд Өлзийцогт гэж айлд очоод нэг ямааг 80.000 төгргөөр зарж нийт 720.000 төгрөг авсан...Би хулгайн ямаа гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 56, 61, 67-р хуудас/,

Хохирогч Ч.Б, Б.Ц нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 90-91-р хуудас/,

Шүүгдэгч Б.Цын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрэлтийн гэрчилгээний хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 78-85, 92, 94-96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038001710137 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Ц4 тооны ямаа, иргэн Ч.Б7 тооны ямаа нийт 11 тооны бог мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

     Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

Хохирогч Б.Ц/хх-ийн 11-14-р хуудас/, хохирогч Ч.Б/хх-ийн 19-22-р хуудас/, гэрч Т.С/хх-ийн 24-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.Б/хх-ийн 26-28-р хуудас/, гэрч Ж.Э/хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Ч.Д/хх-ийн 35-37-р хуудас/, гэрч Ө.Т/хх-ийн 41-42-р хуудас/, гэрч Ч.Ө/хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Ц.Х/хх-ийн 52-53-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 56, 61, 67-р хуудас/,

Хохирогч Ч.Б, Б.Ц нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 90-91-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Ц4 тооны ямааг хулгайлж 400.000 төгрөгний хохирол, хохирогч Ч.Б7 тооны ямааг хулгайлж 760.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирлоо нөхөн төлж хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92, 94-96-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2038001710137 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800.000 төгрөгний үнэ бүхий хээр зүсмийн нэг тооны морийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038001710137 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2038001710137 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800.000 төгрөгний үнэ бүхий хээр зүсмийн нэг тооны морийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2038001710137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР