| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0130/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/130 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М холбогдох эрүүгийн 2038000000158 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 43-01-01 тоотод оршин суух гэртээ 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.Мийг үсдэж, алгадан, аягатай цай шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 43-01-01 тоотод оршин суух гэртээ 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.Мийг үсдэж, алгадан, аягатай цай шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000158 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр Мөнхцэцэг бид хоёрын дунд хардалтаас болж байнгын хэрүүл маргаан гардаг. Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр надруу хуучин хамтран амьдрагч Наранчулуун намайг гэртээ байхад залгасан. Би тухайн үед дуудлагыг нь аваагүй. Гэтэл хэрэг гардаг өдөр эхнэр Мөнхцэцэг гэртээ байхдаа надад би өчигдөр Нараа руу залгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юунд ингэж байдаг юм бэ? гээд түүний хацарлуу нь нэг удаа алгадсан. Намайг алгадсаны дараа эхнэр Мөнхцэцэг нэг хүн рүү залгаснаа нөхөр Магсар намайг байнгын зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хэнтэйгээ яриад байгаа юм бэ? гэж хэлээд үснээс нь бариад нүүрлүү нь нэг удаа алгадсан. Би түүнийг цагдаа руу залгаад дуудлага өгчихөөр нь ууж байсан аягатай цайгаа хөлрүү нь шидчихээд гараад явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр Магсартай эмэгтэй хүнээс болж маргалдсан. Тэгэж маргалдаж байхад нөхөр Магсар надруу ууж байсан аягатай цайгаа шидсэн. Шидсэн аяга нь миний өвдгийг зүсэж гэмтээсэн. Ингэж маргалдаж байхдаа зүүн талын бугалганаас гараараа базсан. Дээрхи гэмтлүүдийг нөхөр Магсар надад учруулсан. Гэхдээ ингэж аяга шидэхээсээ өмнө миний толгойны баруун зүүн хэсэг рүү гараараа алгадаж цохиж байсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11-12-р хуудас/,
Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Магсарыг эхнэр Мөнхцэцэгийгээ зодсон талаар өрөөс нь сонссон. Магсар надад хэлэхдээ эхнэртэйгээ маргалдах үедээ цайныхаа аягыг шидсэн гэж хэлж байсан...Одоо энэ хоёр бие биенийгээ уучилж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаартай:
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-5-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-40, 42-45-р хуудас/,
Хохирогч Б.Золзаяа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000158 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 43-01-01 тоотод оршин суух гэртээ 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Т.Мийг үсдэж, алгадан, аягатай цай шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Т.М/хх-ийн 9, 11-12-р хуудас/, гэрч Б.Б/хх-ийн 17-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
Хохирогч Т.М нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 46-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.М нь хохирогч Т.Мэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч С.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.М нь урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тотгоолын хуулбар /хх-ийн 40, 42-45-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч С.М нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2038000000158 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР