Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 937

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц д холбогдох эрүүгийн 1908 04017 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ш  овгийн Б-ын Ц  /РД:000000000/     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны орой Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо алтай 000 тоотод  иргэн Ж.Х маргалдаж улмаар шилэн аяга шидэж, өшиглөж биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ж.Х мэдүүлэг /хх9/, гэрч Э.Б мэдүүлэг /хх13/, гэрч Э.Б мэдүүлэг /хх15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх21/, Б.Ц гийн яллагдагчаар өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг /хх32/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх36/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Ц г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.Хохирогч Ж.Х ”…Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо алтай 00 тоотод болсон. Уг асуудал гадаа болсон. Бид гурав муудалцаж байгаад гэрлүү буцаж орсон. Би тэгэхээр нь чамтай муудалцаагүй ш дээ гэж хэлэхэд пиво ууж байсан сэнжтэй цагаан цайны аягаа духан тус газар шидсэн. Би биеэ хамгаалах гээд Ц тай үстэлцэж ноцолдож байхад Ц  миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Тэгээд манай найз залуу салгаад цагдаа дуудсан цагдаа ирэхэд тэд нар зугтаагаад алга болсон маргааш өглөө нь өргөдөл гаргасан…”гэх мэдүүлэг /хх9/

 2. Гэрч Э.Б ”…Ц  уурлаад наадах чинь манай гэр орон гэж хэлээд цагаан өнгийн аяга духан тус газар шидсэн. Х-ийн  духнаас цус гарсан, Х яаж байгаа юм чи гээд Ц г үстээд дараад авсан. Хоорондоо үстэлцээд Ц  Х-ийн  гуя руу өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх13/

          3. Гэрч Э.Б-ийн”… Ц  босож ирээд Х чи яагаад давраад байгаа юм бэ? гэр дотор орж ирээд нулимаад яагаад байгаа юм бэ? Ц  зөрүүлээд Хг түлхтэл унасан. Ж , М  бид хэд салгаж байтал Ц  цагаан өнгийн цайны аяга духан тус газар руу шидээд дух руу оносон…гэх мэдүүлэг /хх15/

          4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №0000 дугаартай шинжээчийн “...Ж.Х биед духанд шарх, зулгаралт, зүүн цавинд зулгаралт, хуйханд зээлэн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх21/

5. Б.Ц гийн яллагдагчаар өгсөн ”... Муусайн гуйлгачин халтар юмнууд намайг хаана авчирав гээд байхаар нь уур хүрээд цагаан аяга аваад дух руу шидсэн. Х-ийн  духнаас цус гараад, аяга шидүүлчихээд чи муу яаж байна гээд над руу дайраад үстсэн тэгэхээр нь би зөрүүлж үстээд гар хүрэхгүй байхаар нь гуя руу 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх32/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Ц .

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны орой Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо алтай 00 тоотод  иргэн Ж.Х маргалдаж улмаар шилэн аяга шидэж, өшиглөж биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Х, гэрч Э.Бат Ж , Э.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц г гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Х эрүүл мэндэд “...духанд шарх, зулгаралт, зүүн цавинд зулгаралт, хуйханд зээлэн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Ц г үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...”, 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”, 1.4 дэх заалтад “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлүүдийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц ,  хохирогч Ж.Х нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгчийн хувийн байдал болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-ын Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР