Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 938

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н холбогдох эрүүгийн 1908 04023 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Ану” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ү  овгийн Ц  О  /РД:000000000/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 00 дугаар байрны гадна 2019 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Ц.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ц.Б н мэдүүлэг /хх14-15/, гэрч Б.Ж мэдүүлэг /хх23/, гэрч Б.Г мэдүүлэг /хх25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 9360 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх28/, Ц.О ын яллагдагчаар өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг /хх53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх65/, зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурьдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.О ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.Б н “...О ын гэрээс гарч байран дундуур алхаж явтал О  араас гараад ирчихсэн намайг дуудаад байсан. Тэгэхээр нь би тоохгүй эргэж харалгүй чигээрээ алхаж явтал хойноос гүйж ирээд миний куртикнээс татахаар нь би эргээд хартал миний зүүн хацарлуу гараараа нэг удаа цохиод би тонгойгоод босох гэтэл нүүрлүү нэг удаа өшиглөчихсөн ...” гэх мэдүүлэг /хх14-15/

2. Гэрч Б.Ж “...О , Б  хоёр хоорондоо толгойгоороо тулчихаад маргалдаад байсан ба бараг 30 минут маргалдсан. Тэр хоёр хоорондоо зууралдчихсан байхаар нь Ганаа бид 2 очоод салгатал Б  хамраа бариад доошоо суусан байсан ...” гэх мэдүүлэг /хх23/

3. Гэрч Б.Г “... Ж  бид хоёр одоо хоёулаа салгаад хоёр тийшээ аваад явъя гээд босоод очтол нөгөө хоёр зууралдаж байгаад машины цаагуур орчхоод гараад иртэл Баттулгын нүүр нь цус болчихсон байхаар нь би гүйж очиж салгаад би Баттулгыг аваад гэмтэл орж үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх25/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 9360 дугаартай “...Ц.Б н биед хамарт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх28/

5. Шүүгдэгч Ц.О ын “...Намайг мөргөх гэхээр нь би бултаад зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх43/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 00 дугаар байрны гадна 2019 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Ц.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Б н мэдүүлэг, гэрч Б.Ж , Б.Г нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О нь гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Б н эрүүл мэндэд “... хамар бага зэрэг хавдсан, 1 см урт шархтай, оёдол тавьсан, орчинд нь хөх өнгийн цус хуралттай...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 9360 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны шатанд 70.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлүүдийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц  О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР