| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0012/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-04-19 |
| Зүйл хэсэг | 23.6.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 16
Ц.*******т холбогдох зөрчлийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.*******т холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Зөрчил гаргагч Ц.******* нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн Түймэртийн бууц гэх газар өөрийн эхнэр болох Л.*******ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ц.*******т холбогдох гомдол мэдээллийг хянаад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 62 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн учир Ц.*******т Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар захиргааны арга хэмжээ авхуулахаар материалыг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Ц.*******т захиргааны арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн зөрчлийн материалыг хүлээн авахаас татгалзаж, Ц.*******ын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүхээс Ц.*******т холбогдох зөрчлийн материалыг хүлээн авахаас татгалзаж буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогчийг яллагдагчтай эвлэрүүлэх ажиллагаа явагдаагүй, Л.*******а нь гомдол саналгүй талаар прокурорын тогтоолд дурдсан.
Монгол Улсын Их хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль батлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд мөн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчил гэж шинээр оруулж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 12011 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан...” гэж тус тус заасан байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь байнга үйлдэгдэх шинжээрээ захиргааны зөрчлөөс ялгагдаж байна.
Л.*******а нь “...2015 оны 8 сард зодуулаад Цагдаад өгч байсан, цагдаагаас ирж уулз гэхээр нь би очиж уулзаагүй юм...Хэд хэдэн удаа агсам тавьж байсан, зодож байсан удаа байхгүй” гэж тайлбар өгсөн боловч Ц.*******ын урьд нь агсам тавьж байсан гэх асуудал нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд болсон байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй юм.
Шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтээр “Л.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн нь урьд нь зодуулж байгаагүй болохыг давхар нотолж байна.
Ц.*******ын үйлдэл нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл буюу гэмт хэрэг биш гэж үзэн прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж түүнд захиргааны арга хэмжээ авахуулахаар материалыг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс Ц.*******ын эрх зүйн байдлыг дордуулж түүний үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Тайлбар, дүгнэлтээ хамтатгаад хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйл, мөн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчил гэж шинээр оруулж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан...” гэж тус тус заасан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь байнга үйлдэгдэх шинжээрээ захиргааны зөрчлөөс ялгагддаг.
Ц.*******ын хувьд гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, удаа дараа давтагдсан зүйл байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр гомдол гаргагч Л.*******а нь Ц.*******т байнга зодуулдаг байсан, дарамтлуулдаг байсан гэж мэдүүлдэг боловч тогтоогддоггүй. Хэрвээ Л.*******а нь удаа дараа зодуулаад, дарамтлуулаад байсан гэж бодоход Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эхнэрээ “...зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд халдсан” үйлдэл буюу гэмт хэрэг биш гэж үзэж прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, харин түүнд захиргааны арга хэмжээ авахуулахаар материалыг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс Ц.*******ын эрх зүйн байдлыг дордуулж түүнд Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэж захиргааны арга хэмжээ авахгүй татгалзаж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Л.*******ын гаргасан 17/172 тоот гомдлоор Ц.*******т холбогдох үйлдлийг шалгасан материалыг хүлээн авч “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 62 тоот тогтоолыг гаргаж энэ тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан боловч гомдол, мэдээлэл гаргагч Л.*******ын эрхийг хязгаарлаж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад холбогдох материалыг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар зөвхөн гомдол, мэдээлэл гаргагч гомдол гаргах эрхтэй болохыг заасан, харин анхан шатны шүүхэд дээрх прокуророос гаргасан тогтоолд хууль зүйн дүгнэлт хийх, хянах эрхийг хуулиар олгоогүй байхад Ц.*******ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Ц.*******т холбогдох захиргааны зөрчлийн материалыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар зөрчлийг хянан шалгах ажиллагааг хийгээгүй, зөрчил гаргасан этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эдлэх эрхийг нь танилцуулаагүй байгаа нь зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулсан Захиргааны хариуцлагын тухай хуульд нийцээгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн Ц.*******т захиргааны арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн зөрчлийн материалыг хүлээн авахаас татгалзаж тус аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Х.ГЭРЭЛМАА