Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0394

 

Э.О, Б.Д нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Э.О, өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд М.Б-ын өмгөөлөгч Ж.Ч нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.Огийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Д, Э.О нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан иргэн Э.О, Б.Д нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргад холбогдох “Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.О-т холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/126 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.Б-д олгосон 000051190 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.О Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүх ... аав Б овогтой Д бид хоёрын гаргасан Гурвансайхан сумын Засаг даргын 2016 оны ... А/44 дүгээр захирамж Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/126 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжилж, бодит дүгнэлт хийлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Уг маргаан бүхий захирамжуудаар өөрийн эзэмшлийн газар хэмээн М.Б нь эзэмшиж, намайг манай гэр бүлийн насаараа эзэмшиж ашиглаж ирсэн бууцнаас минь хөөж, шүүхэд хүртэл хандаж байгаа билээ. Бидний үзэж байгаагаар дээрх маргаан бүхий актууд нь бидний Үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших, ашиглах, оршин суух газраа чөлөөтэй сонгох болон бусад эрхийг минь зөрчиж байна. Анх Гурвансайхан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хэнээс шилжүүлж байгаа нь тодорхойгүй Д.О-т “эрх шилжүүлсэн” захирамж гаргасан байдаг. Гэтэл газар эзэмшихийг хүссэн өргөдөл, холбогдох бусад баримтууд дээр Д.О-ийн гарын үсэг байдаггүй. Мөн уг захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, эрх шилжүүлсэн бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Иймд илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй ба уг актыг үндэслэн М.Бд эрх шилжүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/126 дугаар захирамж нь бас хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.4-д зааснаар шүүхэд нэхэмжлэлийг хэзээ ч гаргаж болохоор хуульчилсан тул бидний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... 117/ШШ2021/0052 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч Э.Огийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.О, Б.Д нар “... Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Тал улааны зүүн хойд Шонт хэмээх газар бид 1960 оноос хойш ... өнөөг хүртэл эзэмшиж ирсэн ... отор нүүдэл хийж явах хойгуур өвөлжөөн дээрх хашаа хорооны мод, эд зүйлс алга болоод байхаар нь Д.О-т хашаа хороогоо зарсан ... газрын эзэмших эрхээ Э.О-д гаргуулахаар хөөцөлдүүлсэн ба өөрсдөө хоёр ч удаа сумын Засаг даргадаа бууцны газраа эзэмших талаар өргөдөл гаргасан боловч шийдэж өгөөгүй ... бидэнд мэдэгдэлгүй хуйвалдан уг газрыг Д.О-т бүрдэл дутуу материал үндэслэн өөр нэрээр буюу “Хүрэн өндөр” нэрээр хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр ... А/44 ... захирамжаар 000531330 дугаар гэрчилгээ олгож, улмаар тус сумын иргэн М.Бд Д.О нь худалдсан хэмээн мөн сумын Засаг даргын ... А/126 ... захирамжаар уг газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр М.Б-д ... гэрчилгээ олгожээ ... бид отроор явахдаа зарсан хашаа хороог анх 1993 онд өөрсдөө барьсан ... А/44 ... захирамж нь Д.О-ийг өргөдөл гаргаж авсан гэхэд эргэлзээтэй, бүрдэл дутуу материалд үндэслэн гаргасан, гарчиг хэсэгт “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэж бичигдсэн атлаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай акт ... илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх хуулийн зохицуулалттай тул уг захирамжаас улбаалан М.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн ... А/126 ... захирамж нь мөн эрх зүйн үйлчлэлгүй ... ” гэсэн үндэслэлээр “Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.О-т холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/126 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.Б-д олгосон 000051190 дүгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

Нэхэмжлэгч нар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Тал улааны зүүн хойд Шонт хэмээх газрыг эзэмшихээр 2-3 удаа өөрсдийн болон ээжийнхээ нэрээр өргөдөл хүсэлт өгч байсан, бидний өргөдлийг авч хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүйгээр бусдад газар эзэмшүүлсэн сумын удирдлага, алба хаагч нарт гомдолтой гэж тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/355 /хх-82/, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/220 /хх-83/, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/365 /хх-94/, Ж.Өлзийжаргалын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “... Б.Д, Л.Т, Э.О нар газар эзэмших эрх авах талаар тухайн үед хандаж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-125/ зэрэг  баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.О, Б.Д нар нь маргаан бүхий шийдвэрүүдээр иргэн Д.О, М.Б нарт эзэмшүүлсэн газрыг эзэмших талаар хуульд заасан журмын дагуу өргөдөл хүсэлтийг сумын Засаг дарга, газрын албаны эрх бүхий албан тушаалтанд гаргаж байсан болох нь тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь маргаан бүхий шийдвэрүүдээр иргэн Д.О, М.Б нарт газар эзэмших эрх үүссэн Тал улааны хойд Шонт хэмээх газрыг 1960 оноос өнөөг хүртэл эзэмшиж ирсэн гэж маргасан байх боловч хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, мөн хуульд заасан журмын дагуу уг газрыг эзэмшихээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй энэ тохиолдолд шүүх хариуцагч Гурвансайхан сумын Засаг даргыг буруутгах түүний Д.О-т газар эзэмших эрх олгосон 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамж, мөн уг газрыг иргэн М.Б-д шилжүүлэн эзэмшүүлсэн 2019 оны А/126 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор зохицуулсан бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” маргаан бүхий А/44, 2019 оны “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” маргаан бүхий А/126 дугаар захирамжуудаар гуравдагч этгээдүүдийн газар эзэмших талаар болон газрыг шилжүүлэн эзэмших талаар холбогдох хүсэлтийг шийдвэрлэж хүсэлтэд дурдсан газрыг эзэмшүүлсэн мөн маргаан бүхий актын үндэслэлд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газрыг эзэмшүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон байх тул утга агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг захирамжуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “... хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжилж, бодит дүгнэлт хийлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа ... бидний Үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших, ашиглах, оршин суух газраа чөлөөтэй сонгох болон бусад эрхийг минь зөрчиж байна ... А/44 ... захирамжаар газар эзэмших эрхийг хэнээс шилжүүлж байгаа нь тодорхойгүй ... газар эзэмшихийг хүссэн өргөдөл, холбогдох бусад баримтууд дээр Д.О-ийн гарын үсэг байдаггүй ... эрх шилжүүлсэн бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлах ёстой ... илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй ба уг актыг үндэслэн М.Б-д шилжүүлсэн ... А/126 ... захирамж нь бас хууль зүйн үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ