Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 51

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа,  улсын яллагч Т.Өсөхболд,  хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг, шүүгдэгч К.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 1936003480252 дугаартай, 178/2020/0039/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1977 оны 07 сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, ард казак, дээд боловсролтой, төрийн  захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7 дугаар гудамж 25 тоотод оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргын ажилтай, аминдаа гэр нэг, хашааны газартай, Приус-10 маркын тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 630000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй,******* овогт ******* *******

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч К.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн З.Одгэрэлд 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч К.*******ийн өгсөн...Би 2017 оны 01 сараас Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргаар ажиллаж байна. 2018 оны 8 сард багийн Засаг дарга нарыг  дуудаад  аймгийн төв талбай дээр албаны мотоциклийг хүлээлгэн өгсөн.  Би 2019 оны хавар мотоциклийг нярав Б.Өлзийсайханд амаар тоолуулсан. Манай Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нь эмэгтэй багийн Засаг дарга нарыг мотоциклийг зарж болно гэсэн чиглэлийг мэдээлэл сонсголын цагаар амаар өгч байсан. Би 2018 оны 11 сарын сүүлээр 12 сарын эхээр  Ховд аймгийн Дуут сумын З.Одгэрэл гэх хүнд мотоциклио 1380000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ах  нь  ирж  уулзаад миний дансанд 1400000 төгрөг шилжүүлээд бензиний мөнгө гэх 20000 төгрөгийг авсан. Тэгээд мотоциклио өгч явуулсан байгаад 2019 оны 11 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газар авчирч өгсөн. Тухайн мотоцикль улаан өнгөтэй 200 мотортой хятад мотоцикль байсан. Тухайн мотоциклийг зараад өөрийн албаны хэрэгцээнд Приус-10 маркын машин авч, ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаа. Тухайн мотоциклийг өгсөний дараа би өөрөө унаж чадахгүй тул дүүгээрээ унуулж байсан. Манай багийн дарга нар ихэнх нь эмэгтэй тул мотоциклийг унаж чадахгүй байсан.  Бид нар талбайгаас мотоциклийг хүлээн аваад, Жаргалант сумын складанд хийж байгаад дахин хүлээлгэн өгсөн. Би мотоциклийнхоо оронд машин аваад албан хэрэгцээндээ хэрэглэж байгаа тул тухайн мотоциклийг завшсан гэж бодохгүй байна. Би өрх толгойлон хоёр хүүхдийн хамт амьдардаг. Багийн Засаг даргын ажил байнга айл өрхтэйгээ байнга харьцдаг, шөнө орой явдаг, бидэн унаа шаардлагатай байсан. Иймд өөрийн ажлын хэрэгцээнд зориулан машин авсан байгаа. Мотоциклийг Цагдаагийн хашаанд хураан авсан. Хуулийн дагуу үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг

 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын  хууль ёсны төлөөлөгч   / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ховд баганат 16 дугаар байрны 11 тоотод оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга  ажилтай, ******* регистрийн дугаартай /******* ******* овогт ******* *******  өгсөн ...2018 оны зун 8 сард манай 12 багийн  Засаг дарга болон аймгийн хэмжээний нийт 91 багийн Засаг дарга нарыг дуудаж, тендер зарлан оруулж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 91 мотоциклийг олгосон. Манай сумын хувьд  багийн Засаг дарга нарт мотоцикль хэрэгтэй байгаа талаар захиалга өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй. Манай сумын ихэнх багийн засаг дарга нар нь эмэгтэй тул мотоцикль унах боломжгүй. Бид талбай дээрээс мотоциклио гардаж аваад бүх мотоциклийг  складанд хийж байгаад  Аймгийн Засаг дарга болоод удирдлагад өөр төрлийн  албан ажлын хэрэгцээний тоног төхөөрөмжөөр хангуулах хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй тул 9 сард бүх багийн Засаг дарга нараа Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглуулаад мотоциклийг албан ёсоор түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоцикльд арлын дугаар бичигдсэн дагавар нэг хуудас бичигнээс өөр ямар нэгэн бичиг баримт дагалдаж ирээгүй. Тухайн арлын дугаар бүхий бичиг баримтыг багийн  Засаг дарга нарт өгсөн. Би тухайн үед нь аймгийн Цагдаагийн газар болон Авто тээвэр зохицуулалтын  газарт үнэмлэх болон дугаар олгох талаар бичиг явуулж байсан. Мөн аймгийн Иргэдийн хурлаас 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авахыг даалгасан. Мотоциклийг 2018 оны 09 сард хөрөнгийн бүртгэлд бүртгээд мотоциклийг хүлээлгэн өгсөн. Манай сумын өмч хамгаалах зөвлөл хөрөнгөө хагас,  бүтэн жилээр тоолдог. 2019 оны эхээр мотоциклийг зарим нь амаар зарим нь авчирч үзүүлж тоолуулсан байсан. К.*******ийн хувьд мотоциклио хүлээн авсны дараа дүүгээрээ бариулаад  Жаргалант сумын Тамгын газарт  ирж байхыг харж байсан. Тухайн мотоциклийг өмчийн программ дээр бүртгэсэн, Багийн засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн. Багийн Засаг дарга нарын хувьд  сумын Засаг дарга нартай дөрвөн жилийн хугацаатай батламжийн гэрээ байгуулдаг. Тухайн гэрээ нь Төрийн албаны хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. К.*******ийн хувьд өрх толгойлон амьдардаг. Ажилдаа маш сайн дадаж байгаа багийн Засаг дарга нарын нэг. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод нөхцөл байдлыг буруугаар ойлгож мотоциклийг зарсан байх. Мотоцикль нь Цагдаагийн байгууллага дээр хураагдсан байгаа. Иймд хохирол  бодит байдлаар төлөгдсөн.  Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан өнгөтэй, “Hongli”  нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн, LTDPCML87J8631611 гэсэн арлын дугаартай 163FML8 J 8631611 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикль байх ба мотоциклийг урд талаас нь  хойш үзлэг хийхэд хоёр толь байхгүй. Хойд шаврын хаалт төмөрний доод талын хар өнгөтэй хуванцар нь урагдаж цуурсан, гэрэл дохио бүтэн өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, стометрийн заалт нь 4914 км явсан өнгө үзэмж сайн, шинэвтэр мотоцикль байв...гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн  04- 09 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Одгэрэлийн өгсөн... 2018 оны 12 сарын сүүлээр К.******* гэдэг хүнтэй утсаар ярьж байгаад мотоцикль авахаар болсон.  Би хадам ах Б.Цогт-Эрдэнээс мөнгө зээлсэн байсан  тул тухайн мөнгөнөөсөө цаашаа шилжүүлээд  К.******* гэдэг хүнээс мотоцикль аваарай гэж хэлсэн. Манай хадам ах  дансаар 1400000 төгрөг  шилжүүлээд “Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг авсан байсныг би аймаг орж өөрөө авчирсан.  Намайг авахад тухай мотоцикль 900 км явсан байсан. Манай багийн даргад яг ийм мотоцикль байдаг.  Одоо тухайн мотоцикль байхгүй.  К.******* утсаар яриад “зарах ёсгүй мотоцикль байсан байна” гээд  2019 оны 10 сарын сүүлээр ирээд буцаагаад аваад явсан. Надад өөрөө ирээд 1300000 төгрөгийг бэлэн өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 23-26 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цогт-Эрдэнийн өгсөн...Би З.Одгэрэлд мөнгө өгөх байсан. 2018 оны 12 дугаар сард З.Одгэрэл утсаар яриад  нэг утасны дугаар өгөөд “ Та энэ дугаар луу яриад 1380000 төгрөг өгөөд мотоцикль авчих” гэсэн. Би тэр дугаарлуу нь яриад Номингийн доод талд очоод нэг танихгүй казак эмэгтэйтэй З.Одгэрэлийг яриулаад 1380000 төгрөгийг би өөрийн 99038297 дугаараас тухайн эмэгтэйгийн дансруу шилжүүлээд улаан өнгөтэй шинэвтэр мотоцикль авсан. Би тэр мотоциклийг аваад гэртээ тавьсан байхад хэд хоногийн дараа З.Одгэрэл ирээд авсан. Би өөрийн эзэмшлийн 5863022721 дугаарын данснаас 99038297 дугаараас шилжүүлээд тооцоо хийсэн. Бичиг баримт байсан эсэхийг санахгүй байна. Гаалийн бичиг баримт байсан байхаа. Сүүлд З.Одгэрэлтэй уулзахад зарсан хүн нь буцаагаад авсан гэж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Саранцэцэгийг  өгсөн...Жаргалант сумын Багын засаг дарга нарын хөрөнгийг 2019 оны 2 дугаар улиралд хагас жилээр тоолсон.  Наран багийн засаг дарга Цэрмаа мотоциклио авчирч тоолуулсан. Бусад багийн  дарга нар мотоциклио авчирч үзүүлээгүй байгаа гээд амаар тоолуулсан. Рашаант багийн Засаг дарга К.*******ийг нэг удаа дүүгээрээ мотоциклио  унуулаад ирж байсныг  нэг удаа харж байсан. Бусад эмэгтэй багийн дарга нарыг мотоциклио унаж байгааг харж байгаагүй. 2018 оны намар багийн  засаг дарга нарт мотоциклийг гардуулж өгсөн байгаа. Ямар хугацаатай ашиглах ёстойг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хэргийн 28 дугаар хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээ... “Hongli”  маркын мотоцикль-2200000 төгрөг / хэргийн 32 дугаар хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга...Калман *******ийн ХААН банкны Ховд төв тооцооны 5845357001 тоод дансанд 2018 оны 12 сарын 25-ны өдөр 14:03 минутанд 5863022721 дугаарын данснаас 99038297 дугаарын утаснаас орлого орсон.../ хэргийн 56 дугаар хуудас/

Эд хариуцагч К.*******ийн “ эд хөрөнгийн бүртгэлийн 7 дугаарт мотоцикль – амаар тоолсон гэх баримт / хэргийн 58 дугаар хуудас/

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/ 25 дугаартай “ К.*******ийг Рашаант багийн засаг даргаар томилох тухай “  тушаал / хэргийн 59 дүгээр хуудас/

 Машины тодорхойлолт...2018 оны 08 сарын 02-ны өдөр үйлдвэрлэсэн, Hongli маркын LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631611, үйлдвэрт хийгдсэн туршилтын км-47, паспорт нээхээс өмнө ашигласан , явсан км – 59 ...Рашаант баг / хэргийн 62 дугаар  хуудас/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч К.******* нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Б/25 дугаартай “ К.*******ийг Рашаант багийн Засаг даргаар томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli”  маркын LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631611 дугаар бүхий улаан өнгийн мотоциклийг гардан авсан, Мөн Жаргалант сумын Тамгын газраас 2018 оны 09 сарын 03-ны өдөр 59 км-ийн гүйлт бүхий заалттай мотоциклийг хүлээн авч, ажилдаа дүүгээрээ унуулан хүргүүлж, ажлын хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2018 оны 12 сарын 25-ны  өдөр Ховд аймгийн Дуут сумын иргэн З.Одгэрэлд 1380000 төгрөгөөр зарж борлуулсан ба Ховд аймгийн Цагдаагийн газраас 193600348 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газар тухайн мотоциклийг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч К.******* нь тухайн мотоциклийг өөрөө унаж албан ажилдаа хэрэглэх боломжгүй байсан тул зарж, Приус-10 маркын авто машиныг худалдан авч өөрийн ажлын албан хэрэгцээндээ ашигласан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдээгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч К.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж  байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн...хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.******* өгсөн...Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж, багийн засаг дарга нарыг унаажуулах зорилгоор  БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli”  маркын мотоциклийг гардуулан өгсөн. Бид мотоцикль авах хүсэлт гаргаагүй тул өөр шаардлагатай тоног төхөөрөмжөөр солиулах хүсэлт гаргасан боловч аймгийн удирдлагууд зөвшөөрөөгүй тул Жаргалант сумын 12 багийн Засаг дарга  нартаа  мотоциклийг нь 2018 оны 09 сарын эхээр албан ёсоор гардуулж өгсөн. К.******* нь дүүгээрээ унуулаад ажилдаа ирж байсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч К.*******ийн...би тухайн мотоциклийн гардан авсан. Дүүгээрээ бариулаад ажилдаа унаж байгаад Жаргалант сумын Засаг даргын ... Зараад машин болгож болно...гэсний дагуу З.Одгэрэл гэгчид 1380000 төгрөгөөр зарсан. Цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа буцаан авчирсан... гэх мэдүүлэг, гэрч З.Одгэрэлийн...К.*******ээс улаан өнгийн  “Hongli” маркын мотоциклийг 1380000 төгрөгөөр 2018 оны 12 сарын сүүлээр худалдан авсан. К.******* нь 2019 оны 10 сарын сүүлээр зарах ёсгүй мотоцикль байсан байна гээд буцаагаад авсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Цогт-Эрдэнийн...манай дүү З.Одгэрэл нь нэг хүний утас өгөөд, мотоцикль аваарай гэсний дагуу Номингийн доод талд очоод нэг танихгүй казак эмэгтэйтэй утсаар яриулаад  өөрийн данснаас  1400000 төгрөг шилжүүлээд мотоциклийг авч тавьсан. Манай дүү З.Одгэрэл ирж авсан. Сүүлд уулзахад буцаагаад авсан гэж байсан...гэх мэдүүлэг, гэрч Э.Саранцэцэгийн ... 2019 оны 02 дугаар улиралд багийн дарга нарын мотоцикль тоолсон. Наран багийн Засаг дарга Цэрмаа мотоциклио авчирч тоолуулсан. Бусад багийн дарга нар мотоцикль байгаа гэдгийг амаар тоолуулсан...гэх мэдүүлэг, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.*******ийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай “ К.*******ийг Рашаант багийн Засаг даргаар томилох тухай“ захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаагийнх хувьд,  мөн   Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулахын тулд  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн  Засаг  дарга К.*******ийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркын LTDPCML86J8631611, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631611 дугаар бүхий улаан өнгийн мотоциклийг  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас К.*******д хүлээлгэн өгсөн, К.******* нь хүлээн авсан байна.

Иймд К.******* нь тухайн мотоциклийг хүлээн авснаар бусдын эд хөрөнгийн итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч К.*******д тухайн мотоциклийг өөрийн албан  ажлын хэрэгцээнд хэрэглэх зориулалтаар өгсөн атал түүнийг ажил олгогч Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1380000 төгрөгөөр зарж борлуулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.*******ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 09 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн З.Одгэрэлд 1380000 төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Шүүгдэгч******* овогт ******* *******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин  хэргийн 81, 82 дугаар хуудас дахь “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” Сумдын ЗДТГ-ын блансад бүртгэх мотоциклийн мэдээлэл гэх баримт, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн...Багийн засаг дарга нарт мотоцикль гардууллаа гэх баримт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт мотоцикль нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  Үнэлгээний хороо байгуулах, Ховд аймгийн Багийн Засаг дарга  нарыг унаажуулах тендерийн баримт бичиг бүхий 177 хуудас баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу гаргаагүй тул шүүх үнэлээгүй болно.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Хохирогч байгууллагын хууль ёсны  төлөөлөгч Д.Ариунбилэг нь шүүгдэгч К.******* нь мотоциклийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл  байхгүй... гэж мэдүүлж байгаа шүүгдэгч К.******* нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч К.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 80 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  болон хэргийн И.Хумархан... К.******* нь шулуун шударга зантай, худал ярьдаггүй өөр ямар нэгэн ааш зан байхгүй. Хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, К.Жупанханы ...К.******* нь нийтэч зантай, маш шударга хүнд тусархуу хүний төлөө гэж байдаг, хоёр хүүхдийн хамт амьдардаг,  дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Нөхрөөсөө салсан, хоёр хүүхдийн хамт амьдардаг... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч К.******* нь  өрх толгойлон, хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн...Молхы овогт Хавдолдайгийн Болатбек,******* овогт ******* ******* нар нь 2009 оны 03 сарын 05-ны өдөр 0002 дугаарт гэрлэлт цуцлалтын бүртгэлд бүртгүүлсэн тухай “ Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа”, Болатбекийн Нурдаулет 2003 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн, ПЮ 03270838 дугаарын регистр бүхий төрсний бүртгэлийн лавлагаа, Болатбекийн Нурсауле 2004 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн, ПЮ 04281400 дугаарын регистр бүхий төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлжээ.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч К.******* нь хохирлыг бодит байдлаар төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч К.*******ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгйин 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 09 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн З.Одгэрэлд 1380000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж  үзэж байгаа. Шүүгдэгч К.******* болон Ховд аймгийн 91 багийн засаг дарга нарт 2018 оны 08 сарын 02-ны өдөр багийн дарга нарыг унаажуулах зорилгоор тендэр зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн 91 мотоциклийг хүлээлгэн өгсөн гэдэг дээр хэнч маргахгүй байгаа. Тухайн мотоциклийг К.******* хүлээн аваад өөрийн дүүгээрээ унуулан  ажилдаа явж байсан нь тогтоогдсон. Тухайн мотоциклийг сумдын Тамгын газар нь  хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаарх  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2018 оны 12 сарын 26-ны өдөр гарсан. К.******* нь тухайн шийдвэр гарахаас  өмнө уг мотоциклийг бусдад зарж 1380000 төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч К.*******ийг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах,  шүүгдэгч К.******* нь гэмт хэрэг үйлдэж 1380000 төгрөгийг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар хурааж улсын орлого болгох дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлт тайлбартаа: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэдийгээр Ховд аймгийн  Засаг дарга Д.Галсандондог болон  хурлын дарга нар нь Ховд аймгийн төв талбай дээр багийн дарга нарт мотоциклийг гардуулан өгсөн боловч тухайн мотоцикль ямар эх үүсвэрээр бий болсон, Жаргалант сумын Тамгын газрын хөрөнгө  мөн эсэх, улсын дугаар тамга тэмдэг авагдсан эсэх, шүүгдэгч К.*******тэй  эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх, тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповрон нь сонсгол мэдээллийн цагаараа эмэгтэй багийн дарга нар нь мотоциклио зарж болно  зөвшөөрлийг өгч байсан гэх нөхцөл байдлыг  шалган тогтоогоогүй гэж үзнэ. Иймд шүүгдэгч К.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Нэгэнт шүүхээс шүүгдэгч К.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч К.******* нь өрх толгойлон амьдардаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ялын доод хэмжээ болох 2700000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,  уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт тайлбар гаргав. 

 Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч К.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 09 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн З.Одгэрэлд 1380000 төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж  гэм буруутайд  тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч К.*******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар,  хохирогч байгууллагын хууль ёсын төлөөлөгчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.*******д хоёр мянга долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч К.*******д оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.*******д тайлбарлан өгөв.

  Шүүгдэгч К.******* нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг  бусдад зарж 1380000 төгрөгний орлого  олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч К.*******ээс  1380000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх  нь зүйтэй байна.

            Эрүүгийн 1936003480259  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

            Шүүгдэгч К.*******ийн эзэмшлийн ХОҮ 38-34 улсын дугаартай “TOYOTA PRIUS”  маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/136 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт ******* *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.*******ийг  хоёр манга долоон  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч К.*******д оногдуулсан 2700000  төгрөгний  торгох ялыг 1/ нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1936003480259  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 3-т зааснаар шүүгдэгч К.*******ээс 1380000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч К.*******ийн эзэмшлийн ХОҮ 38-34 улсын дугаартай “TOYOTA PRIUS”  маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/136 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч  К.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч К.*******д  оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч К.*******д   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА