Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

2020          04           01                                      2020/ШЦТ/294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,

          шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009003920413 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт инженер тууз орчуулагч ажилтай, Баянгол тоотод оршин суух хаягтай,

          2015 оны 12 дугаар сарын 14-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Д.Т /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санрайс" зочид буудлын үүдний танхимд хохирогч Б.Ууган-Очирыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Тийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санрайс" зочид буудлын үүдний танхимд хохирогч Б.Ууган-Очирыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санрайс" зочид буудлын үүдний танхимд хохирогч Б.Ууган-Очирыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          хохирогч Б.Ууган-Очирын "...тэр залуу архи их уусан согтуу байсан учраас миний хэлсэн үгийг ойлгож ухамсарлахгүй шууд над руу уурлаад намайг 1-2 удаа толгойгоороо мөргөж, гараараа 1 удаа нүд рүү цохисон. ...надад учирсан 600.000 төгрөгийн хохирлыг буруутай этгээд болох Д.Т төлчихсөн. Надаас уучлал гуйсан. Бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. Цаашид надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ¹2728 тоот актын “…Б.Ууган-Очирын биед зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын улайлт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. ...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх шинэ гэмтэл байна... “ гэх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

яллагдагч Д.Тийн "...2020.02.15-ны өдөр ажлынхаа газрын хэдэн хүмүүсийн хамтаар... Санрайз зочид буудлын В1 давхарт байрлах караокед орж үйлчлүүлж байгаад 23:00 цагийн үед тус караокегоос гараад “Санрайс” зочид буудлын нэг давхарт байрлах буудлын ресейпшины текний хажууд ресейпшн эмэгтэйтэй юм яриад зогсож байхад хажууд нэг үл таних цэнхэр өнгийн куртиктай залуу ирээд надтай яриа өдөөд ресепшин бид 2-ын яриаг тасалсан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж улмаар би тэр залууг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж, 2 удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Тт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Тт 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Д.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1  ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

          5.Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР