Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01393

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2016/01393

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 37-03 тоотод оршин суух Тахианхан овогт  Алтанмандын Банди /ФА:79021115/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-14-43 тоотод оршин суух Боржигон овогт Дэмбэрэлсүрэнгийн Болорцэцэг  /АЭ:80012120/

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр, хариуцагч Д.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Банди шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Болорцэцэгтэй 2005 онд танилцаж гэр бүл болсон. 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд хүү төрсөн. Сүүлийн үед бид таарч тохирохгүй болон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Тэмүүлэнгээ өөрийн асрамжинд авч, хүүдээ эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй, гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Энэ хоёр хүн тус тусдаа амьдралтай болсон, хамт амьдрахаа болиод удаж байна. Нэхэмжлэгч гадаад явах болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна гэв.    

Хариуцагч Д.Болорцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Д.Болорцэцэг нь А.Бандитай 2005 онд танилцаж 2007 онд албан ёсоор гэр бүл болсон. 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бидний дундаас хүү төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй тус тусдаа өөр хүнтэй амьдралаа холбосон. Цаашид амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ эцэг нь асрамжиндаа авна гэсэн эд хөрөнгийн маргаан бидний хооронд байхгүй болно гэв.

 

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Банди хариуцагч Д.Болорцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Д.Болорцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2005 онд танилцан, 2007 оноос нэг гэрт хамт амьдарч 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-64 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас хүү Б.Тэмүүлэн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Ачлалт нар өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Булаг багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Тэмүүлэнгийн Г-1837 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон цогцолбор сургуулийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас тусдаа амьдарч, хэн аль нь хамтран амьдрагчтай болж өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа ба гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Б.Тэмүүлэн нь төрсөн цагаасаа эцэг А.Банди болон эмээ өвөөгийн хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 37-03 тоотод амьдарч байсан ба зохигчдын хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон байдал болон хүүгийн ээнэгшин дассан орчин нөхцлийг харгалзан өөрчлөх шаардлага байхгүй гэж дүгнээд хүү Б.Тэмүүлэнг эцэг А.Бандийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч А.Банди хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн  болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Болорцэцэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бандид олгохоор тогтоов. 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тахианхан овогт Алтанмандын Банди, Боржигон овогт Дэмбэрэлсүрэнгийн Болорцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Бандийн Тэмүүлэнг эцэг А.Бандийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч А.Банди нь хариуцагч Д.Болорцэцэгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Болорцэцэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бандид олгосугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ