| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00507/И |
| Дугаар | 507 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 507
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр баг, 4-02 тоотод оршин суух, 1954 онд төрсөн, 62 настай, Гаяг тайж овгийн Дашцэрэнгийн Өлзийсүрэнгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Өлзийсүрэн, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өлзийсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндэ: Миний бие 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Өлзийсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1984 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд 1984-1986 он хүртэл Өвөрхангай аймгийн эмнэлэгт сувилагч, 1987 оноос эхлэн Гучин-Ус сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр аймгаас шилжүүлсэн бичилт хийсэн байхад Гучих-Ус сумын Засаг даргын бүртгэлд ороогүй 1995 оны 01 дүгээр сараас бүртгэгдэн бичилт хийлгэсэн байна. 1992 оноос 1994 оны бичилт тасарсан байна. Иймд миний ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өлзийсүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Д.Өлзийсүрэн нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь Гучин-Ус сумын Эрүүл мэндийн төвийн 1992-1994 оны цалингийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Өлзийсүрэнгийн зэргийн үнэмлэхний хуулбар, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон баярын бичгийн хуулбар, гэрч Ц.Авирмэд, А.Түмэннаст нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гаяг тайж овгийн Дашцэрэнгийн Өлзийсүрэнг 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА