Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 01398

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01398

Орхон аймаг

 

 

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-13-23 тоотод оршин суух Дүүрэн овогт Одсэрийн Энхтуяа /ТБ:70051206/

Ажилласан байдлаа тогтоолгох тухай  хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Эхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч О.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Энхтуяа би 1989 онд Дархан хотын Барилгын ТМС-ийг төгсөж ирээд Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехэд 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өрлөгчинөөр ажиллаж байгаад “РСЦ” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-к дугаар тушаалаар өрлөгчин-будагчинаар ажиллах болсон. Захирлын тушаалд өрлөгчин-будагчин гэж гарсан боловч би будагчин /засал чимэглэлчин/-ээр ажиллаж байсан бөгөөд өрлөгчин хийж байгаагүй. Дээрх тушаал алдаатай гарсаныг 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 тоот тушаалаар залруулан засал чимэглэлчин гэсэн байдаг. Намайг будагчин /засал чимэглэлчин/-ээр ажиллаж байсныг РЦС ХХК-ны 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 632 тоот албан бичиг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны төрөлжсөн архивын лавлагаа, РЦС ХХК-ны 2009 оны 01 сарын 30-ны өдрийн 2к тушаал, Б/21 тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хамт ажиллаж байсан Ч.Пүрэвсүрэн, С.Лхамаа, тухайн үед байсан боловсон хүчин Э.Цагаанхүү нар гэрчлэх болно. Иймээс 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн барилга засварын цехэд будагчин /засал чимэглэлчин/-ээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дүүрэн овогт Одсэрийн Энхтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

О.Энхтуяа нь 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл РСЦ ХХК-д будагчинаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаартай РСЦ ХХК-ний тодорхойлолт, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаартай Эрдэнэт үйлдвэр ХХК-н төрөлжсөн архивын лавлагаа, 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 дугаартай РСЦ ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал, 2011 оны 01 дүгээр сарын 30-ны 02-К дугаартай РСЦ ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал, 314848 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 097889 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 758704 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус нотлогдож байна. О.Энхтуяа нь тушаал өрлөгчин-будагчнаар гарсан боловч их барилгын үйл ажиллагаа энэ цаг үед явагдаагүй, өрлөгийн ажил хийж гүйцэтгээгүй ба захиалагч байгууллагын хүсэлтээр дотоод засал чимэглэл будгийн ажил хийж байсан гэсэн тайлбарыг гэрч С.Лхамаа, Ч.Пүрэвсүрэн нар баталж байна.

Иймд Дүүрэн овогт Одсэрийн Энхтуяаг 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл РСЦ ХХК-д будагчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дүүрэн овогт Одсэрийн Энхтуяаг 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл РСЦ ХХК-д будагчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ