Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/01198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-45 тоотод оршин суух, Чулуун дүүгүүртэн овгийн Хишигбаярын Оюун-Эрдэнэ /РТ75032179/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-45 тоотод оршин суух, Баатад овгийн Дагвын Цэвээндулам /ГБ77050303/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ, хариуцагч Д.Цэвээндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэвээндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Миний бие Д.Цэвээндуламтай 1998 онд танилцэж гэр болж, 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2000 онд хүү О.Амарбаяр, 2011 онд охин О.Удвалдэлгэрэх тус тус төрсөн. Таарч тохирохгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү Амарбаяыг өөрийн асрамжинд авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Бид 18 жил амьдрахдаа бүх цаг хугацаа хэрүүлтэй байсан. Хүүгээ нэг ой гарантай байхад нь салаад эргээд нийлж байсан. Тэр үед хүү маань манай аав ээж дээр байдаг байсан. Одоо ч надтай хамт байгаа. Бид хоёр хоёулаа л хөдөлмөрлөж байсан, ганцхан Цэвээндулам хөдөлмөрлөөд би зүгээр суугаад байгаагүй. Адилхан хөдөлмөрлөж эд хөрөнгөө авч байсан. Гэр орныхоо бүх ажлыг би хийдэг байсан, хүүхдүүдээ цэцэрлэгт өгнө, авна, хоол ундаа хийнэ, юмаа угаана, энэ бүгдийг би л хийдэг байсан. Харин манай эхнэр бол гоо сайхан байх ёстой л гэж үздэг хүн. Хүүхдүүдийнхээ төлөө би байнга анхаарал тавьдаг. Хувцас хунар авч өгдөг, мөнгө төгрөг өгдөг. Цэвээндулам арай дэндүү худлаа хэлж байна. Дандаа хүний амаар юм ярьдаг... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дагва овогтой Цэвээндулам миний бие Хишигбаяр овогтой Оюун-Эрдэнэтэй 18 жил хамт амьдарсан. 2000 онд хүү Амарбаяр, 2011 онд охин Удвалдэлгэрэх тус тус төрсөн. Нөхөр болох Оюун-Эрдэнэтэй сууя гэхэд нь сууж, салъя гэхэд нь салж байгаа билээ. Тусдаа амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд 2 хүүхэд над дээр байсан. Оюун-Эрдэнэ хүүхэд авч амьдрах сэтгэлгүй, асарч халамжлах дургүй хүн юм. Ийм учир 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэмж оюутан болоход сургалтын төлбөр гэр бүл болж тус тусдаа гарахад нь гэр орон, зардал мөнгийг нь гаргуулж байхаар шийдэж өгнө үү.

Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Х.Оюун-Эрдэнэ нь гэр орондоо ирдэггүй, шөнө оройд ирдэг, намайг зодож 3 хурууг минь хугалж, гуя руу маань шил шааж байсан. Манай том хүү гадуур тэнэдэг, тамхи татдаг, миний машины түлхүүрийг хулгайлаад машин унаж явдаг. Надтай хэрэлдээд намайг цохих гээд байсан. Тэгээд хувцсаа аваад яваад өгсөн. Х.Оюун-Эрдэнэ нь 2 хүүхдийнхээ төлөө явдаггүй, 2 хүүхдийнхээ асуудлыг би л зохицуулдаг. Хүүхдийнх нь талаар хэлэх гээд утасдахаар утсаа ер авдаггүй.  18 жил хамт амьдрахдаа угаасаа бид хоёр таарч тохирдоггүй байсан.. гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Цэвээндуламд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох”–оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Х.Оюун-Эрдэнэ, Д.Цэвээндулам нар нь 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2000 оны 6 дугаар сарын 30-нд хүү О.Амарбаяр, 2011 оны 03 дугаар сарын 07-нд охин О.Удвалдэлгэрэх нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид зан харилцааны улмаас таарч тохирохгүй байгаа, үргэлж хэрүүлтэй байдаг, гэр бүл болсноосоо хойш таарамж муутай байсан талаар зохигчид тайлбарласан бөгөөд одоо гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хүүхдүүдийн асрамжийн хувьд Х.Оюун-Эрдэнэ нь охиноо ээжид нь өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин хүү О.Амарбаярыг өөрийн асармжиндаа авах, эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй байх хүсэлт гаргасан. Д.Цэвээндулам нь хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авч хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно гэсэн.

Хүү О.Амарбаярын хувьд аавтайгаа байна, би ээжтэйгээ таарч тохирдоггүй гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн. Д.Цэвээндулам нь хүү О.Амарбаярыгаа ээжтэйгээ зүй бус харьцдаг талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Нэгэнт эцэг нь хүүгээ авья, хүү нь ч аавтайгаа хамт амьдарна гэж байгаа тул хүүхдийн асрамжийг эцэгт үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй. Харин охин О.Удвалдэлгэрэхийн асрамжийн талаар талууд маргаагүй ээжид нь өгөхөөр тохиролцсон байна. Иймд охин О.Удвалдэлгэрэхийг эх Д.Цэвээндуламын асрамжинд үлдээж, эцгээр нь насанд хүртэл нь тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хүүхдийнхээ оюутан болоход сургалтын төлбөр, гэр бүл болж тусдаа гарахад нь гэр орон зардал мөнгийг гаргуулж байхаар шийдүүлнэ гэсэн байх ба энэ талаар нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд ирээдүйд би болох зардал мөнгөний асуудлыг одоо шийдвэрлэх боломжгүй юм. Иймд энэ асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын адил шийдвэрлэх боломжгүй байна.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х.Оюун-Эрдэнэ, Д.Цэвээндулам нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 6 дугаар сарын 30-нд төрсөн хүү О.Амарбаярыг эцэг Х.Оюун-Эрдэнийн асрамжинд, 2011 оны 03 дугаар сарын 07-нд төрсөн охин О.Удвалдэлгэрэхийг эх Д.Цэвээндуламын асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03 дугаар сарын 07-нд төрсөн охин О.Удвалдэлгэрэхийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Оюун-Эрдэнээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Х.Оюун-Эрдэнэ нь хүү О.Амарбаяртаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.    

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.    

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА