Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 508

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Жүгдэр овгийн Довчингийн Өлзийбадрахын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөрхуяг, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Өлзийбадрах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

   Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөрхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Өлзийбадрах нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд ажиллаж байсан нь үнэн. Шүүхэд гаргасан хүсэлтдээ тодорхой дурдсан. “Өрнөлт” нэгдэлд малчин байсан. 1980 оны 8 сараас эхлээд мал малласан. 1991 оны 3 сарыг дуустал ажлаад нэгдэл тарсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Өлзийбадрах “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

П.Өлзийбадрах нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох ньӨвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 610 тоот архивын лавлагаа, Ш.Оюунбилэг, П.Түмэннаст нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож, харин хүсэлт гаргагч 1991 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд ажилласан байдал нь хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЖүгдэр овгийн Довчингийн Өлзийбадрахыг 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсанболохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА