| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01203/и |
| Дугаар | 142/ШШ2016/01226 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2016/01226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-12-30 тоотод оршин суух, Боржин овгийн Чимэд-Очирын Баасанжаргал /ЕИ78092907/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг өндөр дэнж 49-23 тоотод оршин суух, Урианханы хөх чоно овгийн Намжидын Уламбаяр /МО72110312/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг өндөр дэнж 49-23 тоотод оршин суух,Бичээч овгийн Дэлгэрмаагийн Хангайхүү /ФД81042009/ нарт холбогдох
“зээлийн гэрээний үүрэг 700 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Баасанжаргал, хариуцагч Н.Уламбаяр, Ч.Хангайхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Баасанжаргал нь Н.Уламбаяр, Хангай нарт 2016 оны 6 сард 700 000 төгрөгийг хүү, алдангигүйгээр зээлүүлсэн болно. Эдгээр хүмүүс урьд нь удаа дараа мөнгө зээлж аваад буцаагаад төлчихдөг байсан юм. Би гэрээрээ хүүтэй мөнгө зээлүүлдэг бөгөөд манай байрны айл хөршүүд надаас мөнгө зээлээд эргүүлээд цаг хугацаандаа төлчихдөг. Эдгээр эхнэр, нөхөр 2 манай хөрш айл бөгөөд манай хажуу талд амьдардаг ба энэ өдөр хоёулаа орж ирээд мөнгөний хэрэг байна гээд гуйсаар байгаад 700 000 төгрөгийг зээлдэж авсан юм. Тэгээд авсан дариудаа нөхөр нь гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийг минь хангаж Хангай, Н.Уламбаяр нараас 700 000 төгрөгийг гаргуулан өгнө үү.
Миний нөхөр Алтан-Очир нь ХИУ-д ажилладаг байсан. Би ажилгүй болохоор нөхрийнхөө олсон хэдэн төгрөгийг хүн амьтанд хүүтэй гаргаж гэртээ нэмэр болдог байсан. Уланбаяр, Хангайхүү хоёртой ТИС-н оюутны дотуур байранд 10 гаруй жил хамт амьдарсан. Хангайхүү бид 2 дотно сайхан харьцаатай нөхөрлөж их олонч удаа хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцаж хэн хэнийхээ амьдралд тус нэмэр болсоор ирсэн. Хангай нэг өдөр найздаа мөнгө орж ирвэл хэлээрэй, Амараа эгчийн ломбарднаас мөнгө авчихсан байгаа, Уламбаяр бид хоёроос илүү мөнгө аваад бас хүүгээс хүү бодоод байх шиг байна. Нэг хүн дээрээ л өртэй байя, Амараа эгчээс виза, үнэмлэх хоёроо аваад чамд өгчихье, барьцаатай юм чинь, Алтан-Очир уурлахгүй зүгээр гэж байсан. Тэгээд надад удалгүй мөнгө орж ирээд нэмж би 3.500.000 төгрөгийг бага хувийн хүүгэйгээр өгсөн. /Урд нь надад 1.300.000 төгрөгний өртэй байсан/ Уламбаяр, Хангайхүү хоёр мөнгө авснаас хойш өчнөөн сар хүү гэж юу ч өгөөгүй. 2014 оны 6 сард сургалтын төвийн айлуудыг байрнаас гаргах тухай яригдаж эхлээд 9 сард нь Өндөр дэнж гэх одоо тэдний амьдарч байгаа байрлуу нүүлгэн шилжүүлсэн. Тэр үед манай нөхөр Алтан-Очир бид хоёр ярилцаад тэр байрлуу нүү“ гээд аав ээж, ах дүү нөгөө гаргадаг байсан мөнгөө татахыг нь татаж зээлхииг нь зээлж 2014 оны 11 сарын ихээр 2-12-30 тоот байрыг лизингээр худалдаж авсан. Байр авахдаа хүн амьтнаас зөндөө мөнгө зээлчихсэн байсан болохоор Уламбаяр, Хангайхүү хоёроос мөнгөө шамдуулж эхэлсэн. 2014 оны 11 сарын 21-нд охины дансруу 3.500.000 төгрөг Хангайгаас орж ирсэн. Удалгүй Хангай залгаад зээл авсан чинь чиний мөнгийг өгч хүрсэнгүй, хэд хоногоос хүнээс аваад гүйцээгээд өгье гэсэн. Тэгээд удалгүй надаас бичиг баримтаа авч яваад хэд хоногийн дараа 1.800.000 төгрөг өгөөд үлдэгдэл 700.000 төгрөгийг чинь тэгж байгаад өгье гэсэн. Тэрнээс хойш өгөх байх гэж би 2 жил хүлээсэн. Энэ хугацаанд хааяа нэг гэрт нь очоод мөнгөө нэхэхэд өгнөө боломж болохгүй байна, тэгж байгаад өгнө гэдэг байсан. Дараа нь гарын үсэг зуруулж авахгүй бол олдохгүй юм байна гэж би бодоод зуруулах гэхээр Хангай өгөхөөс хойш юун сүртэй юм бэ гэсэн юм яриад ерөөсөө зурж өгөхгүй бүр миний хажууд Уламбаярыг зурах хэрэгтүй гэсэн. 2016 оны 6 сард байрныхаа гаднах дэлгүүрт байж байсан чинь Уламбаяр ороод ирсэн. Тэгэхээр нь би, та 2 хэзээ нөгөө мөнгөө өгөх гэж байна, Алтан-Очир ажилгүй болчихсон, банкны мөнгөнөөс эхлээд манайх хэцүү байна гэж хэлсэн. Тэгсэн Уламбаяр би 7 сард зээл авна, тэгээд бүгдийг нь өгье гэсэн. Өгөх нь үнэн юм чинь гарын үсгээ зураад өгөх өдрөө биччих гэсэн. Тэгээд бичүүлж авсан. Тэр үед Уламбаяр архи дарс уугаагүй, өглөө эрт 9-10 цагт дугуйтайгаа явж байсан. Хэрэв Уламбаяр надад өгөх өгдөггүй байсан бол эрүүл саруул хүн яалаа гэж бичиж өгөх юм бэ? Өгөхөө мэдэж байгаа болоод зөвшөөрч бичсэн байж таараа. Би Уламбаярыг хүчилж барьсан юм байхгүй. Дэлгүүрийн эгч мэдэж байгаа. Уламбаяр Хангайхүү хоёроос зөндөө мөнгөө гуйж үзсэн. Арга тасраад өмгөөлөгч дээр очиж зөвлөгөө хэд хэдэн хүн дээр авсан. Энэ хоёрын мөнгийг 2 жил гаруй болчихсон нотлох баримт муу олдох нь хэцүү гээд тэгж бичиж өгсөн. Надад хүүгээс хүү бодсон юм байхгүй. Хүн чанар Уламбаяр, Хангайхүү хоёрт байдаг бол намайг хүүгээс хүү бодсон гэж хэлэхгүй л байсан. Би үнэхээр гомдож байна. Би шуналтай айхтар хүн байсан бол үлдэгдэл мөнгөн дээрээ хүү бодоод гарын үсэг зуруулаад авчихсан байх байсан. Харин би хэнд хэзээ ч тэгж байгаагүй. Иймд Уламбаяр, Хангайхүү хоёроос үлдэгдэл 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хангайхүү нь надаас эхлээд 4 500 000 аваад 1 300 000 төгрөг үлдсэн байсан. Дээр нь нэмээд 3 500 000 төгрөг авсан. Тэгээд хүүгээ өгч явж байгаад 5 сар хүүгээ өгөөгүй. 3 500 000 төгрөгөө өгсөн, мөн 1 800 000 төгрөгөө өгсөн. Одоо 700 000 төгрөг үлдсэн, энэ нь үндсэн мөнгө юм. Надад өгсөн мөнгөнөөс нь хүүгээ бодож аваад 700 000 төгрөг нь үндсэн мөнгө юм. Энэ мөнгийг 2014 оны 03 дугаар сарын эхээр л зээлүүлсэн. Өмнө нь Хангайхүүд байнга мөнгө зээлүүлж, өгч авалцдаг байсан. Н.Уламбаярт гардаж өгч байгаагүй. 4 800 000 төгрөгний 5 сарын хүү нь 1 200 000 төгрөг болж байгаа, үүнээс 5 300 000 төгрөгийг нь авсан, одоо үлдэх 700 000 төгрөгөө гаргуулна гэжээ.
Хариуцагч Н.Уламбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Миний эхнэр Д.Хангайхүү нь нэхэмжлэгч Ч.Баасанжаргал иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны виза картыг барьцаалан 2014 оны эхээр Улаанбаатар хот руу хагалгаанд орох гээд 3 500 000 төгрөг авсан. Хагалгаанд орж ирээд 2014 оны 11 сард цалингийн зээлийн зөрөө гарган 3 500 000 төгрөгийг нөхөр болох Алтан-Очир овогтой Номин-Эрдэнийн Хаан банкны дансанд хийж, энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа хүү болох 1 800 000 төгрөгийг Баасанжаргалд бэлэн өгсөн бөгөөд хүүгийн хүү болох 700 000 төгрөгийг нэхсэн. Тухай үедээ өгөх боломжгүй гээд салсан. Иймд 2016.06 сард 700 000 төгрөг өгч авалцаагүй. Манайх Дэнж баг руу нүүж айл хөрш байхаа больсон байсан. Намайг Оюут багийн 2-13-р байрны дэлгүүр дотор халамцуу байхад 700 000 төгрөг нэхэн гарын үсэг зуруулсан. Эхнэр болох Хангайхүү нь тооцоогоо Баасанжаргалтай хийдэг байсан. Баасанжаргалын нэхэмжилсэн 700 000 төгрөгийг өгөх боломжгүй. Би бол мөнгөний дүн, зээлийг мэдэхгүй. Манай эхнэртэй л тооцоо хийдэг. Надад мөнгө өгч байгаагүй, би авч байгаагүй. Би мөнгөний тооцоог мэдэхгүй. Эхнэр л мэдэх байх, өөрсдөө ломбард ажиллуулдаг юм бол нарийн тооцоотой баймаар юм. гэжээ.
Хариуцагч Д.Хангайхүү нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Хангайхүү миний бие нь нэхэмжлэгч Баасанжаргалаас 2016.06 сард 700 000 төгрөгийг өгч авалцаагүй. 2014 оны намраас хойш айл хөрш байхаа больсон байсан. Нэхэмжлэгч Баасанжаргалаас 2014 оны хавар Улаанбаатар хот руу хагалгаанд орох гээд 3 500 000 төгрөгийг нөхөр болох Уламбаярын цалингийн виза, иргэний үнэмлэхийг барьцаалан тус мөнгийг авсан. Хагалгаанд орж ирээд 2014 оны 11 сард цалингийн зээлийн зөрөө гаргаж үндсэн мөнгө болох 3 500 000 төгрөгийг Баасанжаргалын охин А.Номин-Эрдэнийн Хаан банкны дансанд хийсэн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Баасанжаргалд хүү болох 1 800 000 төгрөгийг өгч барьцаалсан бичиг баримтаа авахад, хүүгийн хүү болох 700 000 нэхсэн. Тухайн үедээ би өгөх боломжгүй гээд салсан. 2016 оны 06 сард миний нөхөр болох Уламбаяртай тааран халамцуу явахад нь хүүгийн хүү нэхэн гарын үсэг зуруулсан байсан. Иймд нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баасанжаргал нь хариуцагч Н.Уламбаяр, Ч.Хангайхүү нарт холбогдуулан “700 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 4 дүгээр хуудас дахь Н.Уламбаярын гарын үсэг бүхий баримтанд үндэслэсэн.
Ч.Баасанжаргал тайлбарлахдаа, Хангайхүү нь надаас эхлээд 4 500 000 аваад 1 300 000 төгрөг үлдсэн байсан. Дээр нь нэмээд 3 500 000 төгрөг авсан. Тэгээд хүүгээ өгч явж байгаад 5 сар хүүгээ өгөөгүй. 3 500 000 төгрөгөө өгсөн, мөн 1 800 000 төгрөг өгсөн. Одоо 700 000 төгрөг үлдсэн, энэ нь үндсэн мөнгө юм. Надад өгсөн мөнгөнөөс нь хүүгээ бодож аваад 700 000 төгрөг нь үндсэн мөнгө юм. Энэ мөнгийг 2014 оны 03 дугаар сарын эхээр л зээлүүлсэн. Өмнө нь Хангайхүүд байнга мөнгө зээлүүлж, өгч авалцдаг байсан. Н.Уламбаярт гардаж өгч байгаагүй. 4 800 000 төгрөгний 5 сарын хүү нь 1 200 000 төгрөг болж байгаа, үүнээс 5 300 000 төгрөгийг нь авсан, одоо үлдэх 700 000 төгрөгөө гаргуулна гэсэн.
Хариуцагч Д.Хангайхүү, миний хувьд 2013 онд их хэмжээний мөнгө авч байгаагүй, 1 300 000 төгрөг гээд байна уван цуван таван зуугаад мянган төгрөг л авсан. Олон газар өртэй байхаар гээд эднийд өртэй болсон. 3 500 000 төгрөгийг хагалгаанд орох гээд авсан. 1 300 000 төгрөгнийх нь хүү өсөөд 6 500 000 болсон гэж бодсон. Би 3 500 000 төгрөгийг нөхөр цалингийн зээл аваад өгсөн, 7 хоногийн дараа нь дахин 1 800 000 төгрөг өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч Н.Уламбаяр нь, би мөнгөний тооцоог мэдэхгүй. Эхнэр л мэдэх байх, би мөнгө зээлж авч байгаагүй, өөрсдөө ломбард ажиллуулдаг юм бол нарийн тооцоотой баймаар юм гэж тайлбарласан.
Зохигчдын дээрх тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй, нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж үзэхээр байна. Ч.Баасанжаргал нь, Хангайхүүг өмнө нь надаас байнга мөнгө авч өгдөг байсан, түүний үлдэгдэл нь 1 300 000 төгрөг үлдсэн, дээр нь нэмж 3 500 000 төгрөг авсан гэж тайлбарлаж байх боловч өмнө нь хэдийд хэдэн төгрөг авсан, хэдийг нь буцааж өгөөд хэд төгрөг үлдсэнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нар 3 500 000 төгрөгийг аваад буцааж өгсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны А.Номин-Эрдэнэий /Ч.Баасанжаргалын охины/ дансны хуулгаар нотлогдсон.
Ч.Баасанжаргал, Д.Хагайхүү нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан.
Ч.Баасанжаргал, Д.Хангайхүү нарын хооронд хүү тогтоож зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.Тиймээс Ч.Баасанжаргал нь хүү нэхэмжлэх эрхгүй бөгөөд нийт 5 300 000 төгрөг төлсөн болох нь нотлогдсон.
Зохигчид, 3 500 000 төгрөгийг Д.Хангайхүү зээлж авсан болон 5 300 000 төгрөгийг Ч.Баасанжаргалд хариуцагч нар буцаан төлсөн талаар талууд маргаагүй, харин өмнө нь 4 500 000 төгрөг Д.Хангайхүү аваад 1 300 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн гэсэн тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Уламбаяр, Д.Хангайхүү нараас 700 00 төгрөг гаргуулах тухай Ч.Баасанжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 340 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА