Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 896

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Т.Г, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалаар тус газрын Хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан миний биеийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, Тамгын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргасан. 

Миний бие нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2008 оноос Иргэний баримтын архивын мэргэжилтэн, 2011 оноос Хяналтын газарт хяналтын улсын байцаагч, 2014 оноос Хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажилласан.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн боловсруулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр үнэлэн тогтоохоор заасан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.5-д “Энэхүү журмын дагуу гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно”, “D” буюу дутагдалтай үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах...” гэж тус тус заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтанд хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх хууль тогтоомжийн заалтуудаас үзэхэд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгэр тогтоохоор байгаа бөгөөд миний бие нь сүүлийн 4 жил буюу 2013 онд “B” буюу 86, 2014 онд “А” буюу 95, 2015 онд “А” буюу 98, 2016 онд “А” буюу 96 үнэлгээгээр тус тус үнэлэгдэж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “хангалтгүй биелүүлсэн” гэх тодорхойлолттой нийцэхгүй байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/377 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан шалгалтын удирдамжийн дагуу миний бие нь Өмнөговь, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг удирдаж хийж гүйцэтгэсэн бөгөөд шалгалтын дүнгийн талаар Ерөнхий байцаагчид бичгээр танилцуулсан. Бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэл хийсэн зөрчлийн талаар уг илтгэх хуудсанд бичигдсэн бөгөөд зөрчсөн холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалтыг тодорхой дурдаж, энэ талаар шалгалтын үед “Зөрчлийн тэмдэглэл” үйлдэн, зөрчил гаргасан албан тушаалтанд танилцуулж нотлох баримтаар хавсаргасан байна.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Даргын зөвлөл”-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар хуралдаанаар Өмнөговь, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хийсэн шалгалтын талаар хэлэлцэхдээ шалгалтын бүрэлдэхүүний илэрүүлсэн зөрчил, хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн албан хаагчдад ногдуулах хариуцлагын талаарх саналыг үгүйсгэж, хуульд нийцээгүй гэж дүгнэсэн атлаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/319 дүгээр тушаалаар Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч М.Оюун-Эрдэнэ, хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Наранбилэг нарыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан сануулах, мөн өдрийн Б/316 дугаар тушаалаар  Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ш.Нарангэрэлийг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах, мөн өдрийн Б/317 дугаар тушаалаар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Нямсүрэн, Б.Ганчимэг, хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгч Б.Одонтунгалаг нарт мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан сануулах шийтгэл тус тус ногдуулсан байдаг. 

Эдгээр Б/316, Б/317, Б/319 дугаар тушаалын үндэслэл болох албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон гэсэн байх ба энэ нөхцөл нь шалгалтын баг бүрэлдэхүүн болон миний бие нь хуулийн дагуу уг шалгалтыг хийж гүйцэтгэснийг нотолж байна.

Иймд “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 3.2 дахь заалт “Улсын байцаагч нь хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 1-1/2059 дүгээр албан бичигтэй холбогдуулан миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Тамгын газарт бичгээр тайлбар өгсөн ба энэ бичигтэй холбогдуулан 2 асуудал хөндөгдөнө.

Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч миний 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1553 дугаар дүгнэлтийн улмаас ямар шийдвэр гарч, бүртгэлд өөрчлөлт орсон, үүний улмаас ямар хэмжээний хохирол бодитой учирсан эсэх зэрэг нь тогтоогдоогүй.

Хяналтын улсын байцаагчийн 2016 оны 1553 дугаартай дүгнэлтийг хүчингүйд тооцсон хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 623 дугаартай дүгнэлт нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм, журмыг зөрчиж үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/459 дүгээр тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 22.5 “Улсын бүртгэлийн цахим санд бүртгэсэн, аймаг, нийслэл, дүүргийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлтийг Хяналтын нэгжийн даргын баталсан хуваарийн дагуу Хяналтын нэгжийн  хяналтын улсын /ахлах/ байцаагч ажлын 3 хононгийн дотор хянан баталгаажуулна” гэснийг зөрчиж, Улсын бүртгэлийн цахим санд Хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ш.Уртнасан бүртгэж, баталгаажуулсан байгаа нь албан тушаалаа хэтрүүлсэн, дүрэм, журмаа зөрчсөн үйлдэл гарсан.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд хяналтын улсын байцаагчийн 2016 оны 1553 дугаартай дүгнэлт нь хуулийн хүрээнд, эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн гаргасан захиргааны акт гэж үзэж байна. 

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганжаргал, Д.Наранбаатар нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Ч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2008 оноос Иргэний баримтын архивын мэргэжилтэн, 2011 оноос Хяналтын газарт хяналтын улсын байцаагч, 2014 оноос Хяналтын газарт хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Тамгын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны “Томилолтоор ажиллуулах тухай” А/377 дугаар тушаалаар Өмнөговь, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн болон зарим сумдын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийх зорилгоор Хяналтын газрын улсын ахлах байцаагч Ж.Ч-р ахлуулсан ажлын хэсгийг 9 хоног томилон ажиллуулсан.

Тус хяналт шалгалтыг хангалтгүй хийсэн болох нь шалгалтын илтгэх хуудас, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1/288, 1/341 дүгээр албан бичгүүд болон албан хаагчдын тайлбар, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2/565 дугаар албан бичиг болон тус хяналт шалгалтаар илрүүлж, хариуцлага тооцуулахаар ирүүлсэн зөрчилд Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга нарын гаргасан танилцуулга, илтгэх хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шалгалтаар дараахи зөрчил дутагдал гарсан. Шалгалтын нийт 8 хоногийн 1 хоногийг зам хоногт, 5 хоногийг Өмнөговь аймгийн  Улсын бүртгэлийн хэлтэс, 2 хоногийг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг шалгахад зарцуулсан бөгөөд багийн ахлагчийн хувьд ажлын цаг ашиглалтын зохион байгуулалт хийж ажиллаж чадаагүй нь харагдаж байна. Шалгалтын хүрээнд Дундговь аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 10498 бүртгэл, Өмнөговь аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 15672 бүртэлд хяналт шалгалт хийсэн бөгөөд энэхүү 2 аймаг нь хүн амын тоогоор ойролцоо аймаг болно. 

Шалгалтын багийн ахлагч Улсын ахлах бүртгэгч Ж.Ч нь томилолтын ажлын өдрүүдэд ажлын цагт бүрэн ажиллаагүй. Шалгалтын өдрүүд болох 2017 оны 04 дүгээр сарын 21-ний 08:30-14:30, 2017.04.22-ны өдрүүдэд ажиллаагүй бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүд гаргаж өгсөн тайлбарт  2017.04.21-ний өдөр Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын тайланг бэлтгэсэн бөгөөд учир нь тухайн цаг үед Хяналтын газарт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан шалгалтын бүрэлдхүүн шалгалт хийж байсан, түүнтэй холбоотойгоор ажлын тайлан яаралтай шаардлагатай байна гэсэн тайлбар бичсэн.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/385 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж 2017.04.21-2017.04.27-ны өдрүүдэд Хяналтын газарт шалгалт хийсэн ба уг шалгалтын хүрээнд албан хаагчдаас нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын тайланг авсан бөгөөд уг тайлан авах тухай 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр албан хаагчдад мэдэгдэж бүх албан хаагчид 2017.04.25-04.26-ны өдрүүдэд тайланг гаргаж өгсөн. Ж.Ч нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тайланг гаргаж өгсөн.

Шалгалтын хүрээнд улсын бүртгэгч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөн туслаж ажиллаагүй бөгөөд энэ нь Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/288 дугаар Зөвлөмж хүсэх албан бичгээр нотлогдож байна.

Шалгалтаар илрүүлсэн зарим зөрчлийг албан хаагчид болон чиглэлийн газрууд хүлээн зөвшөөрөөгүй. Энэ нь Дундговь, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн илтгэх хуудын хүрээнд зөрчилд алдаануудын хүрээнд улсын бүртгэгч нараас гаргасан тайлбар болон Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаа нарын гаргасан илтгэх хуудсаар харагдаж байна. Иргэний бүртгэлийн газар нь алдаанд тооцсон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 7 бүртгэлийг, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 3 бүртгэлийг, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2 бүртгэлийг, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2 бүртгэлийг алдаа биш гэж үзсэн байна.

Мөн хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 1-1/2059 дугаар албан бичгээр Хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-д хариуцлага тооцох тухай албан бичиг ирүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Ж.Ч нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаж буй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/375 дугаар тушаалаар  “...ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байх тул...” гэж үзэн Хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тамгын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтнээр томилжээ.

Анх нэхэмжлэгч Ж.Ч нь Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргын 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03-ны өдрийн 31 дүгээр тушаалаар Иргэний баримтын төв архивт мэргэжилтнээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тушаалаар Бүртгэлийн хяналтын газарт Хяналтын улсын байцаагчаар, мөн Газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 608 дугаар тушаалаар Бүртгэлийн хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагчаар тус тус томилогдон  ажиллаж байсан байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Томилолтоор ажиллуулах тухай” А/377 дугаар тушаалаар тус газрын Хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, ...Д.Д, Б.Г, ...Д.М, Б.Ө, ...Н.П нарыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 27-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон зарим сумын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийлгэхээр албан томилолтоор ажиллуулсан байна. 

Ингээд шалгалтын баг бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд 2017 оны 04 дүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд 2017 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд тус тус төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэн, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас бичиж холбогдох албан тушаалтанд танилцуулжээ.  

Дээрх төлөвлөгөөт шалгалтын талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газарт Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/565 дугаар, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/341 дүгээр албан бичгээр тус тус тайлбар гаргаж ирүүлсэн.

Ингээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар  хуралдаанаар Дундговь, Өмнөговь аймагт  хийсэн хяналт, шалгалтын дүн, авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Уг хуралдаанд Дундговь, Өмнөговь аймагт хийгдсэн шалгалтын дүн, шалгалт хийсэн багийн ажилд дүгнэлт өгч, “Аймаг, орон нутагт салбар нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтаар томилогдон ажиллахдаа байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, албан үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн Хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-г албан тушаал бууруулж, улсын бүртгэгчээр томилохоор хэлэлцэн, төслийг баталжээ.

Хариуцагчаас Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-г ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн үндэслэлээ “...а) Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч нь багийн ахлагчийн хувьд ажлын цаг ашиглалтын зохион байгуулалт хийж ажиллаагүй. б) Ж.Ч нь томилолтын өдрүүдэд ажлын цагт бүрэн ажиллаагүй. в) Багийн ахлагчийн хувьд улсын бүртгэгч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн тусалж ажиллаагүй. г) Илрүүлсэн зарим зөрчлийг албан хаагч болон чиглэлийн газрууд зөвшөөрөөгүй, зарим зөрчлийг алдаа биш гэж үзсэн. д) Ж.Ч-д хариуцлага тооцох тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 1-1/2059 дүгээр албан бичиг ирсэн” гэж тайлбарлаж буйг хянавал:  

1. Шалгалтын хамрах хугацаанд Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Даланзадгад, Цогтцэций, Цогт-Овоо сумдын Иргэний улсын бүртгэлийн 11 төрлөөр 12877 бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 368 бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 5 төрлөөр 1748 бүртгэл, нийт 15662 бүртгэлд хяналт шалгалт хийсэн. Харин Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Сайнцагаан, Хулд, Луус сумдын Иргэний улсын бүртгэлийн 11 төрлөөр 8612 бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 136 бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 5 төрлөөр 2417 бүртгэл, нийт 10496 бүртгэлд тус тус хяналт шалгалт хийсэн болох нь хэрэгт авагдсан Дундговь, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийсэн тухай илтгэх хуудсаар  тогтоогдож байна.

Эндээс үзэхэд хэдийгээр Өмнөговь, Дундговь аймгуудын хүн амын тоо ойролцоо гэх боловч аймгуудын Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн үйл ажиллагаа, ажлын ачаалал харилцан адилгүй байна. 

Тухайлбал, Өмнөговь аймагт 2017 оны 04 дүгээр сарын 20-наас 24-ний (ажлын 3 хоног) өдрүүдэд нийт 15662 бүртгэлд хяналт хийсэн, Дундговь аймагт 2017 оны 04 дүгээр сарын 24, 25-ны (ажлын 2 хоног) өдрүүдэд нийт 10496 бүртгэлд хяналт хийсэн зэргээс үзвэл Өмнөговь аймаг нь харьцангуй ажлын ачаалал ихтэй учир (даруй 5166-иар илүү улсын бүртгэлд) хяналт шалгалт хийхэд цаг хугацаа илүү зарцуулагдсан байна. 

Түүнчлэн “Хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, ...нарыг ...төлөвлөгөөт шалгалт хийлгэхээр томилсон” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/377 дугаар тушаал болон шалгалтын удирдамжид  аль аймагт хэдэн хоног шалгалтыг хийх талаар хугацааг тодорхой зааж өгөөгүй. Мөн шалгалтын багийн ахлагчаар Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-г томилсон талаар дурьдаагүй байна.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/377 дугаар тушаал, шалгалтын удирдамжийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байхад хариуцагчаас Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-г багийн ахлагчийн хувьд ажлын цагийг оновчтой зохион байгуулж ажиллаагүй гэж түүнийг шууд буруутгасан нь үндэслэлгүй байна. 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 4/ “..., хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, ...эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж хөдөлмөрлөх болон амрах эрхийг хуулиар баталгаажуулсан байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 77 дугаар зүйл “Долоо хоног бүрийн амралт”, 77.1-д “Бямба, Ням гаригт нийтээр амарна” гэж тус тус хуульчилжээ.

Шалгалтын баг бүрэлдэхүүн Өмнөговь аймагт 2017 оны 04 дүгээр сарын 20-наас 24-ний өдрүүдэд шалгалт хийсэн бөгөөд 22, 23 өдрүүд нь бүх нийтээр амрах Бямба, Ням гариг байна.

Мөн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам” болон “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт  шалгалт хийх журам”-д орон нутагт томилолтоор ажиллахдаа хяналт шалгалтын баг бүрэлдэхүүн нийтээр амрах Бямба, Ням гаригт хяналт шалгалтыг тасралтгүй явуулж байх талаар зохицуулаагүй, тусгагдаагүй байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “орон нутагт томилолтоор ажиллаж байгаа үед амралтын өдөр зайлшгүй ажиллах ёстой“ гэж тайлбарлан маргаж байгаа нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний “амрах” үндсэн эрхэд халдсан, хууль бусаар хөдөлмөрлөхийг шаардсан гэж үзэхээр байна. 

Иймээс хариуцагчаас Ж.Ч-г томилолтоор ажиллах хугацаанд 1-1,5 өдөр ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай, түүнд хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. 

Харин ч шалгалтын баг бүрэлдэхүүн 2017 оны 4 дүгээр сарын 23-ны Ням гаригт 0930-1930 илүү цаг (өдөр) ажиллаж шалгалт хийсэн болох нь Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/565 дугаар  албан бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

3. Өмнөговь, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлантай Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас танилцан илтгэх хуудас бичсэн байх бөгөөд уг илтгэх хуудсаар дээрх шалгалтын явцад илрүүлсэн зөрчил, алдаатай бүртгэгдсэн гэх бүртгэлүүдийн алиныг нь алдаа гэж үзэх, уг бүртгэлүүд нь алдаа мөн эсэх талаар дүгнэсэн байна.

Тухайлбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг Төлөвлөгөөт шалгалтын тайланд өгсөн дүгнэлтдээ “...нийт илрүүлсэн 26 зөрчлөөс 8 нь зөрчилд тооцогдохгүй байна. Шалгалтын баг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэжээ.

Хэдийгээр шалгалтын баг бүрэлдэхүүний Өмнөговь, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар илрүүлсэн зарим зөрчлийг албан хаагчид болон чиглэлийн газрууд зөвшөөрөөгүй, зарим зөрчлийг алдаа биш гэж үзсэн байх боловч Хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт шалгалтын илтгэх хуудас, тайлан, дүгнэлтийн дагуу алдаа зөрчил гаргасан орон нутгийн зарим албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь 2017 оны А/377 дугаар тушаалаар томилогдсон шалгалтын баг бүрэлдэхүүний хамтран хийсэн хяналт шалгалтын тайланд өгсөн дүгнэлттэй холбогдуулан шалгалтын баг ахалж ажилласан гэж Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-д хариуцлага тооцож, албан тушаал бууруулсан нь төрийн албаны үндсэн зарчим болох шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, баг бүрэлдэхүүнээр хамтарч тухайн 2 аймагт хяналт шалгалт хийж, ирүүлсэн алдаа зөрчлийн талаар нэгдсэн тайлан, дүгнэлт гаргасан байхад зөвхөн нэхэмжлэгч Ж.Ч-г буруутган, түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн хариуцлага тооцож албан тушаал бууруулсан нь бодит байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.  

4. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шалгалтын дүнгийн хуралдаанд “шалгалтын явцад илрүүлсэн зарим нэгэн зөрчлийг зөрчил гэж үзэх эсэх талаар ерөнхий газрын хэмжээнд ч нэгдсэн ойлголтгүй асуудал байсан“ талаар холбогдох Газрын дарга нар ярьж байсан байна. 

Гэхдээ нэхэмжлэгч Ж.Ч нь Хяналтын улсын ахлах байцаагч, багийн ахлагчийн хувьд төлөвлөгөөт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтын талаар орон нутгийн улсын бүртгэгч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн тусалж ажиллах үүрэгтэй байсан гэж шүүх үзлээ.    

5. Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-ийн 2016 оны 1553 дугаар  дүгнэлтийг эс зөвшөөрч иргэдээс гаргасан гомдлын дагуу Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг нь холбогдох бүртгэлийн нотлох баримтыг хянаад 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 623 дугаар  дүгнэлтээр “Хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1553 дугаар дүгнэлтийг Ерөнхий байцаагчийн шийдвэрээр хүчингүйд тооцох тухай” дүгнэлт гаргасан. 

Ингээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Ерөнхий байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/355 дугаар  тушаалаар “Хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 1553 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцох” шийдвэрийг гаргажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний “Хариуцлага тооцуулах тухай” 1-1/2059 дүгээр  албан бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад ирүүлсэн байна. Уг албан бичигт “...Ж.Ч-ийн илт хууль бус дүгнэлтийн улмаас хохирол учирсан тухай гомдлыг шилжүүлэв. Хууль тогтоомж зөрчсөн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, танилцуулахыг  мэдэгдье” гэж дурьдсан байна.

Маргаан бүхий Б/375 дугаар тушаалын нэг үндэслэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 1-1/2059 дүгээр албан бичиг байх бөгөөд дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцээгүй  байна.

Учир нь, хуулийн дээрх заалт нь зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрүүлэх, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох, харин дээрх 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн агуулгатай зохицуулалт болно. 

Энэ тохиолдолд Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1553 дугаар дүгнэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Ерөнхий байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосон атлаа илрүүлснээс хойш 2 сар 19 хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б/375 дугаар тушаалаар Ж.Ч-г албан тушаал бууруулж, Тамгын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтнээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нь Ж.Ч-г ажлын байрны тодорхойлолтод заасан аль зорилго, зорилтыг хэрхэн яаж хангалтгүй биелүүлсэн талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй, холбогдох баримтаар нотлоогүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол албан тушаал бууруулахаар заасан бөгөөд уг шаардлагыг биелүүлсэн эсэх нь Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн болон ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрхэн биелүүлснээр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Ж.Ч-г ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байх тул гэж буруутган албан тушаал бууруулсан нь учир дутагдалтай Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасан зарчим хөндөгдсөн гэж үзлээ.  

Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/375 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Ч-г Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/375 дугаар тушаалын 2 дахь заалтаар “Ж.Ч-гийн албан тушаалын цалинг ТЗ-6-5 зэрэглэлд хамруулан, ... олгохыг зөвшөөрсөн” бөгөөд нэхэмжлэгчийн 2017 оны цалингийн дэлгэрэнгүй картаас  үзэхэд 7 сараас ТЗ-6-5 зэрэглэлээр цалин хөлс авч ажилласан байх тул мөн хугацаанаас цалин хөлсний зөрүүг гаргуулах үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх (ТЗ-8-3 зэрэглэлээс буурч ТЗ-6-5) ажилласан хугацаанд ногдох (2017 оны цалингийн дэлгэрэнгүй карт) нийт 4 сар, 6 хоногийн цалин хөлсний зөрүүтэй тэнцэх 252.348 (Хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун дөчин найм) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас гаргуулж Ж.Ч-д олгох нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Ж.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/375 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Ч-г Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилласан хугацаанд ногдох нийт 4 сар, 6 хоногийн цалин хөлсний зөрүүтэй тэнцэх 252.348 (Хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун дөчин найм) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА