Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2064

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00854 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Хариуцагч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ-д 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг барьцаагүй, 6 сарын хугацаатай, хорин нэг хоногт 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор амаар тохиролцсон. Уг тохиролцоог баталгаажуулж 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусахад ХХХХХ үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 933 333 төгрөг төлөхөөс Хаан банкны 5079037193 тоот дансанд 1 327 000 төгрөг, бэлнээр 200 000 төгрөг, нийт 1 527 000 төгрөг төлсөн. Зээлийн хүүгийн үлдэгдэл 2 406 333 төгрөг төлөөгүй. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ХХХХХ үлдэгдэл зээлээ төлж барагдуулахаа амласан бичгийг үйлдсэнээр 2015 оныг дуустал зээлийн гэрээг сунгах, сарын хүү 6 хувь болгож амаар тохиролцсоноор ХХХХХ зээлийн хүүд 1 800 000 төгрөгийг төлөх ёстойгоос 493 000 төгрөгийг төлж, 1 307 000 төгрөгийг төлөөгүй. Нийт зээлийн хүүд 5 733 333 төгрөгийг төлөхөөс 2 020 000 төгрөгийг төлж, 3 713 333 төгрөгийг төлөөгүй юм. Нотлох баримтаар дансны хуулбарыг хавсаргасан ба ХХХХХ нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүгээ тухай бүр нь бүрэн төлдөггүй байсныг нотлоно. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч ХХХХХ нь 2016 оны 1 дүгээр сараас 8 дугаар cap хүртэл хугацаанд Хаан банкин дахь 5079037193 тоот дансанд 436 000 төгрөг, Төрийн банкин дахь 103300021404 тоот дансанд 285 000 төгрөг, нийт 721 000 төгрөг, 1 500 000 орчим төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг зээлийн хүүд тооцсоноор ХХХХХ нийт 4 241 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн гэж үзэж байна. ХХХХХгаас зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 1 492 333 төгрөгийг шаардахгүй, харин үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХХгаас 4 800 000 төгрөгийг авсан нь үнэн. Энэхүү авсан мөнгөө тогтмол төлж байсан. Бэлнээр болон бэлэн бусаар нийт 6 539 950 төгрөг төлсөн. ХХХХХ нь зээлийн гэрээг бичгээр хийхдээ ХХХХХг таньдаг нотариатч дээрээ дагуулж очиж хожим хийсэн байдаг. Үндсэн зээл 4 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь 5 000 000 төгрөг өгөөгүй 4 800 000 төгрөг өгсөн атлаа 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээг хожим бичгээр байгуулсан. Нэхэмжлэгч талд нийт 5 678 000 төгрөгийг төлж зээлийн үүргийг биелүүлсэн. Тооцоог тулгахад баримтаар 2 756 000 төгрөг төлсөн, дэвтэрт бичигдсэн бараа материалаар 2 270 800 төгрөг төлсөн, дансны хуулга баримт хоёрыг тулгахад 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 87 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 200 000 төгрөг, нийт 287 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ХХХХХгаас 5 969 533 төгрөгийг гаргуулж ХХХХХд олгож, нэхэмжлэлээс 1 530 467 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХгаас 110 462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус зээлдэгчийн Хаан банкны 5015095904 тоот дансанд шилжүүлсэн гэж заасан. Мөн ХХХХХ нь өөрийн иргэний үнэмлэхний лавлагааны ар талд “2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн болно” гэж биш харин “5015096904 тоот дансанд шилжүүлж нийт 5 000 000 төгрөг авсан нь үнэн болно” гэж бичсэн байдаг. Тооцоо нийлж 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ 200 000 төгрөг суутгаж шилжүүлэх тухай зүйл дурдагдаагүй ба ХХХХХгийн иргэний үнэмлэхний лавлагааны ард нийт 1 400 000 төгрөгийг төлсөн гэж тооцоо нийлсэн нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ХХХХХ нь бэлнээр 200 000 төгрөгийг ХХХХХд төлсөн байдаг. Мөн ХХХХХ нь тус шүүх хуралдааны хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтдаа өөрийн Хаан банкны депозит дансны хуулгад ХХХХХгийн дансанд шилжүүлсэн мөнгөө 5 000 000 төгрөг мэт нэгтгэн гараар тэмдэглэн бичиж өгсөн байна. Нэхэмжлэгч ХХХХХ нь ХХХХХгийн дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлэх байтал тус дансанд 4 800 000 төгрөг шилжүүлсэн байхад шүүхээс ХХХХХгийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бэлнээр төлсөн 200 000 төгрөгийг тус өдөр шилжүүлсэн 1 800 000 төгрөгийн зөрүү тооцож суутган бодсон гэж шүүхээс шийдвэр гаргасан нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хохиролтой шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч ХХХХХ нь ХХХХХгаас авсан мөнгөндөө хүү төлөхөөс татгалзаагүй, гагцхүү хүү нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг хэрэглээгүй нь хариуцагчид хохиролтой шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэт үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 4 800 000 төгрөг зээлж авсан, нийт 5 678 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар, 21 хоног тутамд 10 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож хэлцэл хийгдсэн байна. /хх.3/ Уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1 800 000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 5 дахь талд авагдсан Хаан банкин дахь ХХХХХгийн эзэмшлийн 5015096904 дүгээр дансны хуулга гэх баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон хэлцлийг байгуулахдаа бичгийн хэлбэрээр байгуулах шаардлагатай бөгөөд зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж гэрээ байгуулахдаа хүү тогтоосон хэлцлийг бичгийн хэлбэрээр хийгээгүй байх боловч хожим 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү төлөх тохиролцоог нөхөн бичгээр байгуулсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчид зээлийн хүүг төлж байсан нь зохигчдын тайлбар /хх.1, 11/, хэрэгт авагдсан Хаан банкин дахь ХХХХ-ийн эзэмшлийн 5079037193 дугаар дансны хуулга /хх.17-82/, Хас банкин дахь ХХХ-ын эзэмшлийн 103300021404 дүгээр дансны хуулга /хх.83-85/, Хас банкин дахь ХХХХ-ийн эзэмшлийн 103300203747 дугаар дансанд орлогын гүйлгээ хийсэн баримт /хх.134, 136-140/ зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан бичгээр гэрээ хийгээгүй тохиолдолд хүү шаардах эрхгүй байх хуулийн зохицуулалт талуудын хоорондын уг харилцаанд хамаарахгүй байна. Учир нь талууд сүүлд нөхөж байгуулсан хүү, алданги төлөх тухай гэрээндээ зээлийн хэмжээ, олгогдсон хугацаа, хүүгийн хэмжээ, хүү тооцох нийт хугацаа бусад зээлийн гэрээний хугацааг тодорхой зааж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар гарын үсэг зурсан тул хүү тогтоосон хэлцэл хийгдсэн гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хийгдсэн хүү төлөх үүргийг зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэнээр хүү тогтоосон хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Уг хэлцэлд заасны дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгсөн өдрөөс буюу анх зээлдүүлсэн 2 000 000 төгрөгт 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү тооцоход 1 714 000 төгрөг, 1 800 000 төгрөгт 2015 оны 01 дүгээр 08-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү тооцоход 1 370 000 төгрөг, 1 000 000 төгрөгт 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү тооцоход 728 000 төгрөг, нийт 3 812 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 4 800 000 төгрөг, нийт 8 612 000 төгрөг төлөх үүрэг хариуцагч ХХХХ-д Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 8 612 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хэрэгт авагдсан баримтаар тооцоход дансаар, бэлнээр болон бараа таваар өгөх байдлаар нийт 5 106 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож  /хх.17-85, 134, 136-140, дэвтэр/ байх тул үлдэгдэл 3 506 000 /8612000-5106000=3506000/ төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Иймд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөөс төлөгдөөгүй 3 506 000 төгрөгийн үүрэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсний алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр буюу 1 753 000 төгрөгийг шаардах эрхтэй боловч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээний дагуу төлөгдөх хүүгийн хэмжээ харьцангуй өндөр байгаа, хариуцагч нь зээлийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсныг нэхэмжлэгч хүлээн авч байсан, мөнгийг хүлээж авснаас хойш хүү болон алданги төлөх гэрээ байгуулагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас зээлийн гэрээний алдангид 876 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчимд харшлахгүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00854 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “232.6” гэсний ард “232.8” гэж нэмж, “...5 969 533 ...” гэснийг “4 382 500” гэж, “... 1 530 467 ...” гэснийг “3 117 500” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 110 462 ...” гэснийг “85 070” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

                                                                             ШҮҮГЧ                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ