Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0395

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Т Н” СӨХ-ны Хяналтын зөвлөлийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, өмгөөлөгч Л.Х, гуравдагч этгээд “Б К Э А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, гуравдагч этгээд Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Т Н” СӨХ-ны Хяналтын зөвлөлийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т Н” СӨХ-ны хяналтын зөвлөлөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36Б байрны 108а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089689 дугаарт бүртгэгдсэн 000593956 дугаартай гэрчилгээ, 216 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204069690 дугаарт бүртгэгдсэн 000593957 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36В байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089688 дугаарт бүртгэгдсэн 000593955 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шийдвэрийн “... Ү-2204089688 ...”-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн ... доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, ...” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж тус тус заасан.

Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг”, 3.1.9-д “техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг, 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заасан.

Т Н хотхоны 12 давхар 36б байрыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2013/180, 72 айлын 36в байрыг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны 2014/09 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тус тус ашиглалтад оруулсан бөгөөд 36б байрны 216а, 108а, 36в байрны 73 тоот өрөөнүүд нь агааржуулалт болон лифтний тоног төхөөрөмж бүхий техникийн өрөө нь хуулийн дагуу СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байхад дээрх өрөөнүүдийг иргэн Г.М-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасан үүргээ улсын бүртгэгч биелүүлээгүй.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 5.2-т “Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө” гэж заасны дагуу 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн, гүйцэд бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна” гэж заасан.

Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн хавсаргаж өгсөн баримтууд болон 2012 онд байгуулсан Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны 07/2091 дүгээр албан бичигт “б байрны 13 давхрын 67,70 м.кв, 60,99 м.кв, 36в байрны 67,70 м.кв орон сууцыг айлын сууцны зориулалтад нийцүүлэн төлөвлөсөн өөрчлөлтийн шифр кк-10/17 гэсэн дугаартай”, Бэрэнгийн төлбөрийн үлдэгдэлгүй талаарх 2017 оны албан бичиг зэргээс харахад эдгээр хавсаргасан баримт нь зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, 2012 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан бол тухайн орон сууцыг улсын Комисс хүлээн авах актад тухайн айлын орон сууц багтах ёстой, нөгөөтээгүүр 2017 онд өөрчилсөн бол 2012 онд тухайн м.кв-аар орон сууц захиалах боломжгүй болох нь тогтоогдож байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь адилхан журмаар хийгдсэн, дээр дурдсанаар нотлох баримтууд зөрүүтэй, техникийн өрөөг орон сууцны зориулалтаар өмчлүүлэх боломжгүй байхад энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, нөгөөтээгүүр 2 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон атлаа 36в байрны 73 тоотыг бүртгэсэн Ү-2204089688 дугаар бүртгэлийг хуулийн дагуу бүртгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д зааснаар техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглохоор заасан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд анхнаасаа техникийн давхраар баригдсаныг улсын комисс хүлээн авсан, анхны зураг өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүхээс 36в байрны 73 тоотыг шинжээч үзээгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан шугам сүлжээ байгаагүй, техникийн өрөө, лифтний өрөөг давхар хаалгаар түгжсэн зөрчлийг гуравдагч этгээд арилгах боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ү-2204089688 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Т Н” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж чадсангүй.

1. Гуравдагч этгээд Г.М нь Т Н хотхонд байршилтай 36/б байрны 216/а, 108/а, 36/в-р байрны 73 тоот орон сууцнуудыг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлж, барагдуулан худалдан авсан бөгөөд энэхүү гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд: “тухайн 2 үл хөдлөх хөрөнгө дотор агааржуулалтын хоолой, онцгой үед агааржуулалтын хоолойн инфляторыг удирдах товчлуурууд байрласан нь Орон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д ... заасныг зөрчсөн” гэжээ.

Дээрх орон сууцанд агааржуулалтын хоолой суурилуулах, суурилуулсан байсан гэх асуудалд гуравдагч этгээд, хариуцагч нарыг ямар шалтгаанаар буруутгаж байгаа нь ойлгомжгүй ба нөгөөтэйгүүр улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт уг асуудал огт хамааралгүй болно.

Гуравдагч этгээд нь дээрх орон сууцнуудыг бүртгүүлэхдээ хуульд заасан баримтуудыг бүрдүүлснээс гадна Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 07/2091 дүгээр “... уг байрнуудын барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн саналыг үндэслэн зураг төсөл зохиогч “К” ХХК орон сууцны 36б байрны 13 дугаар давхрын 67.70 м.кв, 60.99 м.кв, 36в байрны 67.70 м.кв талбайг айлын сууцны норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн тооцож төлөвлөсөн ба өөрчлөлтийн шифр: КК-10/17-тэй боловсруулсан зураг төсөл, дүгнэлтийг Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6 дахь заалтын дагуу баталгаажуулсан байна” гэсэн албан бичиг, барилгын зураг төсөв зохиогч “К” ХХК-ийн 2017 оны 40/7 тоот “Манай компани 2012 онд орон сууцны Түмэннаст хотхоны барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн ба 13 дугаар давхар буюу техникийн өрөөний хажууд өөрчлөлт оруулах захиалагчийн саналыг үндэслэн барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар аюулгүйн байдлын шаардлагад нийцүүлэн айлын сууцны зориулалтаар ашиглах өрөө төлөвлөсөн.

Дээрх өрөөнүүдийг лифтний өрөөнөөс тусад нь дуу тусгаарлагч бүхий зузаан ханаар тусгаарлаж өгсөн, цахилгаан хангамж, халаалт цэвэр бохирын холболт нь холбогдох нормын дагуу хийгдэж галын аюулгүй байхаар төлөвлөгдсөн, барилга бүтээц элементүүд нь тооцоогоор бат бэх тогтвортой болон нь тогтоогдсон тул Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.16 дахь заалтын дагуу техникийн давхар дахь өрөө сууцууд нь хүний эрүүл ахуй, аюулгүй байдалд харшлахгүй болно” гэсэн албан бичгүүдийг хавсарган Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он /, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль / 2003 он /-д заасан журмын дагуу бүрдлийн шаардлагыг хангаж мэдүүлгийг гарган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг авсан.

Орон сууцнуудыг бүртгэхэд ямар нэгэн зөрчилтэй болон хууль зөрчсөн бичиг  баримт бүрдүүлж өгсөн зүйл байхгүй бөгөөд хуульд заасан бүрдлийн шаардлага хангаж мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч хүлээн авч бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцнууд нь нийтийн эзэмшил, дундын өмчлөлийн зүйл байхад Г.М-ийн өмчлөлд бүртгэж авсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэл гарган маргасан байдаг бөгөөд уг орон сууцнуудын өмчлөлтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн шийдвэр байхгүй, СӨХ нь дээрх орон сууцнуудтай холбоотой шаардлага шүүхэд гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3. Шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2019/3212 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан боловч шинжээч нь захирамжид дурдсан орон сууцнуудад орж үзээгүй атлаа 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гаргасны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээс 2 шинжээчийн нэгэнд нь буюу Д.Т-д л шинжээчийн дүгнэлт гаргахад эдлэх эрх, хүлээх үүргийг нөхөн танилцуулж гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0231 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т Н СӨХ”-ын Хяналтын зөвлөл нь “... Г.М ... тус хотхоны 36/б байрны 216/а ... 108/а ... 36/в байрны 73 тоот ... нийтийн зориулалттай орон сууцны байшингийн буюу тус хотхоны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа, хамтран өмчлөх болон бусад нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй орчинд амьдрах эрх, баталгаа ... холбогдох хуулиар зохицуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хөрөнгийг хувь этгээдийн өмчөөр бүртгэхдээ ... хуулиар тогтоосон болон хориглосон хэм хэмжээг зөрчиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ...” гэсэн үндэслэлээр “иргэн Г.М-ийн өмчөөр бүртгэж олгосон, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т Н хотхонд байршилтай, 36/б байрны 216/а тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн /Ү-2204089690/ дугаартай гэрчилгээ, 36/б байрны 108/а тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн /Ү-2204089690/ дугаартай гэрчилгээ, 36/в байрны 73 тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн /Ү-2204089688/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн бүртгэлийг тус бүр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т Н хотхоны 36/б байрны 108/а тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204089690 дугаарт бүртгэгдсэн 000593956 дугаартай гэрчилгээ, 36/б байрны 216/а тоот өрөөний Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204089690 дугаарт бүртгэгдсэн 000593957 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч мөн хотхоны 36/в байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089688 дугаарт бүртгэгдсэн 000593955 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Б К” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 12 давхар 2 орцтой 36/Б байрны 216 айлын орон сууцны барилгыг “Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2013/180 дугаар /1хх-56/, 36/В байрны  72 айлын орон сууцны барилгыг “Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2014/09 дүгээр /1хх-60/ актаар тус тус улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд “Т Н” СӨХ-г 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 90 дүгээр гэрчилгээ /1хх-34/ олгосон байна.

Улмаар гуравдагч этгээд Г.М-оос Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт, баримтуудыг үндэслэн

- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Т Н” хотхоны 36/Б байрны 216а тоот хаягт байрлах 67,70 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2204089690 дугаар бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 000593957 дугаар гэрчилгээ /1хх-181/,

- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Т Н” хотхоны 36/В байрны 73 тоот хаягт байрлах 67,70 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2204086988 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000593955 дугаар гэрчилгээ /1хх-95/,

- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36/Б байрны 108а тоот хаягт байрлах 60,99 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2204089689 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000593956 дугаар гэрчилгээ /2хх-20/ тус тус олгожээ.

Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, 3.1.9-д “техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд техникийн болон ... сууцны доторх дундын өмчлөлийн ... орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны ... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарахаар байх бөгөөд техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглосон байна.

Хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Т.Батгэрэл, Д.Тулга нарын 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “... 36/б байрны 216/а ... 108/а ..., 36/в байрны 73 тоот өрөө болох техникийн давхрын өрөөнүүдэд цэвэр, бохир усны шугам сүлжээ төлөвлөөгүй бөгөөд газар дээр нь очиж үзэхэд тус өрөөнүүдэд цэвэр, бохир усны шугам сүлжээ угсарсан, зориулалтын бусаар ашигласан нь Барилгын тухай хуулийн ... заалтуудыг зөрчсөн байна ...” гэх Шинжээчийн дүгнэлт /2хх-109/, анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг /2хх-154/, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “... ашиглалтын явцад техникийн өрөөнүүдийн зориулалтыг хана, хаалт барьж орон сууцны болон ажлын зориулалтаар ашиглаж байгаа нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалт барилга байгууламжийн хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөхдөө эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтална гэснийг зөрчсөн байна. Иймд анхны батлагдсан зураг төсөл, зориулалтын дагуу ашиглах шаардлагатай ...” гэх 30 дугаар дүгнэлт /2хх-200/, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмидийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “... 36б байрны 216а, 108а, 36в байрны 73 тоот сууцнууд нь техникийн өрөөг орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15.3 дахь /Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно/ ...” гэх 50 дугаар дүгнэлт /Иргэний хэргийн 80/, шинжээч Т.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... үзэхгүйгээр яагаад дүгнэлтээ гаргасан гэхээр Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д техникийн зориулалттай өрөөг техникийн зориулалтын бусаар ашиглахыг хориглосон байдаг учир барилга байгууламж, зураг төслийн магадлалын хэлтсээр тухайн барилгын зургаар техникийн зориулалттай өрөөгөөр батлагдаад гарсан учир ... газар дээр нь очиж үзэх шаардлагагүй гэж үзсэн ...” гэх тайлбар /3хх-47/ зэргээс үзэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Т Н” хотхоны 36/Б байрны 216а, 108а, 36/В байрны 73 тоот өрөөнүүдэд агааржуулалтын хоолой, онцгой үед агааржуулалтын хоолойны инфляторыг удирдах товчлуурууд байрласан болох нь тогтоогдсон байх тул уг өрөөнүүд дээрх хуульд зааснаар орон сууцны байшингийн техникийн өрөөнд хамаарахаар байна.

Түүнчлэн  хэрэгт авагдсан “КонК” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “... техникийн өрөөний хажууд өөрчлөлт оруулах захиалагчийн саналыг үндэслэн ... аюулгүйн байдлын шаардлагад нийцүүлэн айлын сууцны зориулалтаар ашиглах өрөөг төлөвлөсөн ...” гэх 40/17 /2хх-6/, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “... захиалагчийн саналыг үндэслэн зураг төсөл зохиогч ... айлын сууцны норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүл” 07/2091 /2хх-7/ дүгээр албан бичгүүдээс үзэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Т Н” хотхоны 36/Б байрны 216а, 108а, 36/В байрны 73 тоот өрөөнүүдийн зориулалтыг өөрчилсөн болох нь тогтоогдсон, техникийн өрөөний зориулалтыг орон сууцны зориулалтаар өөрчилсөн эсэхтэй талууд маргаагүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн үзлэгээр  36/В байрны 73 тоотод Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд байгаагүй гэж тогтоогдсон, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээч “36/В байрны 73 тоотыг биечлэн үзээгүй, харин 36/Б байрны 108а, 216а тоотуудыг үзсэн” талаар тайлбарласан байх боловч энэ нь хуульд өөрчилж болохгүй байхаар заасан техникийн өрөөний зориулалтыг нь өөрчилсөн, улмаар улсын бүртгэлийн байгууллагад орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдсэнийг зөвтгөх үндэслэл болохгүй тул шүүхийн уг дүгнэлт үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... гуравдагч этгээдийн хавсаргаж өгсөн баримтууд болон 2012 онд байгуулсан Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны ... 07/2091 дүгээр албан бичигт ..., Бэрэнгийн төлбөрийн үлдэгдэлгүй талаарх 2018 оны албан бичиг зэргээс харахад хавсаргасан баримт нь зөрүүтэй ... 2012 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан бол тухайн орон сууцыг улсын комисс  хүлээн авах актад тухайн айлын орон сууц багтах ёстой ... шүүхээс маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь адилхан журмаар хийгдсэн, ... нотлох баримтууд зөрүүтэй, техникийн өрөөг орон сууцны зориулалтаар өмчлүүлэх боломжгүй байхад энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, ... 2 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон атлаа 36в байрны 73 тоотыг бүртгэсэн Ү-2204089688 дугаар бүртгэлийг хуулийн дагуу бүртгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Сууц өмчлөгчдийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор хуульчилсан, “Т Н” СӨХ 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэгдэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 90 дүгээр гэрчилгээ /1хх-34/ олгогдсон байх тул тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй, энэ утгаараа хариуцагчийн гуравдагч этгээдийн өмчлөлд дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзнэ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 18.2-д “Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч, орон нутагт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна”, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”  гэж тус тус хуульчилсны дагуу улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг нягталж, шалгасны үндсэн дээр бүртгэл хийх үүрэгтэй бөгөөд мэдүүлэг гаргагчийн гарган өгсөн нотлох баримт нь зөрчилтэй, дутуу, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах боломжтой байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага орон сууцны зориулалттай бус орон сууцны байшингийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр иргэний өмчлөлд бүртгэсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... дээрх орон сууцанд агааржуулалтын хоолой суурилуулах, суурилуулсан байсан гэх асуудалд гуравдагч этгээд, хариуцагч нарыг ямар шалтгаанаар буруутгаж байгаа нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт уг асуудал огт хамааралгүй ... гуравдагч этгээд нь дээрх орон сууцнуудыг бүртгүүлэхдээ хуульд заасан баримтуудыг бүрдүүлсэн ... хуульд заасан бүрдлийн шаардлага хангаж мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч хүлээн авч бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан бөгөөд шинжээч Т.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... үзэхгүйгээр яагаад дүгнэлтээ гаргасан гэхээр Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д техникийн зориулалттай өрөөг техникийн зориулалтын бусаар ашиглахыг хориглосон байдаг учир барилга байгууламж, зураг төслийн магадлалын хэлтсээр тухайн барилгын зургаар техникийн зориулалттай өрөөгөөр батлагдаад гарсан учир ... газар дээр нь очиж үзэх шаардлагагүй гэж үзсэн ...” гэж тайлбарласан байна.  /3хх-47/

Иймд тусгай мэдлэг, мэргэжил бүхий шинжээч нь эрх бүхий байгууллагын баталсан зураг, төслийг үндэслэн дүгнэлт гаргасныг буруу гэж үзэх үндэслэлгүй, гуравдагч этгээдийн “... шинжээч нь захирамжид дурдсан орон сууцнуудад орж үзээгүй атлаа 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дүгнэлт гаргасан ...” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 3212, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  7972 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсны дагуу Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/1421 дүгээр албан бичгээр тус төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын менежер Д.Т, Нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Т.Б нарын нэрийг хүргүүлж, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/2651 дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн (Шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид эрх, үүрэг тайлбарласан тухай) Баримт №6-д шинжээч Д.Т 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу шинжээчийн дүгнэлт гаргасны дараа гарын үсэг зурсан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т Н” СӨХ-ны Хяналтын зөвлөлөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Иргэн Г.М-ийн өмчөөр бүртгэж олгосон, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхонд байршилтай, 36/Б байрны 108а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089689 дугаарт бүртгэгдсэн 000593956 дугаар, 216 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204069690 дугаарт бүртгэгдсэн 000593957 дугаар, 36/В байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089688 дугаарт бүртгэгдсэн 000593955 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ