| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Б,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Э нарт холбогдох 2017000470018 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Мийн А /РД:ЕЙ/, Д аймгийн С суманд 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 5 дугаар баг, Үх гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аийн Э /РД:ЕЙ/, Д аймгийн С суманд 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 5 дугаар баг, Ц гэх газар оршин суух, хөлсөөр мал малладаг, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч М.А нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаанчулуут гэх газар иргэн А.Этай маргалдан түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч А.Э нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанчулуут гэх газар иргэн М.Атай маргалдаж түүний зүүн гаран тус газар төмөр лоомоор цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч М.А нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанчулуут гэх газар иргэн А.Этай маргалдан түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч А.Э нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанчулуут гэх газар иргэн М.Атай маргалдаж түүний зүүн гаран тус газар төмөр лоомоор цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 сарын 14-ний өдөр би хонио алдаад, хонио эрээд явж байхдаа Этай таарсан. Гэтэл Э ах Дундговь аймгийн айл чинь худгийн онгоц аваад явсан байна гэж хэлэхэд нь би мэдээгүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд овоон дээр маргаад яах вэ доошоо бууя гээд буугаад очтол Э намайг лоомоор цохиход нь би гараараа хаагаад Эын хамар хэсэгт нь нэг удаа л мөргөхөд хиймэл шүд нь унасан. Тэгээд цагаан сар болох гэж байхад шүд унагаачихлаа гэж байсан. Одоо бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би хүний нүүрэн тус газар мөргөснөөс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 сарын 14-ний өдөр баруун урьд овоон дээр явж байхад нэг машин давхиад байхаар нь яваад очиход А байсан. Бид хоёр уулзаад мэнд усаа мэдээд би Ат танай буулгасан Дундговь аймгийн айл чинь худгийн төмөр онгоцыг аваад явсан байна гэхэд А би мэдэхгүй гэж хэлсэн. Би овооны доод худаг дээр мал ирсэн байхаар нь услах гээд худаг руу явсан. Тэгээд Аыг намайг зодвол дийлэхгүй гэж санаад худгийн мөс цохидог лоомыг аваад гаран тус газар нь нэг удаа цохисон. А намайг баривал би хөдөлж чадахгүй болно гэж айсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Аын гарыг нь эмчид үзүүлээд эм тариа авч өгсөн гэв.
1.3. Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед миний зүүн гарын шуу хугарсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн гэв.
1.4. Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би унасан шүдээ хийлгэсэн. Одоо надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай найз Алтанбаяр 13-14 цагийн үед байх над руу утсаар яриад Этай муудалцаад гараа эвгүй болгочихлоо Чойр ороод гараа үзүүлээд бензин аваад ирье чи хонь туугаад гэр лүү дөхүүлж байгаач гэж хэлсэн. Тэгээд би Аыг М энгэр гэх газар явж байхад очиход А өөрийнхөө цагаан өнгийн Харриер маркийн 00-64 ГСА гэсэн машинтайгаа хонио туугаад явж байсан. Аын зүүн гар нь шуугаараа хавдсан байгаа харагдсан. А надад хэлэхдээ Этай худгийн онгоцноос болж муудалцсан гэж хэлсэн. А Чойр луу яваад орой буцаж ирэхдээ гар хугарсан байна гээд зүүн гарынхаа шууг шохоодуулсан ирсэн. А, Э нар нэг нутаг усны улсууд учраас эвтэй байдаг. А надад хэлэхдээ нэг удаа нүүр лүү нь мөргөсөн гэж байсан. Дараа сонсож байхад Эын шүд хугарсан байна гэж байсан. Аыг Э лоомоор цохисон гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
1.6. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А хөдөөнөөс орж ирээд хэлэхдээ Э миний гар луу лоомоор цохиод гэмтээчихлээ гэсэн. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын шуу хэсгээр хугарсан байна гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
1.7. Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А хөдөөнөөс орж ирээд эмнэлэгт үзүүлээд явж байна гээд ажил дээр ирсэн. А зүүн гарынхаа шуу хэсгийг шохойдуулсан байсан. Гараа яасан талаар нь асуухад Э ахтай муудалцаад лоомоор миний гар луу цохисон. Сая эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан байна гэж А надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
1.8. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нутгийнхаа А гэх залуутай муудалцсан байсан. Эын нэг ясан шүд нь унасан, нэг ясан шүд нь унах гээд хөдөлж байсан. Мөн хиймэл нэг шүд нь хагарсан байсан. А мөргөсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
1.9. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Эын биед үзлэг хийхэд баруун дээд 2-р шүд бүх чиглэлд хэлээр болон гараар хөдөлгөхөд нилээн хөдөлгөөнтэй ганхсан байсан. Ийм шүдний суурь нь буйлнаасаа хөндийрсэн байдаг ба явцаараа өөрөө унадаг учир дүгнэлт хэсэгт уналт гэж үзсэн. Тухайн хүн өөрөө шүдээ байнга зуугаад байвал унах хугацааг хойшлуулж болно. Тухайн шүдний үзүүр хэсэг л эмтэрсэн үндсэн шүд бүтэн байгаа учраас гэмтлийн зэрэгт хамааруулаагүй. Хиймэл шүд нь тухайн хүний үндсэн шүд биш учраас түүний унасан эсэхийг тооцохгүйгээр дүгнэлтэнд оруулаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/
1.10. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр дүгнэлтэнд: А.Эын биед зүүн дээд 1-р шүд, баруун дээд 2-р шүдний уналт, зүүн дээд 2-р шүдний үзүүрийн эмтрэлт, уруул орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2020 оны 02 дугаар сарын 14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн дээд 1-р шүдний уналт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 2-р шүдний уналт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд 2-р шүдний эмтрэлт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уруул орчмын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн дээд 1-р шүд, баруун дээд 2-р шүдний уналт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонгид алгадуулна.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 27-28 хуудас/
1.11. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар дүгнэлтэнд: М.Аын биед зүүн богтос ясны хугарал, зүүн даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Магадлуулагчийн биед учирсан зүүн гарын богтос ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн далны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.С гэжээ. /х.х-ийн 36-37 хуудас/
1.12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-7 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
ХОЁР. Шүүгдэгч М.А, А.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн гэв.
2.2. Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2.3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э, А нарын хувьд зан ааш сайтай, хүнтэй мэнд устай явдаг, хүнтэй эвсэг харьцаатай, хоёулаа хурдан морь уях сонирхолтой сайн залуучууд байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
2.4. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь төлөв даруу зантай, архи дарс хэрэглээд байдаггүй, хүнтэй эвсэг харьцаатай хүн. Эхнэрээсээ салсан нэг хүүгийнхээ хамт амьдардаг. Хүүхэд нь сургуультай үед хөдөө гэртээ ганцаараа байдаг. Амьдрал ахуйн хувьд өөрийн амьны цөөхөн хэдэн мал маллаж амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
2.5. Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Аын хувьд этгээд зан ааш байхгүй, хүнтэй эвсэг харьцаатай, архи дарс уудаггүй, хөдөө мал маллаж амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
2.6. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Эын хувьд архи дарс огт хэрэглэхгүй, түргэн ууртай уур нь хурдан гардаг, хүнтэй эвсэг харьцаатай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, Мал маллах ухаан сайн хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
2.7. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Эын хувьд хүнтэй нийтэч харьцаатай, шударга зантай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн. Архи дарс огт хэрэглэхгүй, ер нь амьдралын төлөө зүтгэлтэй залуу байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
2.8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 80-98 хуудас/
2.9. Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч А.Эын гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /х.х-ийн 61-66 хуудас/
2.10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 90, 91, 104-105 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгч А.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгч М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган шүүгдэгч нарт танилцуулж, шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсаныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б,С.Г нар нь торгох ялын хэмжээ нь дээр санал хүсэлт гаргаагүй ба харин 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Мийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Аийн Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, А.Э нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА