Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 939

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.Ч , түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ШТЭД0086/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч од холбогдох эрүүгийн 1908 03963 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод  оршин суух хаягтай, урьд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,

О овогт Д ийн Ч  /РД?????????/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ч  нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 0 тоотод “намайг доромжилсон” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Д  зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хөмсөг, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, зүүн чих, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Ч.Д аас гаргасан 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...нөхөр согтуу зодоод байна” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх4/, хохирогч Ч.Д ийн мэдүүлэг /хх8-11/, гэрч Ч.Д мэдүүлэг /хх19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №8582 дугаартай дүгнэлт /хх15/, шүүгдэгч Д.Ч ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх29/, шүүгдэгч Д.Ч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх32/, гэрлэлтийн бүртгэлтийн лавлагаа /хх33/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх34/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх36/, эргүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх37/, шийтгэх тогтоолын хуулбар /хх40-43/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.Ч ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Хохирогч Ч.Д ийн “...2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим гэртээ хоолоо хийж  байсан чинь нөхөр Ч  баяр болж надад нэг шил архи аваад өгөөч гэсэн. Би гэрт байсан нэг шил пиво авч өгсөн. Тэгтэл надад архи авч өгөхгүй бол би ууна гээд гэрээс гараад дэлгүүр ороод нэг 2.5 литрийн пиво аваад орж ирсэн. Авч ирсэн пивоо ууж дуусаад танайхан яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гээд үстээд, цохиод, хана мөргүүлээд байсан. Чи намайг зодохоо болиоч гэсэн чинь болохгүй улам үснээс зулгаагаад газар чирээд шал мөргүүлээд байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр намайг хардаж хэрүүл маргаан эхэлдэг, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8-11/,

            2. Гэрч Ч.Д “...манай дүү М  надад аав архи уучихаад ээжийг зодоод байна гэж хэлсэн. Аав Ч  нь огцом ууртай, уурлахаараа гэр бүлийнхэндээ уураа гаргадаг...” гэсэн мэдүүлэг /хх19/,

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №8582 дугаартай “...Ч.Д нь тархи доргилт, дух, хөмсөг, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, зүүн чих, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх15/,

            4. Шүүгдэгч Д.Ч ын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн  0 тоот гэртээ эхнэр Д  бид хоёр хамт байсан. Би эхнэр Д д чи явалдаад байгаа хүнээсээ болиочээ гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод гэрээс хөөгөөд байсан. Би эхнэр Д д чи яагаад намайг хөөгөөд байгаа юм гэсэн чинь чи гэрээс зайл гээд миний цээж хэсгээр самардаад байхаар нь би уур хүрээд гараараа цохисон. Тэгсэн манай эхнэр толгой хэсгээр хана мөргөсөн. Би гэрээс гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх29/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.Ч .

Шүүгдэгч Д.Ч  нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 00 тоотод “намайг доромжилсон” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Д  зодож, хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Д , гэрч Ч.Ц нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Д.Ч ын үйлдлийн улмаас хохирогч Ч.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №8582 дугаартай “Ч.Д ийн биед тархи доргилт, дух, хөмсөг, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, зүүн чих, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Мөн хохирогч Ч.Д , шүүгдэгч Д.Ч  нар нь гэрлэлтээ 1997 онд батлуулсан бөгөөд дундаасаа 4 хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Ч  нь хохирогч Ч.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөлөөгч нар нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.  

Хохирогч Ч.Д нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Д.Ч ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг ял оногдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгч Д.Ч ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д ийн Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч од 600 нэгж буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР