Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 01400

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01400

Орхон аймаг

 

 

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 39-1 тоотод оршин суух Боржигон овогт Даваагийн Мөнхгэрэл /ФМ:62102420/

С.Нямжаргалыг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Мөнхгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сандагдорж овогтой Нямжаргал /ГЮ:84082660, утас:99359702/ нь Орхон аймаг Баян-өндөр сум 9 дүгээр баг Шанд 3 дугаар гудамж 09 тоотод амьдарч байсан. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийг ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршооноос сарын 4,5 хувийн хүүтэй, зургаан сарын хугацаатай надаар зээл авхуулаад мөнгийг авсан боловч өдийг хүртэл зээлээ төлөхгүй утасаа ч авахгүй, уулзахгүй мөн хаягандаа амьдрахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа, ЭМПИПИ хоршоо надаас мөнгөө нэхээд байгаа тул энэ хүнийг хуулийн дагуу эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Хүсэлт гаргагч Д.Мөнхгэрэл нь С.Нямжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Д.Мөнхгэрэл нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг “ЭМПИПИ” хадгаламж зээлийн хоршооноос сарын 4. 5 хувийн хүүтэй, зургаан сарын хугацаатай зээл авч С.Нямжаргалд хүлээлгэн өгсөн болох нь шүүхэд мэдүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тухай баримтаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Мөнхгэрэл нь С.Нямжаргалаас мөнгөө гаргуулан авахаар шүүхэд  нэхэмжлэлийн шаардлага гаргах гэсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, оршин суудаг хаягтаа байхгүй байгаа нь Орхон аймгийн үсчин, гоо засалчдын холбооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/16 дугаартай албан тоотоор нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд Боржигин овогт Сандагдоржийн Нямжаргал /ГЮ:84082660/ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Сандагдоржийн Нямжаргал /ГЮ:84082660/-ыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Нямжаргалыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

            3. С.Нямжаргал нь Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 3 дугаар гудамжны 09 тоотод  оршин сууж байсан, 99359702 дугаарын хэрэглэгч байсан болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ