| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0860/Э |
| Дугаар | 945 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 945
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч С.Мөнхтулга,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чойжилсүрэн,
гэрч Д.Н ,
шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /ШТЭД-0621/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Ч.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01869 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, “Гоулд минералс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд
-1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн 00 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил хорих ял,
-1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 613а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хорих ял,
-2001 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 00 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,
- 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 146 дугаар зүйлийн 146.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2 жил 01 сарын хорих ял болгон хөнгөрүүлсэн,
- 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,
Боржигон овогт Ч Б /РД:ЧР75073031/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь 0000 УНЯ улсын дугаартай “Хьюндай соната-6” маркийн автомашин ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пи Эм Тек” ХХК-ний агуулахад нэвтэрч 16 метр шлангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.449.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч мэдүүлэг /хх27-28, 31/, иргэний нэхэмжлэгч Н.Энх-Амгалангын мэдүүлэг /хх35-36/, гэрч Н.Э мэдүүлэг /хх39/, гэрч Д.Н ийн мэдүүлэг /хх41/, гэрч С.Д мэдүүлэг /хх47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх11-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх14-17/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх21/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 473 дугаар, 2019 оны 5 дугаар 14-ний өдрийн 74 дугаар үнэлгээнүүд /хх50-52, 57/, Ч.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх71-72/, болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ч.Б г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх11-13/,
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019.03.22-ны өдрийн өглөөний 07:49:01-аас 07:56:27-н хооронд ...автомашинтай ирж тухайн агуулахын төмөр сараалж завсараар шлангийг татаж гаргаж автомашиндаа хийж буй дүрс билчэг, 08:00:55 цаг минутанд тухайн этгээд нь хэргийн газраас явж байгаа дүрс бичлэг” гэж тусгаж, тэмдэглэлийг гэрэл зургаар баталгаажуулжээ. /хх10/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх14-17/,
4. Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх21/,
5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 473 дугаартай хөрөнгийн үнэлгээнд “...16 метр шлангийг /PIRTEK CLASS AIR/WATER 25MM 10BAR (150PSI)W.P/ нийт 4,449,424 төгрөг”-өөр тодорхойлжээ. /хх50-52/
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай “ПИ ЭМ ТЕК” ХХК-ний агуулах болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 0 байрны гражинд байрлах агуулахад хулгай орсон байна гэж манай харуул хамгаалалтын ахлах Эрдэнэбат гэж хүн хэлсэн. Тэгээд нярав болон нягтлан удирдлагадаа явуулсан. Манай байгууллагаас хулгай хийсэн хүн яг хэрэг үйлдэж байх үедээ манай харуул хамгаалалтын ажилтанд баригдсан байсан бөгөөд хулгайд алдсан IROFSD-019020 кодтой PIRMEK CLASS AIR/WATER 25MM 10 BAR (150PSI) W.P материалтай 16 метр шланг хулгайд алдагдсанаа цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч буцаагаад авчихсан. Хэрэг үйлдэх үед олж авсан 16 метр шлангийн үнэлгээ бол 4,449,409 төгрөг болж байгаа. ..Харуулын хүн хулгайчийг олоход машинд нь 16 метр шланг байсан. ...Алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн буцааж авсан. Харин эд зүйлийн үнэлгээ гаргуулахад 135,000 төгрөг болсон. Энэ мөнгийн нэхэмжлэх болно. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх, 27-28, 31/,
7. Гэрч Н.Э “...Тухайн машин манай байгууллагын нэр дээр байдаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ч.Б гэж хүн машин худалдан авахдаа манай байгууллагаар дамжуулан 3,780,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар зээлсэн байна. Энэ гэрээнд бол 3 жилийн хугацаанд бол эд хөрөнгө манай нэр дээр буюу манай эзэмшил дээр явагдах бөгөөд зээлийн эргэн төлөлт болон хугацаа дуусах үед Ч.Б гэж хүний нэр дээр албан ёсоор шилжих болно. Одоо бол автомашин Ч.Б гэх хүнд байгаа бөгөөд сар болгон зээлийн төлөлт хийгдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх39/,
8. Гэрч Д.Н ийн /харуул хамгаалалтын ажилтан/ “...тухайн хүнээс “та хаана хэн гэж хүний гэр ирсэн юм” гээд асуухад би энэ байрны 0 байрны 0 тоотод найз дээрээ ирсэн гэж хэлсэн тэгээд би тухайн автомашиныг шалгах хэрэгтэй талаар түүнд хэлэхэд тэр залуу машины түлхүүр байхгүй гэхээр нь 15 тоот руу орж асууя гээд тэр залууг дагуулаад очсон, тухайн айлд нэг 17-18 насны эрэгтэй хүүхэд хаалга онгойлгосон, би энэ хүнийг мэдэхгүй манайд ямар ч хамаагүй хүн гэж хэлсэн, тэгээд асуугаад байж байтал тэр залуу шууд яваад өгсөн би буцаад гарахыг нь хүлээсэн. ...Тэгсэн 15 цагийн үед тухайн соната-6 гараад ирсэн. Тэгэхээр нь би хашааны хаалгаа хаагаад машиныг шалгах гэтэл тухайн машин хашаанд буцаж эргээд зугтаагаад тусгай өндөр хүчдэл байдаг байрны өмнө очиж зогссон. Тэгээд би араас нь хөөж очоод хаалгыг нь татсан чинь машинаа онгойлгохгүй байсан. Тэгээд би цонхыг нь тогшиж байгаад заза угаасаа хаалга хаалттай гарч чадахгүй юм чинь гэж бодоод буцаад ажлын байран дээрээ ирсэн. Тэгээд байж байгаад дахиад байраа шалгаад явж байтал тухайн машины жолооч цонхоо хагас онгойлгосон байдалтай машиндаа унтаж байсан. Тэгээд би цонхны завсраар нь харсан чинь манай агуулахаас алдагдсан гээд байдаг шланг байж байсан. Тэгээд би эд шланг байгаа талаар агуулахын нярав болон ээлжийн ахлахдаа хэлээд бүгдийг нь дуудсан. Мөн цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд ирэх ёстой хүмүүс бүгд ирээд машинд байгаа шлангийг үзээд алдагдсан шланг мөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд шалгаад тухайн этгээдийг автомашинтай хамт аваад явсан...” гэх мэдүүлэг /хх41/,
9. Гэрч С.Д “...Ч.Б тай 1 жил гарангийн өмнө танилцаад хааяа найз нөхдийн журмаар уулздаг байсан. Түүний холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаар бага зэрэг мэднэ. Тухайн хэрэг гардаг өдөр манай гэрт бага зэрэг халамцуу ирэхээр нь би гэртээ оруулаагүй юм. Тэгээд манай байрны гадаа машиндаа хоносон байсан...Хааяа манайд ирэхдээ манай байрны гражид машинаа тавьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх47/
10. Ч.Б гийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 21-ний орой очиж найз Д Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын хажуугийн байранд очиж байрны гадаа Д уулзсан. Тэгээд би машинаа хөдөлгөөд явах гэхэд болохгүй болохоор нь байрны гадаа машинд хоноод 2019 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед өөрийн унаж явсан 00 УНЯ улсын дугаартай Соната-6 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг байрны доод талын граж онгорхой байхаар нь асааж оруулсан. Тэгээд тэр граж дотор төмөр хаалттай хэсэгт хар өнгийн хуйлсан шланг байхаар нь гараа оруулж татаж аваад өөрийн машины арын суудалд хийсэн. Тэгээд байж байтал гражын хамгаалагч ирээд цагдаа дуудаад би газар дээрээ баригдсан. Тэр доороо шлангийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Тухайн үед миний унаж явсан 00 УНЯ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл бол “Ж ” ББСБ-ын нэр дээр байдаг бөгөөд 5,600,000 төгрөгөөр авсан бөгөөд сар бүр 170,000 төгрөг төлдөг. Машины төлөлт 2020 онд дуусна...” гэх мэдүүлэг /хх71-72/,
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ч.Б :
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б гийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах, шүүгдэгчийн үйлдлийг төгсөөгүй завдалдын шинжтэй, машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж мэтгэлцэж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд дүгнэлт хийн үзэхэд шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 0 байрны хажуу талын гражид байрлах “ ХХК-ийн тусгайлан хамгаалсан агуулахаас 16 метр шлангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч мэдүүлэг, гэрч Д.Н ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шүүгдэгч Ч.Б гийн өөрийнх нь мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэгээс шүүгдэгч нь тухайн төмөр хаалтны завсраар гараа оруулан эд зүйлийг татан гаргаж өөрийн унаж явсан 00 улсын дугаартай автомашиндаа ачиж байгаа үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хяналтын камерын дүрс бичлэг дэх нөхцөл байдлыг үгүйсгээгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс “П ” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хэрэг болсон гэх 0 байрны хажуу талын гражид тус компани нь төмөр хаалтаар тусгаарлан агуулах байгуулж эд хөрөнгөө хадгалдаг, хаалга гарган цоожилж тусгаарласан, хяналтын камер тавьж, харуул хамгаалалтаар хамгаалсан байх тул тусгайлан хамгаалсан агуулах гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн агуулахын завсараар эд хөрөнгийг нь татан гаргаж буй үйлдлийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хулгайлагдсан эд зүйл болох 16 метр шланг нь овор хэмжээний хувьд том, харуул хамгаалалтын хажуугаар авч гарах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх буюу шүүгдэгч нь учрах саадыг арилгах, хулгайлсан эд хөрөнгийг саадгүй авч явах зорилгоор автомашин ашигласан гэсэн улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн хулгайлах гэмт хэрэг нь эд зүйлийг авснаар төгсөх буюу шүүгдэгчийн хувьд өглөөний 08:00 цагт эд хөрөнгийг хулгайлан автомашинд ачсан, үдээс хойшийн 15:00 цагийн үед харуул хамгаалалтын ажилтан Д.Н /гэрч/ машиндаа хулгайн эд зүйлийг ачсан байсныг мэдэж холбогдох хүмүүст мэдэгдсэн нөхцөл тогтоогдсон.
Тодруулбал, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлж байх үйлдэл дээрээ баригдаагүй, хулгайлах үйлдэл төгссөний дараа харуул, хамгаалалтын ажилтны шалгалтаар илэрсэн гэж үзнэ. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлийг захиран зарцуулах бодит боломж бүрдээгүй тул гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, таслан зогсоогдсон гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ч.Б гийн шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.449.424 төгрөг, 135.000 төгрөг, нийт 4.584.424 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч мэдүүлгээс хулгайлагдсан 16 метр шлангийг биет байдлаар хүлээн авсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөх завсарлаг авсан хугацаанд 135.000 төгрөгийг хохирогч “П” ХХК-д төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх ашигласан автомашины битүүмжлэлийг хүчингүй болгон, үнийн дүнгийн хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгуулах дүгнэлт, санал гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Ч.Б нь хохирлыг бүрэн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг битүүмжилдэг, хохирлыг нөхөн төлсөн байхад улсын орлого болгохоор албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хуулийн зорилгод нийцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн...” зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг удирдлага болгон дээр дурдсан нөхцөл байдал, улсын яллагч дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 57-85 УНЯ улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн саарал өнгийн автомашинд үзлэг хийсэн /хх14-17/, эд хөрөнгө битүүмжилсэн /хх20/ мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан боловч тухайн эд хөрөнгийн битүүмжилсэн прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
Иймд прокурорын шийдвэрээр тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийгээгүй байх тул тухайн хөрөнгийг битүүмжлэлийг хүчингүй болгох шаардлагагүй, мөн 0000 УНЯ улсын дугаартай Хьюндай соната-6 маркийн автомашины үнийн дүнгээр улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдээгүйг дурдаж байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Б гийн цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б г 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б гийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР