| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01260/и |
| Дугаар | 142/ШШ2016/01229 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 9б-07 тоотод оршин суух, Сартуул овгийн Сүхбатын Ариунтуяа /ГВ89082009/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-12 тоотод оршин суух, Боржигон овгийн Ганхуягын Мөнгөнгэрэл /ПК90082775/-д холбогдох,
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунтуяа, хариуцагч Г.Мөнгөнгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь Г.Мөнгөнгэрэлтэй 2009 оны 9 сард танилцаж, улмаар манайхаар ирэн очин байсан ба хамт гэр бүл болон амьдрахаар ярилцдаг байсан. Улмаар бидний дундаас 2010 оны 09 сарын 08-ны өдөр хүү Буяндэлгэр төрсөн. Хүүгээ төрөх үед Г.Мөнгөнгэрэл нь иргэний үнэмлэхгүй байсан тул түүний нэрээр овоглох боломжгүй болж би өөрийн нэрээр овоглосон. Одоо хүү маань 5 настай эрүүл энх өсөн торниж байна. Мөнгөнгэрэл нь хүүдээ анхаарал халамж тавьдаггүй, биднийг яаж байна ч гэж асуудаггүй. Одоо хот хооронд такси үйлчилгээнд яваад өөрийнхөө амьдарлыг л боддог. Цаашид хүү маань өсч том болоод хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж байна. Хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Мөнгөнгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаа: С.Ариунтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2, 2010 оноос хойш дотно харьцаатай болж хамтран амьдарч байсан ба бид 2-ын дундаас 2010.09.08-нд хүү Буяндэлгэр төрсөн. Энэ талаар маргах асуудал байхгүй. Би Улаанбаатар хот руу таксинд явдаг үеэр хэсэг харьцаа тасарсан ба 2016.06.20-нд хойш эвлэрч байнга хамтдаа амьдарч байгаа. Надад С.Ариунтуяагаас салах шалтгаан байхгүй. Харин цаашид өөрийн гэсэн орон гэртээ болж гэрлэлтээ албан ёсоор батлуулан амьдрах хүсэлтээ байгаа. Энэ өвөлдөө байр хөлсөлж байгаад хавраас хашаа байшинтай болж амьдарна гэсэн бодолтой байна. Би одогоор машингүй байгаа бөгөөд машин авч таксинд явж мөнгө төгрөгөө олж цуглуулах эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх бодол санаатай байна. Би хүүтэйгээ ойр дотно харьцаатай байж сурдаг сургуульд нь хүргэж өгч сургуулиас нь авах болон өөрийн боломжоороо харж хандаж яваа. Би хүүгээ өнчрүүлэх санаа алга байна. Тиймээс С.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунтуяа нь хариуцагч Г.Мөнгөнгэрэлд холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох ”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
С.Ариунтуяа Г.Мөнгөнгэрэл нар нь 2009 онд танилцан 2010 оноос хамтран амьдарч байгаад, тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү А.Буяндэлгэр төрсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хойшид хүү эхнэртэйгээ хамт амьдарна гэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлага маань хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага байгаа.
Г.Мөнгөнгэрэл нь А.Буяндэлгэрийн эцэг мөн гэж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагч нь, “...надад С.Ариунтуяагаас салах шалтгаан байхгүй. Харин цаашид өөрийн гэсэн орон гэртээ болж гэрлэлтээ албан ёсоор батлуулан амьдрах хүсэлтээ байгаа. Энэ өвөлдөө байр хөлсөлж байгаад хавраас хашаа байшинтай болж амьдарна гэсэн бодолтой байна. Би одогоор машингүй байгаа бөгөөд машин авч таксинд явж мөнгө төгрөгөө олж цуглуулах эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх бодол санаатай байна. Би хүүтэйгээ ойр дотно харьцаатай байж сурдаг сургуульд нь хүргэж өгч сургуулиас нь авах болон өөрийн боломжоороо харж хандаж яваа. Би хүүгээ өнчрүүлэх санаа алга байна. Тиймээс С.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар ирүүлсэн ч зохигчид албан ёсны гэр бүл биш учир гэрлэлт цуцлах асуудал яригдахгүй, тэдний цаашид хамтран амьдрах асуудалд энэ шийдвэр саад болохгүй юм.
Иймд А.Буяндэлгэрийн эцэг нь Г.Мөнгөнгэрэл мөн болохыг тогтоож, А.Буяндэлгэрийг насанд хүртэл нь эцэг Г.Мөнгөнгэрэлээр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 26 092 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү А.Буяндэлгэрийг Г.Мөнгөнгэрэлийн хүүхэд мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү А.Буяндэлгэрийг, 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Мөнгөнгэрэлээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА