Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Прокурор Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Хохирогч Ч.Э

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган  сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, ... ажилтай, урьд нь Булган аймгийн  5 дугаар хэсгийн ардын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Булган аймгийн  5 дугаар хэсгийн ардын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Ч.Г-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар/

Яллагдагч Ч.Г нь 2019 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгчийн хойд талд байрлах иргэн Ч.Э-н хашаанаас 1 тоннын багтаамжтай, цагаан өнгийн  усны хуванцар савыг ... улсын дугаартай Портер маркийн тээврийн  хэрэгсэл ашиглаж нууцаар,  хууль бусаар  хулгайлан авсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 05 сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд ... улсын дугаартай  машиныг жолоодоод хаягдал усаа авч гарч Х банкны ажилчдын байрны  модыг услаад цаашаа явж  хуучин каргоны ар талын хашаа руу явсан. Тэр хашааг Э-н хашаа гэдгийг мэдэж байсан. Тэнд 2 усны сав байхаар нь үзэхэд нэг нь устай, нөгөө нь усгүй байсан, тэгэхээр нь машин дээрээ ачаад гэрийнхээ гадаа буулгасан. Үүнээс хэд хоногийн дараа 6 сарын эхээр гэртээ халамцуу байхад Э ирээд усны саваа авъя гэхээр нь тухайн үед өөр рүү нь утасдаагүй болохоор хүн авчирч өгсөн талаар хэлсэн, тэгээд крант нь эвдэрхий юм билээ янзалж байж ус хийх талаар хэлсэн. Э цагдаад хэлсэн гэж хэлсэн, би 3 хоногийн дараа  аваачиж хашаанд нь орхисон. Энэ явдал болохоос 7 хоногийн өмнө Э над руу утсаар яриад манай хашаанд очоод мод услаад өгөөрэй гэж байсан юм, түүнийгээ хэн, хэн нь мартсан байсан, Э цагдаад өгчихсөн, та өөрөө учраа олчихоорой гэж байсан, би савыг нь буцаагаад аваачиж тавьсан болохоор ийм юм болно гэж бодоогүй, тэгээд 7 сард осолд ороод, иргэний хариуцагчаар хэрэгт оролцоод энэ асуудлыг ч мартсан байсан. Гэтэл оны дараа эрүүгийн хэрэг үүссэн гэсэн. Миний хувьд хулгай хийе санаа агуулаагүй, тэр машиныг ашиглаагүй, мод усалж явж байгаад л Э-н хашаанд очсон. Э бид 2 энэ асуудал болохын өмнө 2 бие рүүгээ ярьсанаа утасны баримтыг С компаниас авах гэж хүсэлт гаргасан боловч  боломжгүй гэсэн хариу хэлсэн. Э-н савыг тухайн үедээ хэлээгүй авсан нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Хэрэгт зураг нь байгаа сав бол миний авч явсан сав биш юм, үүнийг бодвол хуучин, крант нь эвдэрсэн сав байсан. 1 тонны багтаамжтай сав гэдэгт бол маргахгүй байна, сав хөнгөн учраас би өөрөө өргөөд машин дээр тавиад л хөдөлсөн, угаасаа тэндээс явахад машины мөр үлдэх нь тодорхой шүү дээ”  гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би өмнө цагдаад мэдүүлэхдээ “ Г ахтай утсаар яриад манай хашаанд ус татаад өгөөрэй, мод ногоо тарьж байгаа гэж хэлж байсан” гэдгийг мэдүүлж байсан. 2 хүний хоорондын холбоогүй, бие биенийхээ хэлсэн, ярьсаныг ойлголцоогүй явсанаас болж энэ асуудал шүүх дээр ирчихлээ. Тухайн сав 1 тонны усны сав байсан гэдэг дээр маргаан байхгүй, замын арчлалтын ажилд хэрэглэх бодис хийж урдаас оруулж ирдэг юм билээ, бид хуучин савнуудыг авч хэрэглэдэг, тэр усны савны крант эвдэрсэн, одоо айлын хашаанд байгаа, би цагдаад алга болсон гэж хэлээгүй, цагдаагаас тэр усны савыг үзье, үзлэг хийе гэж хэлээгүй, хэдэн кг вэ та мэдээд ирээч л гэж хэлж байсан.  Энэ савыг Г ах манай хашаанаас хулгай хийгээгүй, энэ хүн хулгай хийх ч хүн биш, бид бие, биедээ туслах  асуудал байдаг. Тэр өдөр усны сав байхгүй болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн, тэгээд хэд хоногийн дараа Г ахын хашаанд байхаар нь манай сав байна, саваа авъя гэж хэлэхэд хүн авчирч өгсөн гэж хэлсэн, тэгэхээр нь цагдаад өгчихсөн, та өөрөө цагдаа дээр очоод учраа хэлчихээрэй гэсэн байдлаар хэлсэн, тухайн үед надаас ахимаг хүн болохоор нь цагдаа дээр очоод хулгайлаагүй гэдэг асуудлаа хэлчихсэн байх, урьд нь ус аваачиж өгөх талаар ярьж байснаа хэлэх байх гэж бодсон л доо. Тэгээд ч усны савыг гэр  хүргээд өгчихсөн болохоор цагдаа миний гомдлыг хаасан байх гэж бодсон, түүнээс хойш Г ах ч осол аваарт орсон гэж ярьж байсан, энэ талаар огт ярихгүй байж байтал эрүүгийн хэрэг үүссэн гэсэн. Би урьд нь мод услуулах талаар ярьж байсан гэдгээ 7 сард мэдүүлэг өгөхдөө хэлж байсан, сая 3 сард тодорхойлолт бичиж өгсөн, бас Г ахтай ярьсан гэдгээ харуулах гээд скайтелиас шүүлгэх гэхэд миний ярьсан дугаар гарч ирэх боломжгүй гэсэн. Тэгэхээр нь Г ахыг та дугаараа шүүлгээд өгөөч гэхэд мөн боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Надад ямарч гомдол санал байхгүй, угаасаа энэ хүн миний савыг хулгайлаагүй, Г ах хаягдал усаараа мод усалдаг” гэсэн мэдүүлэг

Шинжээч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагдаагийн байгууллагаас нэг тонны багтаамжтай, дөрвөлжин хэлбэртэй, цагаан саарал өнгөтэй хуучин усны хуванцар савны үнэлгээг гаргах гэсэн тогтоол, мөн усны сав байсан гэх газрын хэмжилтийг харуулсан зураг зэргийг хүлээн авсан. Ингээд нэмэлт мэдээлэл авах шаардлагагүй, тодорхой байсан учраас үнэгүй.мн болон бусад сайт, фэйсбүүк хуудаснаас судалгаа авч үнэлгээг зах зээлийн харьцуулан жиших аргаар тодорхойлсон” гэсэн мэдүүлэг,

Гомдол мэдээлэл авсан  хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Хохирогч Ч.Э-н 2019 оны 07 сарын 03-ны өдөр өгсөн “ Би усны сав алдахаас хэд хоногийн өмнө Г-с манай хашаанд усны машинаараа ус татаад өгөөч, би ногоо тарьж байгаа юм гэж хэлсэн. Г тэр үед Дарханд байна хэд хоногоос очино гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ны 2019 оны 06 сарын 20-ны өдрийн “1 тонны усны сав 200,000 төгрөг “ гэсэн дүгнэлт  /хх-ийн 25-28/

Хохирогч Ч.Э-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “ миний бие нь 2019 оны 5 сарын 17-ны өдөр тус Цагдаагийн хэлтэст усны хуванцар сав хулгайд алдсан гэх гомдлыг мэдүүлсэн болно. Гэтэл уг савыг өөрийн танил Ч.Г-н хашаанд байхыг 7 хоногийн дараа олсон бөгөөд, Ч.Г-н хувьд хэд хоногийн өмнө миний бие түүнтэй утсаар холбогдон тус 2 саванд ус хийж дүүргэж өгөхийг гуйж байсан бөгөөд энэ гуйлтыг биелүүлэхээр очиход миний бие эзгүй байсан ба 1 сав нь устай, 1 сав нь усгүй байсны усгүй савыг нь өөрөө мэдэж байгаа гэж бодон авч явсан байжээ.Энэ хооронд Ч.Г нь тухайн савны крант эвдсэрсэн байсан тул засаж ус хийхээр хашаандаа байлгаж байсан бөгөөд энэ нөхцөл байдлыг миний бие мэдээгүйгээс, өөрөөр хэлбэл хоорондоо холбогдоогүй шалтгаанаас үүдэн тухайн хэрэг үүссэн. Иймд энэ хэрэгт холбогдох хэрэгт Ч.Э миний бие нь гомдол байхгүй, мэдүүлсэн гомдлоо татаж авах хүсэлтэй байгаа бөгөөд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг харгалзаж үзнэ үү” гэсэн хүсэлт /хх-ийн 59/

Хохирогч Ч.Э-н “миний бие нь ... дугаарын утсыг хэрэглэдэг бөгөөд 2019 оны 04 сарын 20-ны өдрөөс 05 сарын 17-ны хооронд гадагш  залгасан жагсаалтыг гаргаж өгнө үү”  гэсэн хүсэлт  /хх-ийн 60/

С ХХК-ний 2020 оны 03 сарын 02-ны өдрийн “ Ч.Э өөрийн  ашигладаг ... дугаарын ярианы  дэлгэрэнгүй  билл авах хүсэлт гаргасан боловч  техникийн  байдлаас шалтгаалан 2019 оны 04 сарын ярианы дэлгэрэнгүй билл гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэсэн албан тоот /хх-ийн 61/

Иргэний нэхэмжлэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн тээврийн хэрэгсэл  нь  миний эзэмшлийн  тээврийн хэрэгсэл. Би Дархан-Уул  аймгийн улсын дугаар авах  гэсэн Дархан-Уул аймгийн иргэн байх шаардлагатай байсан тул манай төрсөн ээжийн эгчийн нь хүүхэд Д.Г гэх хүний нэр дээр  улсын дугаар авсан. Машинаа 3,500,00 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/

Нэг тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар саванд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар 2016 оны намар нагац эгч Э-н нөхөр Б нь Дорноговь аймгийн улсын дугаартай болохоор Дархан-Уул аймагт замын хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй байна, тиймээс Дархан-Уул аймаг шилжиж ирэх хүртлээ чиний нэр дээр тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлье гэж надаас гуйсан юм. Тэгээд 2016 оныхоо намар нь Э-н бага хүү Д-н нэр дээр эзэмшилтэй байсан Портер машиныг миний нэр дээр шилжүүлээд машинаа өөрсдөө аваад явсан. Уг тээврийн хэрэгслийг би нэг удаа ч эзэмшиж ашиглаж үзээгүй. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч нагац эгч Э-н бага хүү Д-н машин юм. Тухайн үед татвар төлөхгүй гээд ямар гэрээ билээ дээ гэрээний гарчигийг нь санахгүй байна нэг гэрээ байгуулаад миний нэр дээр шилжүүлээд ... улсын дугаартай болгоод Э-н хүү Д нь өөрөө машинаа аваад явсан. Дархан-Уул аймаг Төмсний бригад гэх газар Э-н хүү Ч-н фермийн хашаанд байгаа байх гэж бодож байна. Энэ машиныг 2016 оны намар миний нэр дээр шилжүүлээд Э-н нөхөр Б хүү Д нар аваад явсанаас хойш би хаана юу хийж юунд ашигласан талаар мэдэхгүй миний нэр дээр л бүртгэлтэй байгаа болохоос Э-н хүү Д-н машин юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/

Өмчлөгч Д.Г гэсэн тэмдэглэгээ бүхий ... улсын дугаартай портер машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 87/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 02 сарын 28-ны өдрийн “... улсын дугаартай портер машин 3,500,000 төгрөгийн үнэтэй “ гэсэн тайлан /хх-ийн 90-92/

Шүүгдэгч Ч.Г нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн ял шалгах хуудас, түүний шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 103, 105-109, 112-123/

... улсын дугаартай портер машины портер машиныг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 124-125/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 05 сарын 17-ны өдөр өөрийн түр эзэмшилд байсан иргэний нэхэмжлэгч Г.Д-н өмчлөлийн ... улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж Х банкны ажилдчын орон сууцны модыг усалж, замаараа цааш явж хохирогч Ч.Э-н мод, ногоо тарьдаг хашаанд очиж, тэнд байсан 1 тонны багтаамжтай, 2 ширхэг усны савны нэгийг портер машин дээр ачиж, улмаар гэрийнхээ гадаа буулгасан,

хохирогч Ч.Э нь 2019 оны 05 сарын 19-ны өдөр цагдаагийн байгууллагад өөрийнхөө 1 тонны багтаамжтай усны сав алдагдсан талаар гомдол, мэдээлэл өгсөн  үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Үндэслэл нь:

1.Шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд эхний ээлжинд түүний үйлдэл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэхийг шалгах учиртай юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан “ гэдэг нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бөгөөд “ машин механизм ашигласан “ гэж хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох юм. Гэтэл шүүгдэгч Ч.Г-н хувьд тухайн өдөр ... улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа анхнаасаа хулгай хийх санаа зорилго агуулаагүй, тухайн тээврийн хэрэгслийг  гэмт хэрэг үйлдэх зорилгоор буюу хохирогчийн 1 тонны багтаамжтай савыг тээвэрлэхээр унаж яваагүй,  Х банкны ажилчдын байрны модыг усалж байгаад цааш явж хохирогч Ч.Э-н хашаанд очиж усны савыг авсан, хохирогчийн хашаа гэдгийг мэдэж байсан, мөн үйл явдал болохын өмнө хохирогч Ч.Э нь Ч.Г-г “хашаанд усны машинаараа ус татаад өгөөч, би ногоо тарьж байгаа юм гэж хэлсэн “ нь зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хохирогч Ч.Э-н хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Иймд шүүгдэгчийг анхнаасаа бусдын эд хөрөнгийг хулгайлахаар, учрах саадыг арилгах зорилгоор  машин механизмыг  бэлтгэж ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээ, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учирсан эсэхийг харгалзан үзэх юм.

Хулгайн гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авч, хувьдаа  ашиг олох зорилготой, шунахай  сэдэлттэй үйлдэгддэг.

Хэдийгээр шүүгдэгчийн хувьд хэрэг бүртгэлтэнд тухайн савыг өөр хүн авчирч өгсөн мэтээр хохирогчид ойлгуулсан талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хохирогч нь үйл явдал болохоос өмнө шүүгдэгч Ч.Г-тай өөрийн ... дугаарын утсаар холбогдож, өөрийн хашааныхаа мод, ногоог  услуулах санал тавьж байсан, үүнийгээ нотлох үүднээс тэрээр С ХХК-д ... дугаарын утаснаас 2019 оны 04 сараас хойш гадагш залгасан жагсаалтыг авахуулахаар хандсан, тухайн байгууллага  техникийн  байдлаас шалтгаалан 2019 оны 04 сарын ярианы дэлгэрэнгүй билл гаргах боломжгүй талаарх хариуг өгсөн зэрэг нь хохирогчийн мэдүүлэг, С ХХК-ний 2020 оны 03 сарын 02-ны өдрийн албан тоот /хх-ийн 61/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг анхнаасаа хулгайн хэрэг үйлдэж, ашиг олох санаа зорилгогүй байсан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д  “ Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан  боловч  тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь  энэ  хуулиар хамгаалагдсан  эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс  үйлдэхуйг  гэмт  хэрэгт тооцохгүй “ гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн  хулгайлсан гэх 1 тонны багтаамжтай усны савыг хөрөнгийн үнэлгээний А ХХК нь  200,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь эрүүгийн хуульд заасан бага бус хохирлын хэмжээнд хүрэхгүй, мөн  хохирогч Ч.Э-д бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна.

3. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1 тонны багтаамжтай усны савны үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж маргах боловч шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн мэдүүлэг болон Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ны 2019 оны 06 сарын 20-ны өдрийн “  1 тонны усны сав 200,000 төгрөг “ гэсэн дүгнэлт  /хх-ийн 25-28/ зэргийг үнэлэхэд шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн болно.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 тонны багтаамжтай усны савыг эд мөрийн баримтаар тооцоогүй боловч  тухайн эд зүйлийг үйл явдал болсон дараа шүүгдэгч нь хохирогчид хүлээлгэн өгсөн, 1 тонны багтаамжтай усны сав байсан, хэлбэр хэмжээ, эвдрэл гэмтэл зэрэгт ямар нэг маргаангүй байсан учир мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаа гэж үзээгүй болно.

5. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдсэн хэргийг нотолсон нотлох баримт  гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл нь тухайн газарт сав байсан, тээврийн хэрэгсэл очсон байсныг, 1 тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар саванд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74/ нь тухайн эд зүйлийн хэлбэр, хэмжээг илэрхийлсэн байх бөгөөд эдгээр нь машин механизмыг урьдчилан бэлтгэн ашиглаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шууд нотлох баримт биш юм. Мөн яллах дүгнэлтэдээ мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Г-н гэрчээр өгсөн мэдүүлгийг түүний үйлдсэн хэргийг нотолсон нотлох баримт гэж үзсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн прокурор нь шүүгдэгч Ч.Г-г өөрийнхөө гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж хүлэн зөвшөөрдөг гэх боловч шүүгдэгч нь “ урьд нь Э-тай ярьсан байсан учраас тухайн үед холбогдохгүйгээр усны савыг нь авч явсан нь миний буруу “ гэсэн агуулгаар мэдүүлдэг болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ч.Г-т холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн байгаа ... улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч  Г.Д-х болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч /хх-71-72/ болон гэрч Д.Г /хх-ийн 77-78/ нарын мэдүүлгээр хэрэгт тогтоогддог тул битүүмжлэлийг хүчингүй болгож,  Г.Д-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Ч.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.

4. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Г-т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, хохирогч, өмгөөлөгч, Ч.Г нар цагаатгах тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц