Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 946

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Э.С , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С д холбогдох эрүүгийн 1908 03469 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах "Петровис" ШТС-ын түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, охин нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б  овогт Э-ын С  /РД: 000000/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.С  нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хорооллын замын эсрэг талын Содон хорооллын автобусны буудлын орчмоос таксинд сууж Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Петровис" ШТС хүргүүлэхдээ Г.Э-ын цүнхнээс нүүрний пүдер, уруулын будаг, тень, эмэгтэй хүний монетон хос ээмэг, кулон, зүүлт зэрэг эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бусдад 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх5-9/, хохирогч Г.Э-ын мэдүүлэг /хх17/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх28-30/, Э.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх48/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Э.С гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...21-н автобусны буудлаас 1 эмэгтэй хүн гар өргөхөөр нь авч петровисын клонк хүргэж өгсөн. Тэр эмэгтэй буухдаа арын суудал дээр байсан жижиг цүнхнээс 800.000 төгрөгийн эд зүйл аваад явсан...” гэжээ. /хх4/,

2. Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Гуулиа овогтой Эрхэмбаатар би алдагдсан эд зүйлсийг хүлээн авлаа...” гэжээ. /хх5-9/,

3. Хохирогч Г.Э-ын “...би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд гараад Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хорооллын замын эсрэг талын Содон хорооллын автобусны буудлын орчмоос үл таних, намхан, махлагдуу биетэй, саарал хувцастай, саарал цүнхтэй эмэгтэй “Петровис” ШТС дээр хүргэж өгсөн. Тэгээд ажил дээрээ байж байгаад өдрийн 14 цагийн үед Өвөрхангай аймар руу эхнэр Ж.М хамтаар явж байгаад Энхжин худалдааны төвийн орчимд очоод гар цүнхээ үзэхэд эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, монетон ээмэг, кулон, гинж зэрэг эд зүйлээ хулгайд алдсан байсан. Тухайн өдөр би уг эмэгтэйгээс өөр хэн нэгнийг автомашиндаа суулгаагүй...Алдсан эд зүйлээ олоод авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх17/,

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд “Пүүдэр 1ш 25.000, уруулын будаг, ком 1ш 25.000 төгрөг, тень 2ш 20.000 төгрөг, эмэгтэй хүний монетон хос ээмэг, кулон зүүлт 750.000 төгрөг” нийт 820.000 төгрөгөөр эд зүйлийг үнэлжээ. /хх28-30/,

5. Э.С яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа явах гээд гэрээсээ 07 цагт гараад ...Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооллын автобусны буудлаас такси барих гээд гараа өргөөд зогсож байхад Тоёота Аллион маркийн саарал өнгийн машин зогсохоор нь ард талын суудалд нь суугаад нефть орно гэж хэлээд хөдөлсөн ба жолооч нь 40 орчим насны эрэгтэй хүн байсан...ард талын суудал дээр эрээн өнгийн эмэгтэй цүнх байхаар нь жолоочийг анзаарахгүй болохоор нь цүнхийг нь нээж үзээд дотроос нь Б рөнхий савтай эмэгтэй хүний пүдер 1 ширхэг, нүдний тень 2 ширхэг, уруул өнгөлөгч 2 ширхэг, нүүрний крем 1 ширхэг, хос монетон ээмэг 1 ширхэг, кулонтой монетон гинж 1 ширхэг тус тус аваад өөрийнхөө ажлын хувцсыг хийсэн торон дотор жолоочид мэдэгдэлгүй хийсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах “Петровис” ШТС-ын үүдэнд буугаад жолоочид таксины мөнгө өгөөд явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа Петровис ШТС дээр ажил дээрээ байхад дээрх таксины жолооч, цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд би өөрөө авсан гэдгээ хүлээгээд эд зүйлүүдийг маргааш нь цагдаа дээр аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх48/    

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.С .

Шүүгдэгч Э.С  түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд хохирогч Г.Э нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа шүүгдэгч Э.С   Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороонд байрлах “Петровис” ШТС-д хүргэж өгсөн. Ийнхүү явж байхдаа шүүгдэгч нь хохирогчийн машины арын суудал дээр байсан цүнхэнээс эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, монетон ээмэг, кулон, зүүлт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буусан болох нь хохирогч Г.Э-ын мэдүүлэг, шүүгдэгчээс эд мөрийн баримтаар эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Э.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Хохирогчийн алдагдсан эд зүйлийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд “Пүүдэр 1ш 25.000, уруулын будаг, ком 1ш 25.000 төгрөг, тень 2ш 20.000 төгрөг, эмэгтэй хүний монетон хос ээмэг, кулон зүүлт 750.000 төгрөг” нийт 820.000 төгрөгөөр үнэлсэн тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг дүгнэлтэд дурдсанаар тогтоох нь зөв байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, эд зүйлийг авсанаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

Иймд шүүгдэгч Э.С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Э.С  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг биет байдлаар нь эргүүлэн өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй байна.

Иймд шүүгдэгчийг хохирлыг биет байдлаар нь нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 1 хүүхэдтэй, “Петростар” ХХК-д түгээгчээр ажилладаг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, миний хувьд үйлчлүүлэгчийн хувьд тэнсэж шийдвэрлэх нь эрх зүйн байдлыг дордуулахгүй, энэ хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлээд зээлээ төлөөд явах боломж олгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.С  нь хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Э.С  нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-ын С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгч Э.С д хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР