| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00511/И |
| Дугаар | 511 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 511
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 229-р байр 1-4 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Боржигон овгийн Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 10-18 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 44 настай, Боржигон овгийн Самбуугийн Наранчимэгт холбогдох
150000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Наранчимэг нь 2016 оны 03 дугаар сарын 27-нд өөрийн хэрэгцээнд хэрэглэхээр 150000 төгрөгнийн үнэтэй мөнгөн аягыг 7 хоногийн хугацаатай зээлж авсан боловч өдийг хүртэл иргэний намайг чирэгдүүлж удаа дараа утсаар ярьж шаардуулж байна. Иймд С.Наранчимэгээс 150000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Өлзийсайханы нэхэмжилж байгаа 150000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-нд 75000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 75000 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь С.Наранчимэгт холбогдуулан 150000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Наранчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 150000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлага болох 150000 төгрөгийг хариуцагч С.Наранчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Наранчимэгээс 2575 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 2575төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Өлзийсайханд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5150төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.