Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-12 тоотод оршин суух, Дайртан овгийн Жамбачүлтэм Бямбажав /ИЦ83080161/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 4-603 тоотод оршин суух Хиад боржигон овгийн Дашнямын Болормаа /ФА82101506/-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 2 880 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Бямбажав, хариуцагч Д.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Дашням овогтой Болормаа нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 200 000 төгрөгийг 10%-ийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлээ төлөхгүй болохоор нь утсаар залгаж, ажил дээр нь очиж явсны эцэст 2016 оны 01 дүгээр сарын 21-нд 1 000 000 төгрөгийг ээжээрээ дамжуулж өгсөн. Түүнээс хойш өдийг хүртэл мөнгөө авъя гэхээр би мөнгө өгч чадахгүй, чи шүүхээрээ яв, тэгээд надаас мөнгө олж авахыг чинь харъя гээд байдаг болсон. Би Д.Болормаагийн хэлснээр эвлэрүүлэн зуучлалд өргөдлөө 2016 оны 07 дугаар сарын 06-нд өгсөн. Эвлэрүүлэн зуучлахаас 08 сарын 22-нд уулзалт зохион байгуулахад эвлэрэх боломжгүй, би ерөөсөө мөнгө өгч чадахгүй шүүхдээ өг гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлахад уулзалдаад сууж байхад ээж нь дайрч орж ирээд хэл амаар доромжлоод луйварчин гээд хашгичаад байсан, би гомдолтой байна. Миний нэр төрийг сэргээж өгнө үү. Д.Болормаагаас үлдсэн 2 200 000 төгрөг 2 сарын хүү 640 000 төгрөг нийт 2 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нотариатын 10 000, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 60 390 гээд нийт зардал 100 390 төгрөгийг гарсан зардал нийт 2 940 390 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д.Болормаад 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 1-ны өдөр нэмж 500 000 төгрөг зээлүүлсэн. Би ломбардаас авч өгсөн. Хүү гэж нийтдээ 1 260 000 төгрөг өгсөн, ээжээрээ дамжуулж 1,0 сая төгрөг өгсөн нийтдээ 2 260 000 төгрөг авсан... гэжээ.  

Хариуцагч Д.Болормаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Болормаа би хамт ажиллаж байсан Ж.Бямбажаваас 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 1 000 000 /нэг сая/ төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 1-ны өдөр нэмж 500 000 төгрөг зээлдэн авсан. Мөнгө авахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй амаар тохиролцсон. Мөнгийг авсанаас хойш зээлийн хүүг сар бүр өгч чадаагүй явж байгаад 2014 оны 10 дугаар сард 400 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 400 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 460 000 төгрөг өгөөд нийтдээ 1 260 000 /нэг сая хоёр зуун жаран/ төгрөг өгсөн юм. 2014 оны 9 дүгээр сараас эхлэн хүүхэд маань өвдөж эхэлсэн. Нөхөр бид 2 хүүхдээ эмчид үзүүлж онош тодруулахаар Улаанбаатар хот руу байн байн явсан. 2015 онд өвчтэй байсан хүүгийн маань онош нь тогтоогдон хүнд өвчин туссан болох нь тодорхой болсон. Хүү А.Төгөлдөр элэгний хатуурал /элэгний цирроз/ гэсэн онош тавигдаж нилээн хугацаанд эмийн эмчилгээ хийгдэн эмнэлэгт хэвтсэн боловч бие нь сайн болохгүй явсаар 2016 оны 2 дугаар сард Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох хэрэгтэй, түүнээс өөр арга зам байхгүй хугацаа алдаж болохгүйг эмч нар анхааруулсан. Амьдралын маш хүнд үед Ж.Бямбажав мөнгө өгсөнгүй гэж хэл ам хийж чи надтай нотариатч дээр очиж зээлийн гэрээ бичгээр хийж, гарын үсэг зурж өг гэж шаардаж байсан. Хүүхэд өвдөөд, амьдрал хүнд боллоо, найз нь чамд хүү гэж өгч чадахгүй боллоо, ямар ч байсан үндсэн мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч Бямбажав нэхэмжлэлдээ “миний нэр төрийг сэргээж” өгнө үү гэж бичжээ. Би түүний нэр хүндийг унагаах ямар нэг үйлдэл хийгээгүй. Миний хувьд Бямбажавтай муудалцаж, муухай харьцаж байгаагүй, ер нь хүнтэй муудалцахыг урьтал болгодоггүй, надад тийм зан байдаггүй, би түүнийг шүүхээрээ яв, тэгээд надаас мөнгө олж авахыг чинь харна гэж хэлээгүй, мөн миний ээж эвлэрүүлэн зуучлагч дээр дайрч араас нь  хэл амаар доромжилсон гэдэг худлаа. Шүүхээс дуудахад ээж надтай хамт очсон боловч эвлэрүүлэн зуучлагч дээр ороогүй би ганцаараа орсон энэ мэт худлаа бичиж болохгүй. Хүүхдээ хагалгаанд оруулахад 120 000 000 сая төгрөг хэрэгтэй байсан тул ах дүү, найз нөхөд, байгууллага компани гээд бүх л хүнээс хандив тусламж өгөхийг хүсэж гуйж, яваагүй газар уулзаагүй хүн байхгүй л болсон. Энэ үед Бямбажав мөнгө нэхсэн тул бараг л хандивт цугларсан мөнгөнөөс хадмууддаа хэлэлгүй 1 000 000 төгрөг илүүлчлэн өөрийнхөө ээжээр дамжуулан өгсөн. Тэрээр энэ 1 000 000 төгрөг авсан гэж нэхэмжлэлдээ бичиж, өмнө нь өгсөн 1 260 000 төгрөгөө бичээгүй байна. Харин шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл дээрээ бичсэн байна лээ. Бямбажав 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  нотиарт дээр уулзая гэж дуудсан, өөрөө ирээгүй дүүгээ явуулсан байсан. Дүү нь намайг дагуулаад Цэрэндулам гэдэг нотариатч дээр ороод зээлийн гэрээ батлуулах гэхэд нотариатч зээлж байгаа мөнгөө миний хажууд өгч авалцаад гэрээгээ батлуул гэсэн, би 2014 онд авсан мөнгө гэхэд нотариатч зээлийн гэрээг батлахгүй гэж хэлсэн. Ингээд дүү нь яваад өгсөн, гэтэл удалгүй 30 гаруй минутын дараа Бямбажав өөрөө үйлчилгээний төвийн нотариатч дээр хүрээд ир гэж дуудсан. Нотариатч дээр очиход Бямбажав ирчихсэн байсан. Гэрээг батлах үед нь Бямбажавт хандан би “миний дүү би чамаас 3 200 000 төгрөг аваагүй шүү дээ, 1 500 000 төгрөг л авсан тиймээс үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүүнд 1 700 000 төгрөг гэж бичих хэрэгтэй гэхэд нотариатч ингэж болохгүй шүү дээ гэж байсан. Харин Бямбажав намайг загнаж хүнээс авах болохоороо авчихаад өгөх болохоороо ингэж байх даа яадаг юм бэ гэх мэтээр янз бүрээр хэлж байсан. Тухайн үед хүүхэд хүнд өвчин тусаж, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон байсан тул аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан юм. Бямбажаваас зээлсэн нийтдээ 1 500 000 төгрөгийг би 2 260 000 төгрөг болгон эргүүлэн өгсөн. Үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүүнд 760 000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 2 940 000 төгрөгийг төлөхгүй, төлөх гээд ч боломж байхгүй, хүүхдээ 120 000 000 төгрөгний хагалгаанд оруулах гэж их хэмжээний мөнгө зээлсэн. Нөхөр бид 2 хоёулаа цалингийн зээлтэй байгаа. Хандив тусламж болон сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар хүүхэд маань хагалгаанд орж бие нь өдөр өдрөөр сайжирч байгаа. Амьдралд тохиолдсон аргагүй байдал маань үнэн юм шүү гэдгийг нотлохын тул хүү А.Төгөлдөрийг хагалгаанд оруулахын тулд хандив тусламж хүсэж байсан баримт болон тусламж өгсөн баримтыг эх хувиар үлдсэн 2 баримтыг хавсаргалаа. Нэхэмжлэгч Бямбажавын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Бямбажав нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 2 880 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 2 дугаар хуудас дахь зээлийн гэрээнд үндэслэсэн. Хариуцагч нь, би Бямбажаваас 2014 оны 05 дугаар сард 1 000 000 төгрөг, 2014-08-01-нд 500 000 төгрөг авсан. Би нийт 2 260 000 төгрөгийг Бямбажавт өгсөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 Ж.Бямбажав нь 2014 оны 05 дугаар сард 1,0 сая төгрөг, 2014-08-01-нд 500 000 төгрөгийг Д.Болормаад өгсөн, Д.Болормаа нь нийт 2 260 000 төгрөгийг Ж.Бямбажавт буцаан төлсөн талаар талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,    

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж.Бямбажав нь 1 500 000 төгрөгийг Д.Болормаад өгөхдөө албан ёсоор хүү тогтоож бичгийн хэлбэрээр гэрээ хийгээгүй тул хүү шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч, би мөнгийг Д.Болормаад өгөхдөө ломбардаас авч өгч байгаа гэдгээ хэлсэн, тийм учраас надаас хүүтэй нь нэхээд байгаа гэж тайлбарлаж байгаагаа нотлоогүй. Ломбардаас авсныг нь нотолсон баримт хэрэгт авагдаагүй.   

Зээлийн гэрээний хувьд /хэргийн 2 дугаар хуудас/ бодит байдал дээр 3 200 000 төгрөг Д.Болормаад шилжиж очоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд хуулийн энэ шаардлагад нийцээгүй, 3 200 000 төгрөгийг Д.Болормаад өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Тиймээс зээлийн гэрээний дагуу Д.Болормаагаас шаардах эрхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотариатын зардал, эвлэрүүлэн зуучлалд хандсан зэрэг нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Болормаагаас 2 880 000 төгрөг гаргуулах, Ж.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА