Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 92

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Я.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.П-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007910056 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг, ......... тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.П,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг, .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Я.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Я.Ц “...Би 2013 оны 06 сараас эхлэн П гэх залуутай хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд бид хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй бөгөөд гэрлэлтээ ч батлуулж амжаагүй байгаа. Дээрх хугацаанаас хойш П бид хоёр өдийг хүртэл 6 жил амьдрахдаа 3-4 удаа хэрүүл маргаан хийж, би түүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж бариулж байсан удаа бол байгаа. Гэхдээ энэ асуудалд миний өөрийн ч буруутай үйлдэл ч байгаа гэж бодож байна. Учир нь би өөрөө хааяа архи, пиво уучихдаг болохоор П архи уучхаараа энэ талаар ярьж надад уурлаж, надтай явган хэрүүл маргаан хийж байсан. Харин 2019 оны 02 сарын 28-ны орой П архи уучихсан гэртээ орж ирээд намайг хэл амаар доромжилж агсан согтуу тавьж, миний нуруу руу гараараа цохисон учир би цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулаад тухайн үед шүүхээр орж 14 хоногийн баривчилгаа авч гарч ирсэн. Ингэж зодохдоо миний биед гэмтэл учруулаагүй. Үүний дараа буюу 2019 оны 11 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт ээж аавынхаа газар дээр очоод ирэх замдаа найзуудтайгаа ганц нэг пиво уусан юм. Гэтэл П тэр өдөр Дархан-Уул аймгийн төв рүү нүүрс зарахаар орж ирж надтай хамт манай дүүгийн гэрт таарч намайг архи дарс уулаа гээд миний мөр лүү гараараа нэг удаа цохиж виза карт, гар утас булаацалдаж байгаад миний гар болон цээжинд гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч М.П “...П архи уухаараа л гэртээ байнга агсан согтуу тавьж Ц барьж авч зодоод байдаг юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 958 дугаартай “...Я.Ц биед цээжний баруун дээд хэсэг, зүүн мөр, зүүн бугалга, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 6 оноо буюу бага түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

М.П, хохирогч Я.Ц нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч М.П нь архи уулаа гэх шалтгаанаар хохирогчийн мөр, гар, цээжинд цус хуралт гэмтэл учруулах зэргээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн гарчигт учруулах гэсний өмнө “санаатай” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон боловч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцоогүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг заагласан шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, уг зүйл хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг  “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Я.Ц нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт М.П-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт М.П-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД