| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0014/э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-04-19 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 18
Д.Одгэрэлд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Мөнхтулга
Яллагдагч Д.Одгэрэл
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар шүүгчийн захирамжтай Д.Одгэрэлд холбогдох 201616000255 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Одгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр сургуулийн баруун талын гудамжинд Д.Ганболдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Д.Одгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлин 97.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Д.Одгэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616000255 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн мөрдөн байцаалт хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Улсын яллагч С.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалд хүү Д.Ганболдын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгч мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Хохирогч Д.Ганболд, гэрч Б.Энхтөр, гэрч С.Баяндэлгэр, гэрч Д.Гансүх нарын мэдүүлгүүдээр болсон үйлдлийг хангалттай нотлож өгөөгүй учраас прокуророос Д.Одгэрэлийн үйлдлийг сэжигтэн яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзсэн.
Гэтэл шүүгч захирамжиндаа яллагдагчийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгээс хүндрүүлэх байдлыг авч үзэж, хэт нэг талыг барьж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Яллагдагч Д.Одгэрэл нь хохирогч Д.Ганболдын биед хүнд гэмтэл санаатай учруулахыг хүсээгүй бөгөөд энэ нь түүний эцсийн зорилго биш байсан нь хавтас хэрэгт цугларсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог учир Д.Одгэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүгч Д.Одгэрэлийн эрх зүйн байдлыг дордуулж, санаатай хүнд гэмтэл учруулсан гэж хүндрүүлэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж хэргийг буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан нь хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан.
Гэрч Д.Батжаргал нь энэ эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй бөгөөд хүү Д.Ганболдын талаар эсрэг мэдүүлэг өгөөгүй. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаагч Г.Батболд нь гэрч Д.Батжаргалаас хохирогч Д.Ганболдын хувийн байдал болон хэрэг болох өдөр ямар байдалтай очсон талаар асуулт асууж, хариулт авсан ба түүний эрх зүйн байдлыг дордуулах талаарх асуултыг түүнээс асуугаагүй юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос:
Эсэргүүцэлдээ тодорхой дурьдсан байгаа болохоор эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна. Д.Одгэрэл нь хохирогч Д.Ганболдын биед хүнд гэмтэл санаатай учруулахыг хүсээгүй, энэ нь түүний эцсийн зорилго биш байсан нь хавтас хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог учир Д.Одгэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүгч Д.Одгэрэлийн эрх зүйн байдлыг дордуулж, санаатай хүнд гэмтэл учруулсан гэж хүндрүүлэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж хэргийг буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан нь хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан байгаа. Гэрч Д.Батжаргал нь энэ эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй бөгөөд хүү Д.Ганболдын талаар эсрэг мэдүүлэг өгөөгүй байдаг. Мөрдөн байцаагч Г.Батболд нь гэрч Д.Батжаргалаас хохирогч Д.Ганболдын хувийн байдал болон хэрэг болох өдөр ямар байдалтай очсон талаар асуулт асууж, хариулт авсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах талаарх асуултыг түүнээс асуугаагүй. Ээжээс нь асуухад миний хүү ойрд жаахан уудаг болсон байна лээ гэж энгийн асуулт, хариулт явагдсан байдаг. Мөн хохирогч өөрөө мэдүүлэхдээ Д.Одгэрэл намайг тэгтлээ их зодож, цохисон зүйл байхгүй. Миний ч бас буруутай үйлдэл байгаа гэж хэлсэн байдаг. Д.Одгэрэл нь өөрийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн й2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Д.Одгэрэлээс шүүхэд гаргасан тайлбартаа: Гаргах тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Д.Одгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр сургуулийн баруун талын гудамжинд Д.Ганболдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс Д.Одгэрэлд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:
Хохирогч Д.Ганболдоос 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20, 22
цагийн үед Одгэрэл, Энхтөр, Гансүх нартай 1 дүгээр арван жилийн хойд талд уулзалдаад юм яриад жаахан суусан. Бид нар нэг шил архи уугаад сууж байхдаа би Одгэрэлтэй гар утасны үнэнээс болоод маргалдсан. Одгэрэл намайг түлхсэн чинь би газар унахдаа тархиараа чулуу мөргөөд унасан, түлхэх шиг болсон би газар толгойгоороо унаад юу болсныг санахгүй байгаа юм. Намайг ухаан алдсан байхад хэн нь ч юм бэ нэг нь 103 дээр очиж үзүүлээд гэр лүү хүргэж өгсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-15/
Гэрч Б.Энхтөрийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн ...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Жаал уулд хоноод өглөө 12 цагийн үед гэрээсээ гараад худалдааны төв дээр ирээд Очир худалдааны төвийн үүдэнд Гансүхтэй таарсан. Бид хоёр тэнд зогсож байгаад 90 ортын зүүн өмнө талд Илгээлтийн байрны арын засмал замаар Зүүнсайхны 1а-8 тоот руу айлд очих гээд явж байхад Одгэрэлтэй таарсан.
...Бид гурав нийлээд 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талаар гудамжаар гараад хойд талд нүх ухсан, овоолсон шорооны өмнө талд очоод нөгөө архиа уугаад сууж байсан. Араас Ганболд нэлээд согтуу Баянаатай хамт ирэхээр нь бид гурав архиа харамлаад Баянаа Ганболд хоёрыг яв яв гэж хөөсөн. Нөгөө хоёр явахгүй байсан чинь Одгэрэл за за адилхан эр хүмүүс байна наашаа суу гэж хэлээд нөгөө архиа хамтдаа ууж байхад Одгэрэл, Ганболд хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ...Ганболд Одгэрэл хоёр өөд өөдөөсөө хараад зогсчихсон Одгэрэл нь Ганболдыг баруун гараараа цээж рүү нь цохиод авсан. Ганболд арагшаагаа саваад суугаад унасан. ...Гансүх бид хоёр Ганболдыг босгох гэхэд тэр босохгүй ухаан алдсан юм шиг байгаад байхаар нь түргэн дуудсан. Түргэний эмч жолоочтой хамт ирээд Ганболдыг үзээд эмнэлэг авч явна гэж хэлж байсан. Гансүх бид хоёр гэрлүүгээ явсан.
...Одгэрэл архиа харамлаж хөөсөн чинь Ганболд уурлаад байсан. Архинаас болоод Ганболд Одгэрэл хоёр маргалдсан /хх-18/ гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн ...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ганболдыг Одгэрэл цээж рүү нь гарын тохойны дотор талаар нь ёвирох шиг л болсон чинь Ганболд арагшаагаа саваад унасан гэсэн мэдүүлэг /хх-20/
Гэрч С.Баяндэлгэрийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн ...9 дүгээр цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамжаар араас Ганболд нэлээд согтуу хүрээд ирсэн. Одгэрэл бид хоёр хоорондоо би архи ууна уухгүй гээд маргалдаж байгаа юм шиг болсон. Ерөнхийдөө Ганболдоос архи харамласан юм. ...Ганболд хоёр удаа архи уучихаад Одгэрэлийг өдөөд чи архиа харамлаад байна гэж баахан юм хэлээд байсан. Би хажуу тийшээгээ бөөлжих гэж байхад Одгэрэл Ганболд Гөө гурав зогсож байсан. Тэр хооронд Одгэрэл Ганболдыг түлхэх шиг болсон чинь Ганболд гэдэргээ саваад унасан. Маргааш нь Ганболд түргэний машинаар гэртээ хүргүүлсэн гэж Гансүх надад хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-21/,
Гэрч Д.Гансүхийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн ...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Одгэрэл, Энхтөр нартай 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамжаар яваад ухсан нүхний шороон дээр
суугаад архиа задлаад уух гэж байхад араас Баянаа хүрээд ирсэн. Нөгөө архинаасаа нэг нэг татчихаад сууж байхад Ганболд ах хүрээд ирсэн. Одгэрэл Ганболд ахтай хэрэлдсэн чинь Одгэрэл түүний цээж рүү цохих шиг болсон чинь Ганболд ах газар арагшаагаа саваад унасан. Тэгээд босохгүй байсан. Жаахан өндийхөөр нь би түүнийг өндийлгөөд шороо налуулсан.
...Би Энхтөрийн утсаар түргэн дуудсан. Түргэний машин ирэхэд би эмчид энэ хүн арагшаагаа садаад унасан босохгүй байна гэж хэлэхэд эмч цагдаа дуудна гэсэн. Би Ганболдыг эмчид үлдээгээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-22/,
Гэрч Д.Гансүхийн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн ...Ганболдыг Одгэрэл цээж рүү нь нэг түлхэх шиг болсон чинь Ганболд ах арагшаагаа саваад унасан гэсэн мэдүүлэг /хх-23/,
Гэрч Н.Бадамхандын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн ...Би тэр өдөр ээлжтэй байсан. 14 цаг 17 минутанд 1 дүгээр арван жилийн баруун талд шорооны хажуу талд нэг хүн ухаан алдаад унасан байсан гэж Гансүх гэдэг хүн түргэн тусламжид дуудлага өгсөн.
Дуудлага өгсөн газар дээр очиход гурван согтуу хүн байсан. Намайг Ганболд харсанаа ухаан алдаж унаж байгаа дүр эсгэсэн. Ганболд маш их согтуу байсан болохоор би цагдаад дуудлага өгөөд явсан. Ил харагдах шарх сорви цус гоожсон зүйл байгаагүй. Би Ганболдыг үзээд явахад тэр ганцаараа 1 дүгээр арван жилийн баруун талд хашаан дотор үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-26/ зэргээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зэргийг мөрдөн байцаалтын явцад нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15, 20, 22 цагийн үед” гэж, гэмт хэргийг “архи харамласан, гар утасны үнэнээс болоод маргалдсан” гэж, Д.Одгэрэлийн хийсэн үйлдлийг “түлхсэн чинь би газар унахдаа тархиараа чулуу мөргөөд унасан, түлхэх шиг болсон, баруун гараараа цээж рүү нь цохиод авсан, цээж рүү нь гарын тохойны дотор талаар нь ёвирох шиг л болсон, түлхэх шиг болсон гэх мэтээр хохирогч, гэрч нар зөрүүтэй мэдүүлсэн байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан “гаргасан мэдүүлэгт нь ноцтой зөрөө байвал сэжигтэн, яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг мөрдөн байцаагч нүүрэлдүүлж байцаах эрхтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, гэрч Н.Бадамхандын ...Ганболд маш их согтуу байсан болохоор би цагдаад дуудлага өгөөд явсан. Ил харагдах шарх сорви цус гоожсон зүйл байгаагүй. Би Ганболдыг үзээд явахад тэр ганцаараа 1 дүгээр арван жилийн баруун талд хашаан дотор үлдсэн гэсэн мэдүүлэгээс үзэхэд цагдаа дуудлагаар очсон эсэх, хохирогч гэртээ яаж очсон, ганцаараа үлдсэнээс хойш биедээ гэмтэл авсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй
хүнийг гэрч гэж зааснаас үзэхэд мөрдөн байцаалтын явцад гэрчээр байцаагдсан Д.Батжаргал /хх-25/ нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлээгүй учир “мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалд хүү Д.Ганболдын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгч мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээс “гэрч Д.Батжаргалаас хохирогч Д.Ганболдын хувийн байдал болон хэрэг болох өдөр ямар байдалтай очсон талаар асуулт асууж хариулт авсан ба түүний эрх зүйн байдлыг дордуулах талаар асуулт асуугаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагаануудаас гадна магадлалд дурдсан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүссэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Улсын яллагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Хэргийг прокурорт очтол Д.Одгэрэлд авсан бусдын хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Х.ГЭРЭЛМАА