Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0396

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Э т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Г.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдлын дагуу “Э т” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид  холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан “Э т” ХХК-д “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь “П” ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэжмлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Э т” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Б нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэг. “Э т” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар “зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах ( 106.3.1 ) нэхэмжлэл гаргасан.

1. Учир нь “Э т” ХХК-ийн импортолсон утааны шингэн нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарахгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баталсан “химийн хорт болон аюултай бодисын, хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалт”-д байхгүй.

2. Шүүхээс томилсон хими, хими технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг утааны шингэн нь “хортой болон аюултай бодис” гэдэгт хамаараагүй. Иймд тусгай зөвшөөрөл шаардагдахгүй.

3. Бодит амьдрал дээр үйлдвэрлэгчээс зориулалтын дагуу савлагдсан утааны шингэнийг дэлхий даяар төдийгүй Монгол улсад улсын болон хувийн өмчит соёл урлагын байгууллагууд тусгай зөвшөөрөлгүйгээр, шоу арга хэмжээнд ашиглаж, хэрэглэж байна. Хувь хүмүүс ч хилээр оруулж ирэн гадуур саадгүй худалдаж байна. Хэрэв хортой, аюултай бодис юм бол их л олон тооны хүн үхсэн байх учиртай.

4. Мөн “Э т” ХХК нь импортолсон утааны шингэнээ “байцаагч битүүмжилсан учир” худалдаагүй, бүрэн бүтнээрээ байгаа. Гэтэл улсын байцаагч “худалдсан” гэж арга хэмжээ авсан. (Шийтгэвэрийн хууль зүйн үндэслэлийг харна уу) Худалдаагүй байхад “худалдсан” гэж арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй.

Хоёр. “П” ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаас өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгргөөр торгохыг даалгах (106.3.4) нэхэмжлэл гаргасан.

5. Учир нь “Э т ” ХХК-ийн импортолсонтой яг ижилхэн утааны шингэнийг “тусгай зөвшөөрөлгүйгээр” (өмнө авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан) худалдсан “П” ХХК-ийн үйлдэлд “Э т” ххк гомдол гаргахад улсын байцаагч Г.Удвал нь Пийг өмөөрч “худалдаагүй” гэж шүүхэд мэдүүлсэн. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үед утааны шингэнийг бусдад “худалдсан” “П” ХХК-ийн зарлагын падааныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөний дараа “худалдаагүй” гэж ярихаа больсон бөгөөд сунгуулах хүсэлт гаргасан учраас тусгай зөвшөөрөлтэй гэж үзсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Учир нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл байхгүй гэсэн үг. Ийм учраас адилхан 3 сая төгрөгөөр торгох ёстой.

6. Харин утааны шингэн хоргүй, аюулгүй учраас тусгай зөвшөөрөл шаардагдахгүй гэвэл “П” ХХК-ийг 3 сая төгрөгөөр торгох шаардлагагүй. Өмнө нь тусгай зөвшөөрөл гаргуулан авсан нь тэдний өөрсдийн хүсэл зориг.

7. Мөн “П” ХХК-ийг өөр зөрчлөөр шалгаж, 300 мянган төгрөгөөр торгосон арга хэмжээг дээр дурьдсан зөрчилтэй хольж хутгаж болохгүй. Иймд хийн шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй учир үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргаж байна  Мөн шүүхийн шийдвэр “хууль ёсны байх” шаардлагыг дараахь байдлаар хангасангүй.

8. Учир нь шүүх манай нэхэмжлэлийн 1-р шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06/8613 дугаар , Гаалийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны 02-1/105 дугаар, зөрчилд холбогдогчийн мэдүүлэг авсан тэмдэглэлээс тус тус үзэхэд ...” гэжээ. Гэтэл эдгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга П.Ц, Гаалийн ерөнхий газрын дарга П.Б нарын гарын үсэгтэй албан бичиг нь аж ахуйн үйл ажиллагааг “тусгай зөвшөөрөлтэй эрхлэх” үндэслэл биш юм .

9. Учир нь химийн болон хорт бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-д “тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох , экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж заасан байна. Энд “химийн хорт болон аюултай бодис” гэж заасан байна.

10. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.6-д “Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн баталгаажуулах арга хэмжээ авч олон улсын байгууллагад мэдээлэх”, 6.4-д “Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна. Энд мөн л “химийн хорт болон аюултай бодис” гэж заасан байна.

11. Гэтэл эдгээр хууль болон албан бичигт дурьдагдаад байгаа “химийн хорт болон аюултай бодис” болон “жагсаалт” гэдэгт “Э т” ХХК-ийн импортолсон “утааны шингэн” хамаарахгүй, жагсаалтад алга байна. Харин “химийн хорт болон аюултай бодис” гэсэн ерөнхий нэр томъёо, хий үзэгдэл яригдаад байна.

12. Энэхүү “химийн хорт болон аюултай бодис” гэсэн хий үзэгдлийг няцаасан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох албан бичгүүдийн агуулгыг үгүйсгэсэн хими, хими технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг /шүүхийн журмаар томилогдсон/ шүүх огт үнэлэлгүй орхигдуулсан. Хэрэгт хамааралтай, маш их ач холбогдолтой, хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт хавсаргагдсан энэ нотлох баримтын талаар шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, бодитойгоор харьцуулан үзэх зарчмыг зөрчсөн.

13. Шүүх мөн “тусгай зөвшөөрөл зайлшгүй авах шаардлагатай гэдгийг удаа дараа сануул мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Э т” ХХК-д хүргүүлж байсныг дурьдах нь зүйтэй” гэсэн байна. Утааны шингэн хил, гаалиар ороод ирсэн, маргаан Үүссэн хойно “сануулсан мэдэгдэл” өгсөн байхад шүүх өмнө нь сануулж байсан мэтээр буруу дүгнэсэн байна.

14. Манай нэхэмжлэлийн 2-р шаардлагын хувьд шүүх мөн “П” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэсэн байна. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн гэх “ П” ХХК-ийн /2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр/ сунгуулах хүсэлт гэх баримт нь эргэлзээтэй, 2 жил гаруй хугацаанд шийдвэрлэгдээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргэгдээгүй, зохиомол бичиг байна.

15. Хууль зүйн хувьд аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад, эрх бүхий байгууллагаас сунгасан тухай шийдвэр гараагүй үед” хугацаа дууссан л бол тухайн үйл ажиллагааг эрхлэх ёсгүй, зогсох учиртай. Хүсэлт өгсөн учир тусгай зөвшөөрлийг “сунгагдсан гэж тооцох” буюу “тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлж болно” гэсэн хуулийн зохицуулалт ямар ч хуульд байхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр манай гомдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдол гаргагч “Э т” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь “П” ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэг. “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “П” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдлын дагуу  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У “Э т” ХХК-ийн “Шоутек” хөгжмийн дэлгүүрт Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, утааны шингэн бодисыг химийн бодис импортлох, худалдах тусгай зөвшөөрөлгүй, зориулалтын стандартын шаардлага хангасан агуулахад хадгалаагүй, тухайн бодисын хор аюулын лавлах мэдээллийг ил байрлуулаагүй зөрчлүүдийг илрүүлж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Э т” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ гэж  тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл,  шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг” 3.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг” ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно”, Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд,  Гадаад харилцааны сайдын  2009 оны  334/104 дүгээр хамтарсан  тушаалын  хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлт, иргэний  өргөдлийг үндэслэн  дараахь  зөвшөөрлийг олгоно”, 2.1.1.1-д “химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 379 дүгээр тогтоолын 3/-д “Химийн хорт болон аюултай бодис (Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орсон бодис хамаарахгүй)”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 5.11 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих, мөн зүйлийн 1.6 дахь хэсэгт “хадгалах” 1.7 дахь хэсэгт “худалдах” гэж тус тус заасан.

Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзэхэд химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүний жагсаалтад орсон бодисоос бусад химийн бодис, химийн бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хуульд тусгайлан заасны дотор тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, худалдах тохиолдлуудыг хуульчилсан, ийнхүү тусгай зөвшөөрөлгүйгээр хуульд заасан хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах зэргээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий албан тушаалтан хариуцлага ногдуулахаар  хуульчилсан байна.

 Гомдол гаргагч нь “Хөгжим гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн сэлбэгийн худалдаа, засвар”-ын үйл ажиллагаа явуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 02-2091006-19-I00763R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 3 төрлийн утаа гаргагчийн бэлдмэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1.4-д заагдсан энэ журмаар зохицуулагдахгүй химийн бодис химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалтын 2.1.4.11-д заагдсан “Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис шингэнүүд”-д хамааруулан тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн, гомдол гаргагчаас анхнаасаа  “Шоутек” хөгжмийн дэлгүүрт худалдаалж байсан талаар маргаагүй, “... утааны шингэнийг ... шаардлагатай баримт, материалыг бүрдүүлж ... байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөлгүй ... талаар 2019 онд 13/4283 дугаар Ерөнхий дүгнэлт авсан ... уг дүгнэлтийг үндэслэн ... ахуйн химийн бодис, шингэнүүд гэж ойлгон ... импортолж оруулж ирсэн ... Хил гаалийн хяналтаас химийн хорт болон аюултай бодис гэж үзэхгүйгээр ... тайзны зориулалттай усан суурьтай хор хөнөөлгүй шингэн гэж үзэн хилээр нэвтрүүлсэн ... нэг компанийн эрх ашгийн төлөө захиалгаар манай компанийг торгож байгаа бөгөөд уг шалгалтад хамрагдсан манайхаас бусад байгууллага нь ямар ч хор аюулгүйн лавлах мэдээлэл бичиг баримтгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хил гаалиар хууль бусаар нуун оруулж ирж, худалдаалж байсан байгууллагуудыг хувь хүн гэж үзэн 300,000 төгрөгөөр торгон харин хууль журмын дагуу татвар хураамжаа төлөн оруулж ирсэн манай байгууллагыг 3,000,000 төгрөгөөр торгож байгаа нь ... Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... гэх хуулийн үндсэн зорилго болох шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцэхгүй ... хуулийн шударга ёсны зарчимд хохирлын хэмжээнд тохирсон байна гэж заасантай нийцэхгүй ... “П” ХХК-ийн ашиг сонирхлоос шалтгаалан манай компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт эрс буурч цаашид уг бүтээгдэхүүнийг захиалан борлуулах эрх хязгаарлагдаж байна ...” гэсэн үндэслэлээр маргажээ.

“Э т” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэн, худалдаалсан гэх бэлдмэлүүд нь дээрх хууль болон журамд заасан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүний жагсаалтад ороогүй болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 06/8613 дугаар /1хх-95/, Гаалийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02-1/105 дугаар /1хх-97/ албан бичгүүд, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1902000641 дугаар Зөрчлийн хэргийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон, тус химийн бодис, бэлдмэлийг савласнаас үл хамааран Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байх тул химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй, уг шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймээс гомдол гаргагчийн “... “Э т” ХХК-ийн импортолсон утааны шингэн нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарахгүй ... үйлдвэрлэгчээс зориулалтын дагуу савлагдсан утааны шингэнийг дэлхий даяар төдийгүй Монгол Улсын болон хувийн өмчит соёл урлагийн байгууллагууд тусгай зөвшөөрөлгүйгээр, шоу арга хэмжээнд ашиглаж, хэрэглэж байна ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга П.Ц, Гаалийн ерөнхий газрын дарга П.Б нарын гарын үсэгтэй албан бичиг нь аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үндэслэл биш ... “химийн хорт болон аюултай бодис” болон “жагсаалт” гэдэгт “Э т” ХХК-ийн импортолсон “утааны шингэн” хамаарахгүй, жагсаалтад алга ... шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох албан бичгүүдийн агуулгыг үгүйсгэсэн хими, хими технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг ... шүүх огт үнэлэлгүй орхигдуулсан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “худалдах” гэж заасныг үндэслэн “Э т” ХХК-д 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан бөгөөд гомдол гаргагч анхнаасаа “... “Э т” ХХК нь импортолсон утааны шингэнээ “байцаагч битүүмжилсэн учир” худалдаагүй, бүрэн бүтнээрээ байгаа ...” гэж маргаагүй, энэ талаарх баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй, гомдол гаргагчийн импортолсон бэлдмэл нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүй импортлогдсон нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг буруу гэж үзэхгүй, гомдол гаргагчийн “...“Э т” ХХК нь импортолсон утааны шингэнээ “байцаагч битүүмжилсэн учир” худалдаагүй, бүрэн бүтнээрээ байгаа ... улсын байцаагч ... худалдаагүй байхад “худалдсан” гэж арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй ...” гэх давж заалдах гомдлын хүрээнд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь “П” ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах” гомдлын шаардлагын тухайд:

“Э т” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт гаргасан гомдлын дагуу “П” ХХК-д бичиг баримтын болон химийн бодисын ашиглалт, хадгалалт, агуулахын байдалд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавиагүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0157221 дүгээр шийтгэлийн хуудсаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/83 /1хх-42/ дугаар тусгай зөвшөөрөл, “П” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан “... 2016/83 дугаартай ... тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул сунгаж өгнө үү ...” гэх хүсэлт /1хх-209/ болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 10-200806 дугаар материалд авагдсан баримтуудаас үзэхэд “П” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр утааны шингэн бодисыг импортлох үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон байх бөгөөд тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дууссанаар тусгай зөвшөөрлийн сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан болох нь тогтоогдсон байх тул шүүх “ ... “П” ХХК-д Химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад бус Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д ... гэснийг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт ... гэж заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан нь үндэслэлтэй ... “П” ХХК нь ... тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байсан ... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна ... ” гэж дүгнэсэн нь буруу биш, хариуцагч улсын байцаагчийн “П” ХХК-д хийсэн хяналт, шалгалтаар “П ХХК-д Химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад бус Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавина” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавиагүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн “... тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл байхгүй гэсэн үг ... шийдвэрийн үндэслэл болсон, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн гэх “П” ХХК-ийн ... сунгуулах хүсэлт гэх баримт нь эргэлзээтэй, 2 жил гаруй хугацаанд шийдвэрлэгдээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргэгдээгүй, зохиомол бичиг ... хүсэлт өгсөн учир тусгай зөвшөөрлийг “сунгагдсан гэж тооцох” буюу “тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлж болно” гэсэн хуулийн зохицуулалт ямар ч хуульд байхгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ