Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 946

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Н.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын гэрээт ажилтан Д.Г, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Н.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т” ХХК нь “Э” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зарласан ИБХ-2017БҮ1.5.4 дугаартай Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ1а, 1-8 тээрмийн зөөлөн салгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцож, хамгийн сайн үзүүлэлттэй тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх авсан. 

Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн зарласан тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шинээр нээлттэй тендер зарлах шийдвэр гаргалаа. Дээрх актыг хууль бус гэж үзэж болох байдал нь дараахь үндэслэлээр нотлогдоно. 

Нээлттэй тендерт ялж гэрээ байгуулах эрх авсан байсан “Т” ХХК-ийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, зөвхөн “О” ХХК-ийг оролцуулсан. “О” ХХК-ийн гомдлын хүрээнээс хальж нээлттэй тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон.

Сангийн яам захиалагчийн худалдан авах ажиллагааны баримт бичгийг хуульд нийцсэн эсэх, бараа худалдан авах эсвэл ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлах талаар оны эхэнд хянаж арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах үүрэгтэй атал ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлагдан гүйцэтгэгч шалгарсан байхад хүчингүй болгож байгаа нь “Т” ХХК-ийн эрхийг зөрчиж гаргасан шийдвэр байна.

“Т” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг эх хувиар нь биш хуулбарлан хүргүүлсэн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2-т эх хувиар ирүүлэхийг шаардаагүй байгаа учраас “Т” ХХК-ийн баримт бичгийн бүрдэл нь зөв бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2-т заасныг бүрэн хангаж байна гэж үзэж байна. 

Хэрэв Сангийн яам нь гомдлыг “хянан хэлэлцэж”, “талуудыг оролцуулах” хуулийн шаардлагыг биелүүлсэн бол “Т” ХХК нь өр төлбөргүй гэдгээ нотлох баримтын эх хувийг авч өгөх боломжтой байсан. Мөн манай тендерийн бичиг баримт бичиг бүрдүүлсэн мэргэжилтэн, инженер н.Э нь эх хувь биш хуулбар хувийг яагаад хийсэн гэдгээ мэдэхгүй байгаа. Олон бичиг баримт дунд санахгүй байгаа зүйл байгаа учраас үндэслэлтэй гэж үзэж байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д “ “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно” гэсэн бөгөөд энд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг солих ба суурилуулалтын ажлыг оруулаагүй байгааг анхаараагүй байна.

Хэрэв энэ маргаан бүхий тендер нь “бараа нийлүүлэх” тендер байсан бол “тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” ба Хөндлөнгийн лабораторийн туршилт, Үйлдвэрлэгчийн сургалтын төвд хийх сургалт ба баталгаат хугацаа заагдахгүй болох, Үйлдвэрийн тээрмүүдтэй холбож ажилд оруулах үед үйлдвэрлэгчийн инженерийн хийх хяналт, заавар, тохируулгын программуудын холболт зэрэг гол ажил нь орхигдоход хүрч, тоног төхөөрөмжийг ашиглах технологийн нөхцөл бүрдэхгүй байх болно. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын захиргааны актад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. “Э” ХХК-иас зарласан маргаан бүхий худалдан авалтын “Ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг”-т ямар нэгэн үнэ, ажлын үнэ, барааны үнийг заагаагүй, харин “Т” ХХК-ийн тендерийн баримт бичигт үнэ бичигдэж ирсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Т” ХХК-ийн тендерийн баримт бичигт тусгагдсан үнийн хуваарилалтыг харж захиалагчийг Тендерийн баримт бичгийг “ажил” гэж буруу боловсруулсан байна гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 49 дүгээр зүйлийн 49.6-д заасны дагуу төлөвлөх ба тайлагнах журмыг Сангийн сайд баталж, хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийн дагуу Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 264 дүгээр тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх ба тайлагнах” журмын 2.10-д заасны дагуу Сангийн яам хянаж, Сангийн яамны “e-procurement.mn” /tender.gov.mn/ цахим хуудсанд байршуулж, хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д заасан “захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх” гэсэн хуулиар хүлээсэн бүрэн эрхийн дагуу “Э” ХХК-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг авч цахим хуудсанд байршуулахдаа ямар төрлийн худалдан авалт хийж байгаа талаар хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. 

Иймд “Э” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зарласан ИБХ-2017БҮ1.5.4 дугаартай Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ1а, 1-8 тээрмийн зөөлөн салгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, Б.Сугармаа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “О” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 131 дүгээр албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас зарласан “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 1а, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих” ИБХ2017/БҮ1.5.4 дугаар тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан.

Ийнхүү тус яам захиалагчтай тухайн өдөр утсаар холбогдон холбогдох материалуудыг тус яаманд ирүүлэх шаардлагатайг хариуцсан этгээдэд нь хэлсэн бөгөөд гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/5514 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байна.

Ингээд тус яам нь захиалагчаас ирүүлсэн материалуудад үндэслэн тухайн  “О” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзэж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу 14 хоногт багтаан шийдвэрлэж хариуг хүргүүлсэн байна.

“О” ХХК нь гаргасан гомдлын үндэслэлдээ “Манай компани нь захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлсэн хэдий ч захиалагч манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна мөн тухайн тендерт оролцогчдын материал хуульд нийцсэн эсэх, тендерийн хорооны материал хууль, журамд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаж өгнө үү” гэж дурдсан байх бөгөөд ийнхүү тус яам нь тухайн гаргасан гомдлын дагуу тухайн тендер шалгаруулалт нь бүхэлдээ хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж үзсэн болно.

Захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлсэн “Т” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтыг эх хувиар биш хуулбарлан ирүүлсэн байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2-т заасныг хангаагүй тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу захиалагч тухайн тендерээс татгалзах эрхтэй байна. Гэтэл захиалагч дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчин “Т” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон байгаа нь хуулийг зөрчсөн шийдвэр гаргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь өөрөө төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай, ил тод, хэмнэлтэй зарцуулах, худалдан авах харилцааг тусгайлан буюу нарийвчлан зохицуулдаг хууль бөгөөд тухайн хуулинд тендер шалгаруулалттай холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Сангийн яамны тендер шалгаруулалттай холбоотой гомдол маргааныг хянан үзэж шийдвэрлэх үйл ажиллагаа нь тухайлсан хуулиар зохицуулагдсан байдаг тул тендерт шалгарсан “Т” ХХК-ийг тендер шалгаруулалтын маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, тухайн тендер шалгаруулалтыг анхнаасаа хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу “барааны” тендер шалгаруулалт байхад захиалагч тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн дагуу боловсруулан тендер шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль бус шийдвэр тул тус яамнаас тухайн зөрчлийг нь дурдаж, захиалагчийн гаргасан алдаатай шийдвэрийг гомдол хянан үзэх шатанд залруулсан байна. Тухайн төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн 90 гаруй хувь нь тухайн цахилгаан тоног төхөөрөмжийн үнэ бөгөөд харин суурилуулах ажил нь нийт төсөвт өртөгийн 10 хүрэхгүй хувь байсан. 

Тухайн тендер шалгаруулалтыг “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн дагуу явуулснаар захиалагч нь тендерт оролцогчдоос “Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн зөвшөөрөл” маягтын дагуу шаардах боломжгүй бөгөөд ийнхүү үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчийн зөвшөөрөл шаардаагүйгээс үүдэн албан ёсны зөвшөөрөлгүй тоног төхөөрөмжийг захиалагч худалдан авч  дараа нь үүнээс үүдэх бүх эрсдэлийг захиалагч буюу төр өөрөө үүрэх болж байгаа юм.

Тухайн “Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн зөвшөөрөл”-ийн маягт нь зөвхөн Сангийн сайдын  2012 оны 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-т агуулагдсан байдаг тул тус яамнаас хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасан эрхийнхээ дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон.

Сангийн яам нь Захиалагчийн худалдан авах ажиллагааны баримт бичгийг хуульд нийцсэн эсэх, ямар тендер зарлах талаар оны эхэнд хянаж, арга зүйн зөвлөмж өгөх үүргийг аль ч хуулиар хүлээгээгүй. Харин захиалагч тухайн тендер шалгаруулалтыг анх зарлан явуулахаас өмнө тус яамнаас уг тендер шалгаруулалттай холбоотой арга зүйн зөвлөмж, чиглэлийг бичгээр хандан авах боломжтой байсан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “ “О” ХХК-ийн гомдлын хүрээнээс хальж тендерийг бүхэлд нь хүчингүй болгож “Т” ХХК-ийн эрхийг зөрчсөн, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийг оролцуулаагүй, Сангийн яам оны эхэнд бараа худалдан авах, эсвэл ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлах талаар захиалагчид арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлагаар хангах үүрэгтэй байсан” гэж маргаж буй тухайд: 

1. “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/569 дүгээр  тушаалаар “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороог байгуулжээ. 

Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар “хамгийн бага” харьцуулах үнэ ирүүлсэн “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн ба харин тендерт оролцогч “О” ХХК-д “тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан” тухай мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд тус компани Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  Сангийн яаманд гомдол гаргасан байна.

Сангийн яам гомдлыг хянан хэлэлцээд Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/5738 дугаар албан бичгээр “...“О” ХХК нь ...ТОӨЗ 5.2 д, 5.3 б-д тус тус заасныг хангахгүй, “Т” ХХК нь ...ТОӨЗ 4.2-д заасныг хангаагүй байна. Түүнчлэн тухайн тендер шалгаруулалт нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу барааны тендер шалгаруулалт байхад ...Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулан ...тул дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэн, захиалагч “Э” ХХК болон гомдол гаргагч “О” ХХК-д хүргүүлжээ. 

 Ингээд уг тендерт шалгарсан “Т” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж энэ хуулиар зохицуулагдах харилцааг тодорхойлсон байна. 

Дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зөвхөн гэрээ байгуулагдахаас өмнө гаргасан гомдлыг 14 хоногт багтаан хянан хэлэлцэх ба харин уг гомдлын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд буюу тендерт оролцогчид мэдэгдэх, тэднээс тайлбар авсны үндсэн дээр гомдлыг хянан шийдвэрлэх талаар хуулиар үүрэг болгоогүй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, уг гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан тул тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдахгүй болно. 

Мөн хуулийн 54 дүгээр зүйлд “Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх” ажиллагааг зохицуулсан байх ба энэхүү зохицуулалт нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон талаарх Сангийн яаманд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байна. 

Түүнчлэн Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам нь зөвхөн тендерт оролцогчийн гаргасан гомдлын хүрээнд бус хууль, журам болон тендерийн баримт бичигт заагдсаны дагуу уг тендер шалгаруулалт явагдсан эсэхийг бүхэлд нь хянан шалгах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

2. Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар “Тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон” шийдвэрийн тухайд: 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ”тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ гэж заажээ.

Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн, Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг баримтлан “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих нээлттэй тендер шалгаруулалтын ажил”-ын тендерийн баримт бичгийг боловсруулсан байх ба уг тендерийн баримт бичгийг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баталсан байна.

Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр “Т” ХХК нь тендерт “хамгийн бага” үнэ буюу 2,395,547,000 төгрөгийн санал ирүүлэн шалгарсан байх тул Захиалагчаас гэрээ байгуулах эрх олгожээ . 

Маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/5738 дугаар  албан бичгээр “...“Т” ХХК нь ...ТОӨЗ 4.2-д заасныг хангаагүй байна. Түүнчлэн тухайн тендер шалгаруулалт нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу барааны тендер шалгаруулалт байхад ...Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулан ...тул дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Захиалагч “Э” ХХК нь “...тоног төхөөрөмжийг солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер гэж Урилгыг  нийтэд зарлан мэдээлж, Тендерийн үнэлгээний хороо “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих ажил”-ын тендер шалгаруулалтыг зохион байгуулсан нь хууль бус болох нь Сангийн яам “О” ХХК-иас гаргасан гомдлын дагуу тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хянан үзэх явцад тогтоогдсон байна. 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн “цахилгаан тоног төхөөрөмжийг худалдан авах, солих тендерт өгөх үнийн санал”-ын задаргаанаас  үзвэл а) тоног төхөөрөмж худалдан авахад 2,038,770,000 төгрөг, б) VFD-ын дагалдах сэлбэг хэрэгсэлд 35,600,000 төгрөг, в) дагалдах баримт бичигт 19,000,000 төгрөг, г) тооцоолох, суурилуулах ажилд 84,400,000 төгрөг (63,400,000+21,000,000), д) НӨАТ 217,777,000 төгрөг, нийт 2,395,547,000 төгрөгийг тус тус төсөвлөсөн байна. 

Үүнээс үзэхэд “Т” ХХК нь тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт тусгагдсан техникийн даалгаварт  заагдсан Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг хэрэгслийг (2,038,770,000+35,600,000+19,000,000) 2,093,370,000 төгрөгөөр худалдан авах санал ирүүлсэн. Харин дээрх тоног төхөөрөмжийг сольж суурилуулах ажил, цалин хөлс, бусад зардал 84,400,000 төгрөг, НӨАТ 217,777,000 төгрөг байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-д ”бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно”, 5.1.11-д “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно” гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд “Т” ХХК нь Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмж буюу “бараа” худалдан авах үнэ нь суурилуулах “ажлын” үнээс (2,093,370,000-84,400,000=) 2,008,970,000 төгрөгөөр их байна.

Гэтэл захиалагчаас “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих ажил”-ын тендер шалгаруулалтыг зохион байгуулсан нь дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д “...Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно” гэж заасныг зөрчсөн байх тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “барааны тендер шалгаруулалт байхад ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг боловсруулан, тендерийг зохион байгуулсан нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Түүнчлэн захиалагч “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ХБ-114-12/1270 дугаар  албан бичгээр “...Сангийн яамны 2017 оны “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/5738 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж байна...Тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон бөгөөд шүүхэд гомдол гаргасан тул...дахин зохион байгуулах ажиллагаа хийгдээгүй болно...тухайн тендерт Сангийн яамнаас арга зүйн зөвлөмж, зааварчилгаа аваагүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлснээс үзэхэд захиалагч нь “ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтыг зохион байгуулсан энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд хүрч байна. 

Энэхүү тендер шалгаруулалтын гол зорилго бол “Э” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч, сольж суурилуулах юм.  

Нэхэмжлэгчээс “...5.1.11-д заасан “ажил”-д орохгүй бол 5.1.13-д заасан “бусад ажил” гэдэгт орно” гэж тайлбарлан маргах боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13-д ”тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” гэж энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга хийх ажлыг” хэлнэ гэж заасан ба энэхүү тендер нь “Э” ХХК-д тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах ажил бөгөөд уг бараа нийлүүлэлтийн үнэ нь суурилуулах ажлын үнээс 2,008,970,000 төгрөгөөр их байх тул хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу ямар ч нөхцөлд “барааны” тендер шалгаруулалт гэж үзнэ.  

Иймээс хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасны дагуу “тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцэж байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тендерийн баримт бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олгосон тодорхойлолтыг эх хувиас нь хуулбарлан хүргүүлсэн байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ын 4.2-т заасан уг тодорхойлолтыг огт ирүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд энэ нь уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “Захиргааны акт нь утга агуулгын хувьд алдаатай, ...хэлбэрийн хувьд хууль зөрчсөн, ...илт хууль бус акт байна” гэх агуулгатай тайлбар гаргах ба шүүхэд яг ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буйг тодруулахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.1-д зааснаар “маргаан бүхий актыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан гэх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, захиалагч “Э” ХХК нь анхнаасаа тендер зарлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасныг зөрчиж “ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтыг зохион байгуулсан байх тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул ”Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.11, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.ЦЭЦЭГМАА