Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 512

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Бичил глобус групп ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 30-344 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, Боржигон овгийн Батсайханы Өлзий-Оршиход холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 5353530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бичил глобус групп ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Өлзий-Орших нь тус байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 17-нд ВУ-235 тоот Зээлийн гэрээ байгуулан 3500000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатайгаар зээлсэн байдаг. Тухайн зээлийн барьцаанд 83-17 ӨВР улсын дугаартай автомашиныг тавин зээлийн гэрээ байгуулсан. Б.Өлзий-Оршихын зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 24-нд дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш ямар ч төлөлт хийгээгүй. Компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан, утсаар ярих болон ирж уулзахыг удаа дараа шаардсан. Ар гэрээр нь болон эхнэрийн ажлаар нь удаа дараа маш олон удаа очсон бөгөөд очих болгонд хэл амаар доромжилдог. Зээлийн гэрээний 2.24 зааснаар зээлдэгч гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй учир гэрээний дагуу олон хоног хөөцөлдсөний эцэст 83-17 ӨВР Nissan teana маркийн машиныг хураан авсан боловч анх хурааж авахад машин эвдэрээд зогсоолд сар болсон байсан. Манай компаний зүгээс тухайн машиныг засварт үзүүлэхэд машины компьютер эвдэрсэн гэсэн онош гараад хотоос компьютер 170000 төгрөгөөр захиалж ирүүлсэн боловч Өвөрхангай аймагт засагдахгүй гэсэн. Ингээд машиныг хот руу 120 000 төгрөгөөр ачуулсан. Nissan төв дээр л засвар авна гэсэн болохоор Nissan төв рүү мөн ирж очихын зардал 80000 төгрөгөөр ачуулан оношлуулахад оношилгооны хөлс 30000 төгрөг гарсан. Monnis-н оношилгоогоор тухайн машины компьютерийг захиалж авчирч ирэхээс өөр аргагүй гэсэн. Захиалга нь 21 хоног болж ирэх бөгөөд захиалгын үнэ 1200000 төгрөг болно. Манай байгууллага барьцаа хөрөнгөө засварт оруулж зарж хохирлоо барагдуулах бодолтой байсан боловч машин засагдахгүй болсон. Мөн зассан ч их хэмжээний засварын хөлс гарахаар байна. Одоогийн байдлаар манай дээр үндсэн зээлийн үлдэгдлээс гадна нийт 402000 төгрөгийн зардал гараад байна. Иймд машиныг худалдан борлуулж төлбөрөө бүрэн гарган авах боломжгүй болоод байна. Иймд Б.Өлзий-Оршихоос үндсэн зээлийн үлдэгдэл 3569020 төгрөг, алданги 1784510 төгрөг нийт 5353530 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Өлзий-Орших нь 2015 онд тус байгууллагатай зээлийн гэрээ байгуулан 3500000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатайгаар зээлсэн байдаг. Гэвч зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацаандаа хийдэггүй хугацаа хожимдуулж хийдэг байсан. 2015 оны 12 сараас хойш төлбөрөө хийгээгүй. Албан ажил болон гэрээр нь олон удаа очиж зээлээ төлөхийг шаарддаг боловч эхнэр нь хэл амаар доромжилдог байсан. Зээлээ хугацаандаа төлөөгүйгээс зээлийн хугацаа хэтэрсэн тул 600000 төгрөгийг зээлийн хүү, алданги оруулж тооцсон. 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Өлзий-Оршихтой зээлийн гэрээг 30 хоногийн хугацаатай шинэчилж байгуулж зээлээ хугацаандаа төлөөгүй учир барьцаанд тавьсан автомашиныг нь хураан авсан боловч уг автомашинийг засахад өндөр зардал гарахаар байна. Иймд хураамж авсан автомашиныг буцаан өгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 500000 төгрөг /алданги/-ийг хасаж нийт 4853530 төгрөгийг Б.Өлзий-Оршихоос гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бичил глобус групп ХХК нь хариуцагч Б.Өлзий-Оршиход холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 5353530 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 500000 төгрөг /алданги/-ийг хасч 4853530 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Б.Өлзий-Орших нь Бичил глобус групп ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ВУ-235 тоот зээлийн гэрээ байгуулан, 3500000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан байх ба зээлийн барьцаанд 83-17 ӨВР улсын дугаартай Nissan teana маркийн автомашин барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнтайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Бичил глобус групп ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох 4853530төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.Өлзий-Оршиход 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу нэхэмжлэлийн талаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Өлзий-Оршиход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг болох 4853530 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч 4853530 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Өлзий-Оршихоос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл3569020 төгрөг, алданги 1284510 төгрөг, нийт 4853530 төгрөгийг гаргуулж Бичил глобус групп ХХК-д олгож нэхэмжлэлийн шааардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагч Б.Өлзий-Орших хэргийн материалтай танилцах эрхтэй боловч хариуцагчид хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж эрхээр хангасан боловч хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс үзэхэд хариуцагч хуульд заасан эрхээ эдлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаархариуцагч Б.Өлзий-Оршихоос зээлийн гэрээний үүрэг болох 4853530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бичил глобус групп ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 92606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100606 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА