Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 399

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч М.Г   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-т холбогдох эрүүгийн 1908011830000 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Рояал Тэх” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонтын 0000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Ч  овагт М-ын Г  /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Г   нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонтын 00 дүгээр гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Д.Б-ийн зүүн төмсгөн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /хх6-7/, гэрч В.Б-ийн мэдүүлэг /хх15-16/, гэрч Э.Н-ын н мэдүүлэг /хх17-18/, шинжээч эмчийн дүгнэлт /хх10/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх21/, нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх31/, шүүгдэгчийн хувийн байдал тодруулсан баримтууд /хх32-35/, гэрч М.Г “...М.Г   нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Баяр ёслолын үеэр бол уудаг. Зан араншингийн хувьд ажил төрөл сайн хийдэг, хүнтэй эвтэй харьцдаг хүнтэй хэл амаа олохдоо амархан даруухан хүн байгаа. Өмнө нь ингэж хэрэг төвөгт орооцолдож байгаагүй ээ. Хүн чанар сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх53/, “Р ” ХХК-ийн “...М  овогтой Г  нь манай компанид жолооч ажилтай нь үнэн болно...” гэх тодорхойлолт, хохирогч, яллагдагч хоёрын гомдол саналгүй талаарх гараар бичсэн “Эвлэрлийн гэрээ” /хх61/, М.Г , Д.Б нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” талаарх гаргасан хүсэлт /хх62-63/, хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх64/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтыг шинжлэн судалсан болно. 

Нэг. Шүүгдэгч М.Г ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Б-ийн “... Би 2019 оны 02 дугаар  сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Г ийнд очсон. Тэгээд намайг очиход 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад караокед оръё гээд гарч яваад хоорондоо юм яриад явж байтал Б  наадах чинь яасан үглээ юм бэ, наадахаа цохичхооч гэсэн чинь Г  миний төмсөг рүү нэг удаа өвдгөлчихсөн,...тэгээд Б , Г  нарын хамт эмнэлэгрүү явсан, ... одоо гомдол санал байхгүй,... би Г тэй 2009 оноос хойш найзалсан... ” гэх мэдүүлэг /хх6-7/

2. Гэрч В.Б-ийн “... 2019 оны 02 дугаар  сарын 13-ны өдөр найз Б  хамт Г  гэх найзынх руу нь очсон. Г ийнд очоод 1 шил 0.5 литрийн архи хувааж уугаад жоохон унтаж байгаад боссон чинь Б  караоке оръё гэсэн. Тэгээд гэрээс нь гараад явж байтал Б  үглээд байхаар нь би тоглоомоор наадах чинь яасан их үглэдэг юм бэ, наадахаа нэг цохичхооч гэж хэлсэн чинь Г  Б  төмсөг рүү нэг удаа өвдгөлчихсөн юм ...” гэх мэдүүлэг /хх15-16/

3. Гэрч Э.Н-ын н “... Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байхад манай хамтран амьдрагч Д.Б би хүнд төмсгөө өшиглүүлчихлээ гэхээр нь би ажлаа тараад 1 дүгээр эмнэлэг дээр очсон. Г  гэх залуу өвдгөлчихлөө гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх17-18/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар  сарын 16-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт: Д.Б-ийн биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх10/,

Шүүгдэгч М.Г   нь шүүхийн хэлэлцүүлэгт “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн, хохиролд 300.000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.Г ийн гэрт Д.Б , В.Б  нар нь хамтдаа согтууруулах ундааны зүйл уусан, улмаар караоке орохоор гарч явахдаа Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонтын 00 дүгээр гудамжинд В.Б  нь М.Г-т хандан “...наадах чинь яасан үглээ юм бэ, наадахаа цохичхооч...” гэхээр нь Д.Б-ийн зүүн төмсгөн тус газар нь нэг удаа өвдөглөсөн, улмаар хамтдаа эмнэлэг орж үзүүлсэн болох нь хохирогч, гэрч нар, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.Г ийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №0000 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгч М.Г   нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршигийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б хохирол төлөгдсөн, шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч М.Г   хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Г   нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.

Шүүгдэгч М.Г   нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид гэмтэл учруулсан даруй эмнэлэгт хүргэж өгсөн, хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Г , хохирогч Д.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн хуульд нийцсэн байна.

Иймд дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч М.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг багасгаж, 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч  овагт М-ын Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г   нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР