Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум “ОТК” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “ДЭБЭТЭ” ХХК-д холбогдох,

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 123 297 062 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “ОТК” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ДэБэТэ” ХХК нь манай компанитай 2015 оны 10 дугаар сарын 15-нд бетон зуурмаг нийлүүлэх буюу өөрөөр хэлбэл бэлтгэн нийлүүлэх аргаар 154 867 000 төгрөгийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч тал гэрээний дагуу 15 000 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн тул манайх бетоноо нийлүүлж эхэлсэн ба нийтдээ 142 187 500 төгрөгийн, гэрээнд заасан маркийн бетоныг нийлүүлсэн ба тэдний ажил үндсэндээ зогсож бетон авахаа больсон. Нийт төлбөрөөс дээр дурьдсан урьдчилгаа төлбөрөөс гадна 15 000 000 төгрөг, нийдтээ 30 000 000 төгрөгийг худалдан авагч тал манайд төлсөн. Нийт худалдан авсан бетоны үнээс 112 187 500 төгрөгийг төлөөгүй байгааг талууд 2016 оны 06 дугаар сарын 30-нд тооцоо нийлэн баталгаажуулсан. Иймд “Дэбэтэ” ХХК-аас үлдэгдэл төлбөр 112 187 500 төгрөгийг гэрээний тусгай нөхцөлийн 6-д заасан алданги 11 109 562.20 төгрөгийн хамт бүгд 123 297 062.50 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэлх хугацааны алдангийг нэмж тооцон нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эсэхийг нөхцөл байдлыг харж байж жич шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч “ДэБэТэ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани “ОТК” ХХК-ийн 2016.08.31-нйи өдрийн 149 тоотын нэхэмжлэлд дурьдсан 112 187 500 төгрөгийн бетон зуурмагийн үнийн төлбөртэй байгаа ба улс оронд бий болсон эдийн засгийн хямралын улмаас компанийн санхүүгийн үйл ажиллагаа доголдож өнөөдрийн байдлаар зогсонги байдалтай байна. Дээр дурьдсан бүтээгдэхүүний үндсэн төлбөр болох 112 187 500 төгрөгийг барилгын ажлын хөрөнгө оруулалт эхэлж төлбөрийн чадвартай болмогц үл маргалдах журмаар төлж барагдуулна. “ДэБэТэ” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын 49% зарагдсанаас үүдэн манай компаний хөрөнгө оруулалт түр хугацаагаар зогссон болон компанийн санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа тул алдангид ногдуулсан 11 109 562.50 төгрөгийг төлөх боломжгүй болно гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ОТК” ХХК нь хариуцагч “ДэБэТэ” ХХК-д холбогдуулан “123 297 062 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан байх ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлээс 112 187 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, алданги 11 109 562 төгрөгийг төлөхгүй гэжээ.

“ДэБэТэ” ХХК нь “ОТК” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан “ОТК” ХХК нь нийт 142 187 500 төгрөгийн гэрээнд заасан маркийн бетоныг нийлүүлсэн, “ДэБэТэ” ХХК нь 30,0 сая төгрөгийг “ОТК” ХХК-д төлсөн, алдангийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч алдангийг төлөхгүй гэж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.  

“ДэБэТэ” ХХК нь үндсэн төлбөр 112 187 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч, алданги 11 109 562.50 төгрөгийг, компанийн санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа гэсэн үндэслэлээр татгалзаж буй нь үндэслэлгүй, алдангийг “бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 6-д зааснаар төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ДэБэТэ” ХХК-аас үндсэн төлбөр 112 187 500 төгрөг, алданги 11 109 562.50 төгрөг, нийт 123 297 062.50 төгрөгийг гаргуулан “ОТК” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 829 984 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 829 984 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА